Тавантолгой: Эргүүлэг

Ард түмний тархиар наадаж, олон талд талцуулж буй Тавантолгойн асуудал өдгөө наашаа ч үгүй, цаашаа ч үгүй ацан шалаанд орчихов. Гэхдээ хэний гарт өгч, хэдэн төгрөг авах вэ гэдэг маргаан Тавантолгойг тойглосоор сунжирч байна. Зарим нэг нь яарах хэрэгтэй гэж байхад нөгөө хэсэг нь яарах хэрэггүй гэж иргэдийн толгойг яах учраа олохгүй болтол эргүүлж буй.  С.Ганбаатар гишүүн “Ард иргэдэд тодорхой мэдээлэл өгөхгүйгээр нүүрс үнс боллоо гэх мэтээр яаруулж, Тавантолгойг явуулах гэж байна” гэж үзэж байна.
 
Тавантолгойн нийт нөөцийн дөрвөн хувийг эзэмшдэг “Энержи Ресурс” компани Хятадын Шинхуа, Японы Сүмитомо компанитай хамтран консорциум байгуулан Засгийн газраас зарласан тендэрт ялсан. Товчхондоо, “Энержи Ресурс”-ийн хувьд Шинхуа нь төмөр замтай түнш, Сумитото нь маркетингийн түнш.  Энэхүү консорциумтай Монгол Улсын Засгийн газар Хамтын ажиллагаа, Хөрөнгө оруулалт, Төмөр зам гэсэн гурван төрлийн гэрээ байгуулах ёстой байсан ч УИХ-ын дарга З.Энхболд түгшүүр төрүүлэм мэдэгдэл хийж, УИХ-аар хэлэлцүүлэхээр болсон. Тус гэрээг дөрвөн удаа зүсээ хувиргаж орж ирсэн нь “но”-г нь илтгэж буй нэг жишээ гэж үзэж буй хэсэг бий. “Эхнийх дээр Засгийн газар гарын үсэг зурсан  бол гэмт хэрэг болох байлаа” гэж УИХ-ын даргын хуулийн бодлогын зөвлөх А.Гансүх хэлсэн. 
 
Ингээд л гэнэт нойрноосоо сэрсэн мэт УИХ-н гишүүн бүр санал бодлоо хэлж, тоож эхэллээ, Тавантолгойг.  УИХ-ын дарга З.Энхболд “Байгуулахаар төлөвлөж байгаа эдгээр гэрээ, хэлэлцээрийн төслийг харахад Монгол Улсын үндэсний эрх ашгийг хангаж чадаагүй. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын үүрэг тодорхой хугацаатай байгаа бол нөгөө талын үүрэг нь хугацаагүй, зорилтын шинж чанартай, зорилт биелэгдээгүй тохиолдолд хүлээх хариуцлага байхгүй байна” гэсэн. 
 
Тавантолгойн ордын Хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-ын чуулганаар оруулж хэлэлцүүлэх эсэх дүгнэлтийг гаргах зорилготой ажлын хэсэг хүртэл байгуулагдсан. Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг “Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Тавантолгойн асуудал УИХ-руу нэг ч удаа орж ирээгүй. Өнөөдрийн миний ахлаж байгаа ажлын хэсгийнхэн 15 хоногийн өмнө Тавантолгойн талаарх эхний материалаа авсан. 76 гишүүнээс хамгийн их мэдээлэлтэй байгаа нь би болоод байна. Бусад гишүүнд мэдэхгүй зүйл нэлээд байгаа. Тиймээс энэ гэрээ энэ чигтээ явах боломжгүй” гэж эхний дүгнэлтээ гаргасны дараа хэлсэн. Гэхдээ нэг асуулт байна. Монголын гурван сая иргэнийг төлөөлөн суугаа УИХ-н гишүүд энэ орны хувь заяатай холбоотой асуудлын талаар сайн мэдэхгүй, мэдээгүй, сонирхож үзээгүй өдий хүрсэн нь хэний буруу вэ.
 
