Эрүүл элэгний төлөө “онцгой байдал” зарлаж байна

Монголчууд хэдэн үеэрээ өвчилж буй элэгний өвчлөл, вирусын тархалтыг үндсээр нь устгахын тулд “онцгой байдал” зарлалаа. Эрүүл элэгтэй хүний тоогоороо дэлхийн улсууд дунд “баян ходоод”-д орж яваа бидний хувьд элэгний өвчлөл туйлдаа хүрч үндэсний хэмжээний хөтөлбөр хэрэгжүүлэхэд хүргээд байна. 
 
2014 оны Эрүүл мэндийн статистик мэдээллээр манай улсын хүн амын нас баралтын шалтгааныг эрэмбэлэхэд  хавдрын өвчлөлтэй хүн амын тоо хоёрдугаарт орж, элэгний хорт хавдрынх тэргүүлж байна. Эрэгтэйчүүдийн дундах элэгний хорт хавдрын өвчлөл дэлхийн дунджаас зургаа дахин, эмэгтэйчүүдийнх 13 дахин их байгааг салбарын сайд онцолж буй. 
 
Үндэсний хэмжээнд “Хорт хавдартай тэмцэх” аяныг тав дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд элэг шилжүүлэн суулгах мэс ажилбарыг эхлүүлсэн зэрэг нэлээд ажлыг салбарын яамны зүгээс хийж байгаа аж. Эдгээрийн нэг болох “Эрүүл элэг” үндэсний хөтөлбөрийн нээлт өчигдөр болсон юм. Энэ үеэр сайдын тушаалаар арав гаруй журам, заавар хэрэгжиж буйг Г.Шийлэгдамба ярилаа.  
 
Эл хөтөлбөр нь Ази, Номхон далайн бүс нутагт гарж буй анхны хөтөлбөр аж. ДЭМБ-ийн суурин төлөөлөгч, доктор Зой Нюнт-Ю “Монголд вирус хепатитээр өвчлөгчдийн тоо өндөр байгаа ч Монголын болон олон улсын байгууллагынхан хамтран ажилласнаар, элэгний вирусын халдварыг устгах бололцоотой. ДЭМБ-ийн зүгээс цаашид ч дэмжиж ажиллана” гэлээ. 
 
Ер нь дэлхий нийт түгээмэл тархаж буй бусад халдварт өвчинд оруулж буй хөрөнгөтэй харьцуулахад элэгний өвчлөлд тун бага хөрөнгө оруулдгийг Дэлхийн элэгний эмч нарын нийгэмлэгийн ерөнхийлөгч Чарилз Горе онцолж байна. Ихэнх улс вирус хепатитын эсрэг дорвитой ажил хийе гэдэг ч хангалттай хэрэгжүүлдэггүй аж. Монгол Улсын хувьд энэ ажлыг хэрэгжүүлж чадна гэдэгт тэрбээр итгэлтэй байна. Чарилз Горе “Дэлхий дахинд жилд 1.5 сая хүн вирус хепатитаар нас барж буй. Монголд уг элэгний вирус хепатитын тархалт өндөр байгаа нь нийгмийн том асуудал болсон. Тиймээс үүнтэй тууштай тэмцэж, бусад улсад үлгэр жишээ болно гэдэгт итгэлтэй байна” гэсэн. 
 
Улсын хэмжээнд 100 мянган хүн тутмын багадаа 87 нь элэгний анхдагч өмөн буюу хорт хавдраар өвчилж байна. Элэгний өвчлөл нь хүн амын дунд хепатитийн В болон С вирусын тархах халдвар их байгаатай шууд холбоотой аж. Олон улсын түвшинд хийгдсэн судалгаагаар элэгний хавдрын 60 хувь нь В вирус, 25 хувь нь С, гурван хувь нь хавсарсан халдвараас үүдэлтэй. Харин 12 хувь нь архи, химийн хордлого гэх шалгаанаас үүсдэг байна. Гэтэл С вирусээс урьдчилан сэргийлэх тарилга хараахан гараагүй байгаа бөгөөд дэлхийн эрдэмтэд хэд хэдэн эмийг гаргажээ. 
 
Манай улс энэ онд Соалди болон Харвони гэх эмийг эмийн бүртгэлдээ бүргээд байна. Тухайлбал, өнгөрсөн сард бүртгээд буй Харвони эмийг бид хөнгөлөлттэй үнээр худалдан авахаар болсон. Уг эмийн дэлхийн зах зээл дээрх үнэ нь 94 мянган ам.доллар бол бид нэг сарын эмчилгээнд хэрэглэх эмийг 400 ам.доллар, гурван сар буюу нэг курс эмчилгээний эмийг 1200 ам.доллараар худалдан авна. Тэгэхээр нэг хүнд курс эмчилгээнд хэрэглэх эмийн зардал нийт 2.2 сая төгрөг болж байгаа юм. III төв эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Наранцэцэгийн хэлж буйгаар уг эмийн эмчилгээний үр дүн 96-98 хувь, сөрөг нөлөө бага гэнэ. 
 
Энэ мэт шинэ эмүүд оруулж ирж буйг Төрийн зүгээс дэмжиж байгаа ч цаашид тодорхой нэг эмийн тухайд аль болох урт хугацаанд гэрээ хийхгүй байхыг ДЭМБ-ийн суурин төлөөлөгч Зой Нюнт-Ю анхаарууллаа. Учир нь зах зээл дээр энэ төрлийн эмүүд нь маш түргэн шинэчлэгдэж, сайжирч байдгийг учирлав. 
 
Дэлхий дахинд С вирусын халдвартай 185 сая гаруй хүн байна. Түүнчлэн элэгний хатуурал, өмөнгөөр жилд 350 мянган хүн нас барьж буй гэх статистик бий. Харин манай улсын нийт хүн амын дунд В, С вирусын тархалт 10.7-15.6 хувьтай байгаа аж. 1991 оноос хепатитийн вирусын эсрэг вакцин нэвтрүүлснээр өвчлөлийн түвшин тодорхой хэмжээгээр буурчээ. Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба “Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун эргийн бүсийн зорилт болох 2012 он гэхэд тав хүртэлх насны хүүхдүүдийн дундах хепатитийн В вирусын халдварыг хоёр хувиас бага болгох зорилтыг манай улс бүрэн хангасан” гэлээ. Мөн тэрбээр “Хэдий ийм дэвшилтэд талууд байгаа ч уг халдварын тархалтыг бүрэн төгс устгах, элэгний нас баралтыг багасгахад дан ганц эмчилгээ оношлогооны асуудлаар бус урьдчилан сэргийлэлт, эрүүл мэндийн байгууллагуудын халдвар хамгаалалтын дэглэмийг сайжруулах, иргэд өөрийн эрүүл мэндийн төлөө анхаарах зэрэг асуудлыг цогцоор шийдэх нь чухал”  хэмээсэн. 
 
 
 
Г.Орхон