Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг баталлаа

Төрөөс эдийн засгийн тэргүүлэх салбаруудын нэгээр тодорхойлоод долоон жил болж буй аялал жуулчлалын салбарын гол бодлогын баримт бичиг “Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж баталлаа. Тус хөтөлбөрийг  улсын хэмжээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар ханган, хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад даалгасан юм. 
 
Тус хөтөлбөрт аялал жуулчлалыг өөрийн орны өвөрмөц онцлог болон улсын жишиг, чиг хандлагад нийцүүлэн хөгжүүлэх, эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгох, олон улсад өрсөлдөх чадварыг дээшлүүлэх талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхой болгож өгсөн юм байна. Мөн энэ хүрээнд холбогдох зорилтуудыг дэвшүүлэн, хэрэгжүүлэх үйл ажиллагааг тогтоож, нарийвчилсан төлөвлөгөө гарган, нэгдүгээр үе шат буюу эрчимтэй хөгжлийн үе 2016-2020 он, хоёрдугаар үе шат буюу тогтвортой хөгжлийн үе 2021-2025 он хүртэл хэрэгжүүлэх юм байна.
 
Засгийн газрын 2008 оны 83 дугаар тогтоолоор аялал жуулчлалын салбарыг тэргүүлэх салбар болгон тодорхойлсон байдаг. Мөн Их хурлаас 2008 онд баталсан Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогод аялал жуулчлалыг 2007-2021 он хүртэл хөгжүүлэх бодлогыг томъёолсон байдаг. Энэ бодлогын хүрээнд 2015 хүртэл Монголд ирэх жуулчдын тоог хүн амын тоотой тэнцэхүйц болгох зорилтыг дэвшүүлсэн байдаг билээ. Харин өдгөө Монгол улсад жилдээ 400 мянга хүрэхтэй үгүйтэй жуулчин ирэх болсон бөгөөд энэ тоо өнгөрсөн жилүүдэд тасралтгүй бууралттай байгаа билээ.  
 
Мөн өнөөдрийн Засгийн газрын хуралдааны үеэр Монгол Улсын Засгийн газар, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Засгийн газар хооронд байгуулах “Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэн дэмжиж, уг хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг БОНХАЖ-ын сайд Д.Оюунхоролд олголоо.
 
Мьянмарын аялал жуулчлалын салбар сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа аж. Тус улсыг зорьсон жуулчдын тоо 2010 онд 790 мянга байсан бол 2013 онд хоёр саяд хүрчээ. Тус улс аялал жуулчлалын мастер төлөвлөгөөндөө 2020 он гэхэд 7.5 сая жуулчин хүлээн авахаар тусгажээ. Харин манай улс таван сая жуулчин авна хэмээн тусгасан байгаа билээ. Мьянмарт соёлын тэр дундаа буддын шашны аялал жуулчлал ихээхэн хөгжжээ.
 
Б.Энхцэцэг