Их хотын шилэн худалдан авалт

 Г.Орхон 

Эрхэм зорилго:
Бид иргэдийн хэрэгцээнд тулгуурласан чанартай худалдан авалтыг хуулийн хүрээнд олон нийтийн оролцотойгоор баялаг бүтээгчдийг тэгш өрсөлдүүлэх зарчмаар ил тод орчинд үр ашигтай зохион байгуулна.
 
Нийслэлийн Засаг Даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар эрхэм зорилгоо ийн тодорхойлжээ. Тус газар нь төрийн болон орон нутгийн өмчийн  хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг зохион байгуулах үүрэгтэй. 
 
Нийслэл маш их хэмжээний бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний худалдан авалт хийдэг газар. Зам, барилгаас эхлээд их хэмжээний мөнгөн дүнтэй тендер зарлагддаг нь араасаа хэл амыг ч дагуулна. Авлигал, хээл хахууль, хүнд суртал, танил тал, найз нөхдийн харилцаа бараа бүтээгдэхүүн худалдан авах, тендертэй холбоотой явдаг. Үнэндээ бол хаалганы цаана болоод өнгөрөх шийдвэрт иргэд бид эргэлзээтэй ханддаг нь нууц биш. Тендер зарлалаа л гэнэ, тийм компани яллаа гэнэ. Тендер ил, тод шударга болсон эсэх нь мэдэгдэхгүй шүү дээ. Мэдээлэл байхгүй болохоор хүмүүс хардахаас аргагүй. Ямар төрлийн, хэр мөнгөний ажлыг ямар компани яагаад авахаар шалгарав, нөгөө өрсөлдөгчид нь яагаад унав гэдэг мэдээлэл хаалттай ирсэн, өнгөрсөн хугацаанд гэхэд хисдэхгүй болов уу. Харин нийслэл өнөөдрөөс энэхүү үйл ажиллагаагаа ил тод, нээлттэй хийхэд анхаарч, технологийн дэвшлийг ашиглан өөрийн вэб сайтдаа нээлттэй тавих болжээ. Тухайлбал, Нийслэлийн худалдан авалтыг цахим хэлбэрээр явуулж эхлээд байна. 
 
Олон улсад тендерийн сонгон шалгаруулалтыг цахим хэлбэрээр хийх нь хамгийн үр дүнтэй гэж үздэг. Тэр дундаа, төрийн байгууллагууд худалдан авалтаа цахим хэлбэрт оруулснаар төсвийн зардал хэмнэх давуу талтайгаас гадна илтгэлцлийг бий болгох ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, Засгийн газар татварын мөнгийг юунд, хэрхэн зарцуулж буйгаа олон нийтэд ил болгосноор иргэд төрд илүү итгэх аж. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар энэ онд бүх тендерээ цахим хэлбэрээр явуулах бөгөөд компаниуд тендерийн бичиг баримт, зураг төслийг ямар ч төлбөргүйгээр үзэх боломжтой. “Ил тод байх нь төрийн албан хаагч, тендерт оролцогчийн хариуцлагыг сайжруулах сайн талтай. Энэ нь хөрөнгө оруулалтын чанарт шууд нөлөөлдөг. Эрүүл, шударга өрсөлдөөн нь эдийн засгийг дэмжих, ашиг сонирхол үүсэх нөхцлийг багасгах гээд олон эерэг талыг бий болгож байна. Бид хуулийн хүрээнд тендерийн ажлыг үе шат бүрт нь нээлттэй байлгахаар стратеги зорилтдоо тусгасан” хэмээн Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Ю.Идэрцогт ярилаа. 
 
Шил шиг тунгалаг сонгон шалгаруулалт хий гэж л шилэн тендер, шилэн төсөв гэсэн үг гарч ирсэн шүү дээ. Компаниуд өмнө нь зарлаж буй тендерийн талаарх мэдээллийг өөрсдөө ямар нэг аргаар олж авдаг байжээ. Тиймээс л танил тал, том албан тушаалтай хүмүүсийн эрэл сурал болж, бас хэдэн юм атгуулчих санаатай төрийн байгууллагуудын байраар эргэлддэг байсан болов уу. Харин өнөөдөр нийслэлийнхэн худалдан авах ажиллагааныхаа төлөвлөгөө, мэдээллийг өдөр тутмын долоон сонин, 10 орчим вэб сайтаар зарлахаас гадна тендерийн сонгон шалгаруулалтад шалгарсан болон шалгараагүй компанийн учир шалтгааныг нээлттэй мэдээлдэг болсон байна. Хувийн хэвшлийнхэн ч тендерт бэлтгэхдээ нягт нямбай хандаж, алдаа гаргах нь буурч. 
 
