Солонгосын хөрөнгө оруулагчид ЗГҮЦ худалдан авах сонирхолтой байна

Солонгосын хөрөнгө оруулагчид ЗГҮЦ-нд хөрөнгө оруулах сонирхол их байгааг тус улсын үнэт цаасны “KDB Дэү Секьюритис” ХХК-ийн төлөөлөгчид өнөөдөр Монголын хөрөнгийн биржид зочлох үеэр тус компанийн Тэргүүн дэд захирал Ли Сам Гю хэлээд Монголын хөрөнгийн биржид илүү их хөрөнгө оруулагчдыг зуучлах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
 
Тус компани нь Солонгосын хөгжлийн банкны охин компани бөгөөд нийт 124 салбартай дэлхийн 10 орчим улсад үйл ажиллагаа явуулдаг юм. Зах зээлийн үнэлгээ нь 8.3 их наяд төгрөг. Монгол дахь салбар нь 2013 оны зургаадугаар сард байгуулагджээ. Энэ хугацаанд гадаадын зах зээл дээр таван сая ам.долларын Монгол улсын бондын арилжаа хийж, Монгол улсын “хадгаламж болон долларын бонд”-д суурилсан санхүүгийн бүтээгдэхүүнийг гадаадын зах зээл дээр арилжах үйл ажиллагааг Монголд нэвтрүүлж өнөөг хүртэл 45 сая ам.доллар орчим арилжаа хийжээ. Мөн ЗГҮЦ-ны арилжааг идэвхжүүлэх талаар хөрөнгийн бирж болон холбогдох байгууллагуудтай харилцан ажиллаж, Солонгосын хуулийн этгээдүүд болон хувь хүмүүсийг идэвхтэй зуучилж байгаа юм. 
 
2015 оны зургаадугаар сарын байдлаар Монголын хөрөнгийн биржид хийсэн арилжааны үнийн дүнгээр зургадугаарт жагсаж байна. 
 
Энэ өдөр Монголын хөрөнгийн биржийн 5007 дахь удаагийн үнэт цаасны арилжаа тохиож нээлтийг тус компанийн Тэргүүн дэд захирал Ли Сам Гю эхлүүлжээ.