Хөрөнгийн захынхан ТОП-100 аж ахуйн нэгжийг “онилж” байна

Монголын санхүүгийн зах зээлийн ердөө нэг хувийг эзэлдэг хөрөнгийн захынхан ТОП-100 аж ахуйн нэгжийн хувьцааг дотоодын биржээр арилжаалах талаас анхаарч ажиллаж байна. Үүний нэг илрэл нь өнөөдөр зохион байгуулсан “IPO болон давхар бүртгэл” сэдэвт чуулга уулзалт юм. Монголын урдаа барьдаг томоохон компаниудын хувьд хөрөнгийн зах зээл дээр гарах сонирхол байгаа ч тэдэнд мэдээлэл дутмаг, бэлтгэл ажил хэрэгтэй байгааг тэд хэлж байлаа. 
 
Санхүүгийн зохицуулах хороо, “ЖАЙКА” болон Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран зохион байгуулж буй тус чуулганд Монголын ТОП-100 компани, үнэт цаасны компаниуд, Засгийн газар болон холбогдох байгууллагын төлөөллүүд оролцлоо. 
 
Монголын өнөөдрийн санхүүгийн тогтолцоог ганц тулгуурт буюу банк давамгайлсан хэмээн тодорхойлж буй. Санхүүгийн зах зээлийн 96 хувийг банк бүрдүүлж байгаа. Үндэсний томоохон компаниуд хөрөнгийн зах зээлээр өөрсдийн хувьцааг арилжаалах нь дан ганц хөрөнгө оруулалт татах эх үүсвэр болохоос гадна зах зээл олон тулгууртай болж тэнцвэржих сайн талтай. Гэвч ТОП-100 аж ахуйн нэгжийн дотроос хөрөнгийн биржид бүртгэлтэй нь хуруу дарам цөөн. 
 
Энэ нөхцөл байдлыг өөрчлөхийн тулд Санхүүгийн зохицуулах хороо, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хамтран “Монголын хөрөнгийн зах зээлийн чадавхийг бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлж эхлээд долоон сар болж байна. Төсөл гурван жил үргэлжилж энэ хугацаанд Монголын томоохон аж ахуйн нэгжүүд хөрөнгийн зах дээр “IPO” гаргаж, Токио, Лондон, Хонконгийн биржүүдэд давхар бүртгэгдэх эхлэл тавигдах аж. Компаниуд дээрх гаднын хөрөнгийн биржүүдэд давхар бүртгүүлснээр гадаадын хөрөнгө оруулалт татах боломж нэмэгдэх юм байна.
 
 
Чуулга уулзалтад оролцсон компаниуд болон холбогдох байгууллагын төлөөллүүдийн үзэл бодлыг хүргэж байна. 
 
Д.Ангар /Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч/:
 
-Санхүүгийн зохицуулах хороо Япон улсын Токиогийн санхүүгийн байгууллага хамтраад Монголын хягзаарлагдмал хариуцлагатай копманиудыг Хөрөнгийн биржид бүртгэж, нээлттэй болгох. Мөн Токио, Хонгконг, Лондон зэрэг томоохон хөрөнгийн биржид давхар бүртгүүлэх ажлыг эхлүүлээд явж байна. Төсөл хэрэгжих хугацаанд эхний ээлжинд томоохон компаниуд “IPO” гаргаж, дээр дурьдсан гаднын биржүүдэд давхар бүртгүүлнэ. Шинээр батлагдсан үнэт цаасны зах зээлийн тухай хуулиар давхар бүртгэлийн асуудал монголын компаниудад нээлттэй болсон. Хууль хэрэгжээд жил гаруй болж байна. Гэтэл томоохон биржүүдийн бүртгэлийн шаардлага өндөр, зардал их гардаг нь бэрхшээл болдог. Гэхдээ манай ТОП аж ахуйн нэгжүүдийн хувьд боломжтой.
 
Ц.Энхбат /Мобиком корпорацийн Бодлого зохицуулалт хариуцсан захирал/:
 
-Монголын компаниуд давхар бүртгэл хийлгэх бүрэн бололцоотой. Гаднын жишиг ч ийм байдаг.  Гэхдээ үүний тулд компаниудад юуны өмнө тодорхой хэмжээний бэлтгэл хэрэгтэй. Энэ нь өөрөө тийм амар үйл явц биш. Хөрөнгийн зах зээл дээр гарахын тулд компани өөрийнхөө засаглалыг 3-5 жил бэлтгэх ажлыг дотооддоо хийдэг. Тийм хэмжээнд ажиллаад ирсэн, бэлтгэгдсэн компани байгаа гэж бодож байна. “Мобиком” корпорацийн хувьд , компанийн засаглал маш өндөр түвшинд явдаг. 2014 онд Монголын тэргүүлэх ААН-ийн дөрөвдүгээрт жагссан. Хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргаагүй. Судалгааны түвшинд явж байна. Тийм ч учраас энэ семинарт оролцож байна. 
 