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас ойрын хугацаанд зарласан тендерүүдийн шалгаруулалтын явц, саатаж буй шалтгааныг ил тод болгох гэнэ. Шилэн тунгалаг мэдээлэл, шалгаруулалт эхний том дэвшил, алхам. Тэгвэл аж ахуйн нэгжүүдийг мэдээллээр хангах талд дэвшил гарсан ч цаашид тэднийг мэдлэгжүүлэх шаардлагатай байгаа аж. Төрийн байгууллагынхан иргэдэд ямар мэдээллийг ямар стандарт хэлбэрээр, хэдий хугацаанд хүргэж байх, мөн хувийн хэвшил, иргэнд ямар эрх, боломж нээлттэй байгаа тухай ойлгуулах, тэднийг мэдлэгжүүлэх нь чухал байгааг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга онцоллоо.
 
Нийслэлд энэ оны нэгдүгээр улирлын байдлаар нийт 278 тэрбум төгрөгийн 671 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагаа Нийслэл, дүүргийн холбогдох агентлагуудаар хийгдэхээр байна. 
 
Нийслэлийн нийт худалдан авалтын 92 тэрбум төгрөгийн 88 төсөл арга хэмжээг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар зохион байгуулж байгаа. Хөрөнгө оруулалтын 37 хувийг цахилгаан, дулаан, инженерийн шугам сүлжээнд, 19 хувийг барилга, байгууламж, 15 хувийн авто зам, гүүр, замын байгууламжийн чиглэлд зарцуулахаар төлөвлөжээ. Харин нийслэл, дүүргүүдийн гудамж, орчны  тохижилтод нийт хөрөнгө оруулалтын есөн хувийг зарцуулах аж. Онлайн мэдээллийг хараад компаниуд өөрсдийн үйл ажиллагааны чиглэл, байршил зэргээ харгалзан худалдан авах ажиллагаанд оролцох боломж нээлттэй юм байна.
 
 
Энэ оны Нийслэлийн төсвийг хожуу баталсны балгаар Нийслэлийн худалдан авалтын буюу тендер шалгаруулалтын зарим ажил саатсан. Нөгөө талаар Үнэлгээний хороо байгуулах гэж жил бүр ихээхэн хугацаа алдаж байгааг мэргэжилтнүүд онцоллоо. Нийслэлийн төсвөөр 37 төсөл, арга хэмжээг зохион байгуулах эрхийг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар авчээ. Дээрх 37 ажил задаргаагаар 88 багц тендер болж зарласнаас 17 ажлын гүйцэтгэгч нь шалгарсан. 16 ажил дээр тендерийн материал хүлээн авч байгаа бол 34 багц дээр тендерийн үнэлгээ хийж байна. Үлдсэн 11 ажлын тендерийг удахгүй зарлах бол тендер зарлах боломжгүй 10 ажил буй аж. Эдгээрээс дөрвийнх нь Үнэлгээний хороог байгуулах талаарх Нийслэлийн Засаг даргын захирамж гарах ажил 70 гаруй хоног саатаж байгаа гэнэ. Тухайн ажил тус бүрийн тендер шалгаруулалтад Үнэлгээний хороо байгуулдаг бөгөөд тус хороо нь тендер шалгаруулалтын журмын дагуу аж ахуйн нэгжүүдэд тендерийн урилга бэлтгэн хүргэх, бичиг баримтыг нь хүлээн авч үнэлгээ хийн сонгох ажлыг хийдэг байна. 
 
 
 
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын хувьд тендер зарлахгүй уддаг гол шалтгааныг тендерийн өмнөх бэлтгэл ажлыг сайтар хангаагүйтэй холбон тайлбарласан. Тэрбээр “Үүнийг Нийслэлийн удирдлагууд болон Захиалагч байгууллагуудтай зөвшилцөж, ойлголцож чадсанаар цаашид харьцангуй удаашралгүй болно гэж итгэж байна. Гэхдээ төсөв батлагдаад дөрвөн сар гаруй хугацаа өнгөрсөн ч худалдан авах ажиллагааг хаана зохион байгуулах нь тодорхойгүй байсаар л байна. Тухайлбал, өнөөдрийн байдлаар авто замын нэг ч ажил зарлаагүй л байж байна” хэмээв. Дэлхий нийт төвлөрсөн мэргэжлийн худалдан авалт руу чиглэж байгаатай нийслэлийнхэн хөл нийлүүлэн ажиллахыг зорьж байгаа аж. Одоогоор Нийслэлд хэрэгжих нийт худалдан авалтын 30 хүрэхгүй хувийг худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллага хэрэгжүүлж байна. Нөгөөтэйгүүр мэргэжлийн байгууллагаас хэрэгжүүлж байгаа ил тод байдал, хариуцлагын арга механизмыг бусад байгууллага, дүүрэгт нэвтрүүлэх боломж бага, хүндрэл байсаар байгаа ажээ.
 
Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн байгууллагын гишүүн орнуудын хувьд Засгийн газрын худалдан авалт тухайн орны ДНБ-ий 12-13 хувийг эзэлдэг. Энэ нь дундаж дүн. Гэтэл энэ үзүүлэлт манайд 27 хувьтай буюу нэн өндөр байгааг ЕСБХБ-ны Олон улсын зөвлөх Жоханнес С.Шницзер хэлсэн юм. Гэхдээ уг тоог багасгах үүднээс Монгол Улс зөв чиглэлд хөдөлж, цахим системийг нэвтрүүлж буй нь сайшаалтай хэмээн олон улсын зөвлөхүүд дүгнэж байна. Манай улсын төрийн байгууллагууд шатахуун, бичгийн цаас, принтерийн хор, компьютер гэх дөрвөн бүтээгдэхүүнд хамгийн их хөрөнгө зарцуулж буй. 
 
Засгийн газрын зүгээс урсгал зардлаа танах, хэмнэх үүднээс төрийн байгууллагуудын худалдан авах ажиллагааг “Ерөнхий гэрээ”-гээр хийж, “Цахим дэлгүүр” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрынхан энэ хөтөлбөрт нэгджээ. Худалдан авах ажиллагааны “Ерөнхий гэрээ”-гээр тендер шалгаруулалтад олон компани оролцож, бараа, бүтээгдэхүүний үнийг бууруулах, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зэрэг давуу талтай гэж мэргэжилтнүүд дүгнэж байна. Энэ гэрээний хүрээнд Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар хэрхэн ажиллаж байгаа талаар тус газрын дарга Ю.Идэрцогт “Манай улс төрийн байгууллагуудын урсгал зардлын худалдан авах ажиллагааг төсвийн шууд захирагчид өөрсдийн шийдвэрээр тухай бүрт нь шууд худалдан авалт хийдэг хуулийн зохицуулалттай. Бид Засгийн газрын түвшинд яригдаж байгаа Ерөнхий гэрээний болон “Цахим дэлгүүр”-ийн төслийн дүрэм, журамд санал хүргүүлсэн. Жишээлбэл, Ерөнхий гэрээг өргөн утгаар авч үзэх ёстой. Нийслэлд жил бүр тогтмол хийдэг зам, талбайн урсгал засвар, үйлчилгээ, гэрэлтүүлэг, орчны тохижилт зэрэг ажилд “Ерөнхий гэрээ”-г хэрэгжүүлмээр байгаа юм” гэв. Түүний үзэж буйгаар хэрэв дээр дурьдсан ажлыг Ерөнхий гэрээгээр хийж гүйцэтгэвэл Улаанбаатар хотын тохижилт үйлчилгээ, авто замууд жилийн  дөрвөн улиралд хариуцах эзэнтэй, компани нь баталгаатай ажлын захиалгатай, тодорхой тооны иргэд ч ажил, орлоготой байх нөхцөл бүрдэж, эдийн засагт эерэг нөлөөтэй аж. 
 
Төрийн худалдан авалтыг ил тод, хариуцлагатай зохион байгуулахаар шат, шатанд мэрийж буй. Гэтэл төрийн байгууллагуудын нэрээр, хуурамч тендер зарлан иргэдийг залилах тохиолдол гарсан нь харамсалтай. Тухайлбал, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын нэрийг барьж, “эл газарт ажилладаг, тендер авч өгнө” хэмээн 30 орчим сая төгрөгөөр иргэдийг хохироосон хэрэг гарчээ. Цагдаагийн газраас гэм буруутныг олж тогтоон, холбогдох арга хэмжээ авч байгаа гэлээ. “Ийм нөхцөлд бид хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллаж хэргийн эзнийг тогтоож, сэрэмжлүүлэг мэдээллийг олон нийтэд хүргэхээр ажиллаж байна. Ер нь иргэд компаниудад хандаж хэлэхэд бид бүх мэдээллээ ил тод нээлттэй өгч байна. Хууль журмын дагуу, тухайн тендерт тавьсан нөхцөл шаардлагын дагуу бэлтгээд тендерт оролцоход хэний ч тендер шалгарах бүрэн боломжтой” хэмээн Нийслэлийн Худалдан авах ажиллагааны дарга учирлав. 
 
Их хотын худалдан авах ажиллагааг илүү шударга, нээлттэй, мэдлэгт суурилсан мэргэжлийн хүрээнд худалдан авалт хийхийг хотоос зорьж ажиллаж байгаа ажээ.