Нийслэлийн хөгжилд Азийн хөгжлийн банк

L2301-МОН: Хот байгуулалтын салбарын чадавхийг бэхжүүлэх төсөл-Монголын хотын хөгжлийн салбарт дэд бүтэц, үйлчилгээний чанарын сул байдал зэрэг сорилт тулгарч байна. Энэ асуудал нь, ялангуяа гэр хорооллын дүргүүдэд илүү хүндрэл болдог. Менежмент, хот суурин газрын үйлчилгээний үйл ажиллагаанд олон нийтийн оролцоо дутмаг, зардал нөхөлт болон төрийн үйлчилгээнд хангалттай санхүүгийн удирдлага байхгүй, Нийтийн аж ахуйн үйлчилгээний байгууллагуудад санхүүгийн болон зохион байгуулалтын бие даасан байдал дутмаг, хотын дэд бүтэц болон байгууламжийн үйл ажиллагааг НААБ-аар явуулах орон нутгийн засаг захиргааны хүчин чадал дутагдалтай, мөн Улаанбаатар хотын зам, засварын ажил муу зэрэг олон асуудалтай Монгол Улсын хот байгуулалтын салбар нүүр тулсаар ирсэн.  
 
Эдгээр асуудлыг шийдэхийн тулд Хот байгуулалтын салбарын чадавхын төслийг Азийн хөгжлийн банк боловсруулсан. Барилга, хот байгуулалтын яамны хэрэгжүүлж буй уг төсөл хот, суурин газрын хүн амын амьдралын чанарыг, мөн зам тээврийн байгууламж зэрэг хот, суурин газрын суурь үйлчилгээг сайжруулах замаар дээшлүүлэх зорилготой юм. Төслийн нийт зардал 46.3 сая ам.доллар бөгөөд АХБ 35.23 сая ам.доллар, Монголын Засгийн газар есөн сая ам.доллар, Германы Техник Үйлчилгээ (DED) болон Германы Техникийн Хамтын Ажиллагааны Агентлаг (GIZ) хамтран 1.2 сая болон 0.2 сая ам.долларын санхүүжилтыг тус тус хийж байгаа аж. Орон нутгийн хотуудын цэвэр ус, эрүүл ахуйн үйлчилгээний талаарх заалт энэхүү төслийн хүрээнд голчлон тусгагдсан ч Улаанбаатар хотод Баруунсалаа, Хайлааст болон Орбит-Тахилтын 12.5 км замыг байгуулж оршин суугчид ажил болон үйлчилгээний газруудад төвөггүй зорчих нөхцөл бүрджээ. Энэхүү төсөл 2008 оны хоёрдугаар сарын 26-наас эхлэн хэрэгжсэн бөгөөд энэ оны долдугаар сард дуусах аж.
 
Эрүүл мэндийн салбарын хөгжлийн дөрөв дэх төсөл болон түүний санхүүжилтийн хүрээн дэх төслүүд-Улаанбаатар хотын хамгийн ядуу Сонгинохайрхан дүүрэгт нэгдсэн эмнэлэг байгуулахад дэмжиж ажиллах зорилготой. Уг ажлын хүрээнд шинэ эмнэлгийг барихаас гадна эмнэлгийг бүрэн тоног төхөөрөмжөөр хангаж, инновацилаг менежментийн систем нэвтрүүлэх аж. Бүтээн байгуулалтын ажлыг 2016 онд эхлэхээр төлөвлөж байгаа бөгөөд 2018 оны эцэс гэхэд дуусах юм. Засгийн газар энэхүү шинэ эмнэлгийг жишиг болгон ашиглаж, Улаанбаатарын есөн дүүрэгт барихаар зорьж байгаа аж. Тус 250 ортой эмнэлэгт мэс заслын болон жирэмсний үеийн үйлчилгээ, хүчин чадал бүхий лаборатори, нэгдсэн менежментийн хэлтэс, өндөр түвшний асаргаа сувилгаа, зохистой эмнэлгийн хог хаягдлын менежмент, халдвараас урьдчилан сэргийлэх хяналтын арга, өвчтөн болон эмнэлгийн удирдлагад зориулсан орчин үеийн мэдээллийн технологи зэргийг нэвтрүүлэх юм. Тус төслийн нийт зардал 41.5 сая ам.доллар бөгөөд Засгийн газар 5.5 сая ам.доллар, АХБ 36 сая ам.долларын санхүүжилт хийж байгаа аж.  
 
Хотын тээвэр хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр-Хотын тээвэр хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр нь үр ашигтай, аюулгүй, хямд хотын нийтийн тээврийн үйлчилгээг бий болгож Улаанбаатар хотын эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих зорилготой. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нийт 274.4 сая ам.долларыг зарцуулах бөгөөд энэ жилээс эхлэн тооцвол 6-9 жилийн хугацаанд хэрэгжихээр байна. Тус хөтөлбөрөөр Улаанбаатарын гол зурвасуудад автобусны түргэн дамжих цэгүүдийг (BRT) бий болгох, хотын зам, гүүр, уулзварт зориулсан дэд бүтэц бий болгох, утаа бага ялгаруулдаг автобус худалдан авах, ухаалаг тээврийн систем суурилуулах (ITS), автобусны тасалбарын менежментийн систем (BMS) болон автобусны мэдээллийн систем (BIS) бий болгоход туслах аж. Уг хөтөлбөрийг батлах талаар 2015 оны УИХ-ын хаврын чуулганаар хянаж үзэх юм байна.
 
Улаанбаатар хотын үйлчилгээ, гэр хорооллын хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр-Тус хөтөлбөр Улаанбаатар хотын мастер төлөвлөгөөг гэр хорооллын хэрэгцээт цэг болон эдийн засгийн дэд төвүүдийг шинэчлэх, хот болон нийгэм, эдийн засгийн үйлчилгээний яаралтай хэрэгцээг хангах зэргээр дэмжиж ажиллана. Энэ хөтөлбөрөөр ажлын байр, эдийн засгийн боломж болон хотын үйлчилгээ зэрэг өсөлтөд хөдөлгөгч хүч болж чадахаар сайн хөгжсөн зургаан хотын дэд төвийн сүлжээг бий болгох аж. Хөтөлбөрийн хэрэгжилт есөн жил (2022 он хүртэл) үргэлжлэх бөгөөд гурван үе шат бүхий төслөөс бүрдэх аж.
 
Энэхүү хөтөлбөр дөрвөн үндсэн үр дүнг бий болгох аж, Үүнд, 1)хотын дэд төвүүдийн зам болон хотын үйлчилгээг өргөжүүлэх мөн дэд төвүүдийн холбох замыг сайжруулах, 2)зорилтот бүсүүдэд эдийн засгийн болон төрийн үйлчилгээг нэмэх, 3)үйлчилгээ үзүүлэгчийг илүү үр дүнтэй болгох, 4) институци болон чадавхыг бэхжүүлэх зэрэг багтаж байгаа юм. Хөтөлбөрийн нийт зардал 320 сая ам.доллар аж. АХБ 163.70 сая ам.доллар, Европын Хөрөнгө Оруулалтын Банк 50 сая орчим еврогийн санхүүжилтийг хийх аж. Нэгдүгээр төслийн зардал 104.52 сая хүртэлх ам.доллар болох бөгөөд АХБ 53.70 сая ам.долларын санхүүжилтийг хийнэ. Үүнд Улаанбаатар хотын захиргаа хөтөлбөрийн хэрэгжүүлэгч агентлагаар ажиллах аж.