Б.Лхагвадорж /БиДиСек ХК-ийн Тэргүүн дэд захирал/:
 
-Давхар бүртгэлийн асуудал гэдэг нь хоёр биржийн шалгуурыг хангаж, зэрэг арилжаалагдана гэсэн үг. Энд тулгарч байгаа асуудал нь хоёр биржийн шалгуурын зөрүүтэй байдал. Жишээлбэл Манай томоохон хувьцаат компаниуд Токиогийн хөрөнгийн биржийн анхны самбарууд дээр бичигдэх зэрэг ангиллын асуудал байна. Мөн зардал мөнгөний асуудал. Гадаадын хөрөнгийн зах зээлд гарахын тулд томоохон, олон улсын андеррайтеруудтай хамтарч ажиллах, тэдэнд төлбөр төлөх шаардлагатай болдог. Харин одоо Жайкагийн төсөл хэрэгжсэнээр эдгээр асуудлуудыг шийдвэрлээд анхны компаниудыг давхар бүртгүүлэх бололцоо бүрдэж байна. 
 
З.Нарантуяа /Санхүүгийн зохицуулах хорооны дарга/:
 
-Лондонгийн хөрөнгийн бирж групптэй Төрийн өмчийн хороо гэрээ байгуулж гурав дахь жилдээ ажиллаж байна. Үүний зорилго нь Монголын компаниудыг Лондонгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй болгох. Энэ замаар гаднын хөрөнгө оруулалтыг татах. Харамсалтай нь системийг нутагшуулах, бусад дэд бүтэцтэй холбох ажил нэлээд удаашралтай явж ирсэн. Харин саяхан хэлэлцээ хийж энэ ажлыг идэвхжүүлэх шатанд орууллаа. Тэгэхээр удахгүй Монголын хөрөнгийн бирж гадаадын хөрөнгө оруулагчдад нээлттэй, олон улсын түвшинд хүрч ажиллана гэж найдаж байгаа. Нэг чухал асуудал нь банкуудын хадгаламжийн хүү өндөр байгаагаас иргэд хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулахаас илүү банкинд хадгалуулах сонирхолтой байна.
 
Ц.Бат-Оргил / ДЦС-3 төрийн өмчит компанийн эдийн засагч/:
 
-Манай компани бол эрчим хүчний салбарт ажилладаг төрийн өмчит компани. Төрийн өмчит компаниуд хөрөнгийн зах зээл дээр хувьцаагаа гаргах тухай анхны хэлэлцүүлгүүд саналын түвшинд яригдаж байгаа. Энэ хүрээнд гарч ирэх боломж бололцоо, гаднын туршлагыг судлаж байна. Төрийн өмчит компаниудын бодлогын шинж чанартайгаар нийт хөрөнгийн 30 хувийг хөрөнгийн зах зээл дээр арилжаалж түүгээр хөрөнгө оруулалт хийн тоног төхөөрөмж, зах зээлийн хүчин чадлаа нэмэгдүүлэх бодлого барьж байгаа. Манай III цахилгаан станцын хувьд тоног төхөөрөмж нэлээд хуучирсан. “IPO” гаргах тухайд нэг тулгардаг бэрхшээл нь манай салбарын нэгж бүтээгдэхүүний үнийг төрөөс бодлогоор зохицуулж байдаг. Үүнийг чөлөөлөх бодлого хэрэгжүүлж, хөрөнгө оруулалтын бодлогоо сайжруулбал боломжтой гэж үзэж байгаа. 
 
С.Баянмөнх /Монос группын Хөрөнгө оруулалт хариуцсан захирал/:
 
-“Монос” группын зүгээс “IPO” гаргах сонирхол бий. Ялангуяа дотоодын зах зээл дээр сонирхол татах, идэвхтэй хувьцаа гаргах судалгаа хийж байна. “Монос” групп 10 гаруй салбарт үйл ажиллагаа явуулдаг. Зарим салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудаа IPO хийх боломж байгааг харж байна. Цаашилбал олон улсын хөрөнгийн бирж дээр давхар бүртгэл хийлгэх боломжийг судалж байна. Давхар бүртгэлийн хувьд бид өөрсдөө эхлээд сайн мэдээлэл, мэдлэгтэй байж, гэрийн даалгавраа сайн хийж, бэлтгэх хэрэгтэй. 
 
 
 
 
Ц.Элбэгсайхан