Барилгын компаниуд хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татна

Хөрөнгийн захын лангуун дээрх бүтээгдэхүүний тоог нэмэгдүүлэхээр зорьж буй Монголын хөрөнгийн биржийнхэн ТОП-100 аж ахуйн нэгжийг хувьцаагаа арилжаалахыг хөхиүлэн дэмжиж, ухуулан сурталчилж байгаа бол үүний зэрэгцээ барилгын салбарынхныг татан оролцуулах зорилгоор холбогдох арга хэмжээг авч эхэлжээ.
 
Энэ сарын 24-ний өдөр Монголын хөрөнгийн бирж, Барилга хот байгуулалтын яам, Монголын барилгын үндэсний ассоциаци гэсэн гурван тал хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Холбогдох яамтай хамтын ажиллагаа эхлүүлснээр барилгын салбарын компаниуд хөрөнгийн зах зээлээс санхүүжилт босгох боломж бүрдэж буй аж. 
 
Санамж бичгийн хүрээнд доорх ажлыг гурван тал хамтарч хийнэ
 
1. IPO буюу олон нийтэд хувьцаагаа санал болгох замаар хөрөнгийн зах зээлээс урт хугацаат санхүүжилт татах – Банкны зээлийн хүү өндөр, барьцаа батлан даалт шаарддаг, богино хугацаат санхүүжилт олгодог энэ үед хөрөнгийн зах зээлийг ашиглах
 
2. Компанийн бонд гаргах – Хөрөнгийн зах зээлд өрийн бичиг гаргаж санхүүжилт татан төвлөрүүлэх, Даатгалын салбарыг компанийн бондод оруулж ирүүлснээр хөрөнгө оруулагчдыг эрсдэлийг хамгаалах бөгөөд даатгагдсан бондыг 7 сараас хөрөнгийн зах зээлд нэвтрүүлэх
 
3. Хөрөнгийн зах зээл дэх бусад санхүүгийн хэрэгслийг хэрэглэх замаар барилгын салбарын компаниудыг санхүүжүүлэх 
 
4. Барилгын салбарын компаниудад хөрөнгийн зах зээлийн талаарх сургалт, семинарыг зохион байгуулах, мэргэжлийн зөвлөгөө өгөх
 
Өнгөрсөн долоон хоногт Монголын хөрөнгийн бирж Монголын даатгагчдын холбоотой хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Даатгалын салбарыг компанийн бондод оруулж ирүүлснээр хөрөнгө оруулагчдыг эрсдэлийг хамгаалах бөгөөд даатгагдсан бондыг долоон сараас хөрөнгийн зах зээлд нэвтрүүлэхээр болсон. 
 
Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Ангар уг ажилд томилогдоод нэг жилийн хугацаа өнгөрч байгаа ч биржийн үйл ажиллагааг идэвхжүүлэх үүднээс олон төрлийн оролдлогууд хийж байна.