Зөвлөх А.Гансүх  хөрөнгө оруулалтаа нөхөх хүртэл гэрээ сунгагдах боломжтой нь энэ гэрээ хязгааргүй хугацаатай ч байх боломжтойг харуулж байна гэсэн. Үүнийг хамгийн ноцтой гэрээний заалт гээд байгаа. Мөн Засгийн газар гэрээг цуцалбал, консорциумд гэрээний үлдсэн хугацаанд хийсэн хөрөнгө оруулалт дээр олох байсан ашгийн 20 хувийн өгөөжийг жил бүрээр тооцож өгнө гэсэн нөхцөл байгааг хэлсэн.  Энэ тал дээр Ж.Оджаргал “Хөрөнгө оруулагч дөрвөн тэрбум ам.доллар оруулаад дуустал гэнэт нэг сайд нь гарч ирээд гэрээг цуцална гэвэл бид яах вэ” гэсэн юм. Оюутолгойн гэрээг жишээлбэл, гэрээг цуцалсан тохиолдолд олох байсан ашгийн 29 хувийг манай Засгийн газар төлнө. Ийм заалт гэрээнд тусгагдахгүй бол Монголд хэн ч хөрөнгө оруулахгүй. Учир нь иймэрхүү заалтыг хөгжиж буй манайд байтугай, хөгжингүй орнуудад ч түгээмэл хэрэглэдэг. 
Үүний зэрэгцээ консорциумын Монгол талын оролцогч “Энержи Ресурс” компанийг нийтдээ нэг тэрбум 23 сая ам.долларын өртэй гэх асуудлыг хурцаар тавьж, сөхөн ярилцаж буй. Харин энэ тухайд MCS группын ерөнхийлөгч Ж.Оджаргал “Хөрөнгө босгох үүднээс гадаадад бүртгүүлсэн “Mongolian Mining Corporation” компани олон улсад бонд хэлбэрээр гаргасан 600 сая ам.доллар тус компани дээр үлдэх өр. “MMC” өөрөө төлнө. “Энержи Ресурс”-тай хамаагүй гэсэн.  Тэрбээр мөн хэлэхдээ “Бид больчихож болно.  Бидэнд хохиролтой л доо. Гэхдээ улсад л илүү хохиролтой” гэж буй. 
 
Хөрөнгө оруулалтын гэрээний төслийн 14.1 зүйлд татварын дөрвөн төрлийг тогтворжуулсан заалт байгаа. Үүнд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, Агаарын бохирдлын хураамж, Гаалийн хураамж, Аж ахуй нэгжийн орлогын албан татвар орж буй. Нүүрсний үнийг 80 ам.доллар байлаа гэж тооцоход, дээрх дөрвөн төрлийн татвар болон бусад төрлийн татвар хэлбэрээр улсын төсөвт доод тал нь жилдээ 202 сая ам.доллар төвлөрөхөөр байгаа аж. Энержи Ресурсын хувилбараар бол улс ямар нэг эрсдэл үүрэхгүйгээр хил дээр борлуулж байгаа үнээс татвар авна. Гэхдээ гэрээ ёсоор менежментийг консорциум бүрэн хариуцахаар байгаа. Үүнийг нөгөө талаас төрийн оролцоог хааж, хамаг эрх мэдлээ консорциум өөр дээрээ төвлөрүүлэх гэж байна гэж харж байна. С.Ганбаатар гишүүн энэ талаар “Өөрөө ухна, өөрөө зөөнө, өөрийнхөө үйлдвэрт өгөх гэж байна” гэж тайлбарлаж буй. Тэгвэл Тавантолгойн ордод хувь эзэмшлээ гэж бодоё. Оюутолгой шиг 34 хувь эзэмшлээ гэхэд тэр хэмжээгээр бид хөрөнгө оруулалт босгож, хөрөнгө оруулагч талтай зардлаа хуваах болно. Өдгөө Оюутолгой дээр үүнээс үүдэлтэй асуудлууд гарчихаад л гацаад байгаа. “Монгол улсын хуулинд байгаа бүх татвар, хамтран ажилласны төлбөр авна. Бид Оюутолгойн гэрээг яг ийм л байсан бол гэж өчнөөн жил харамсч ярьсан. Одоо тэгвэл тэр мөрөөдлийн гэрээг Тавантолгой дээр хийчихлээ” хэмээн Ард санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг хэлж байгаа
 
Хэн нь чадах вэ
 
Тавантолгойг 2010 оноос эдийн засгийн эргэлтэд оруулах ажил эхэлсэн. Эл орд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Австралийн ЖОРК стандартаар үнэлбэл 7.4 тэрбум тонн коксжих нүүрсийн нөөцтэй. Нүүрсний үнийг хамгийн багадаа 50 ам.доллар гэж тооцоолбол 250 тэрбум ам.долларын борлуулалтыг ирэх 50 жилд хийхээр байна гэж Д.Жаргалсайхан эдийн засагч саяхан нэгэн нийтлэлдээ бичсэн. Харин Л.Эрдэнэчимэг гишүүний хэлж байгаагаар одоогийн хувилбараар гэрээг батлаад явбал бүх ашгаа нийлүүлээд Тавантолгойгоос 20 хувийг авахтай үгүйтэй байгаа аж. Харин МУ-ын сайд М.Энхсайхан тэргүүтэй төслийг хариуцаж буй хүмүүсийн тооцооллоор нүүрсний үнийг 70 ам.доллараар бодоход Засгийн газар, хөрөнгө оруулагч хоёр 78:22 гэсэн харьцаагаар орлогоо хувааж байгааг саяхан олонд тайлагнасан. 
 
Яг одоо УИХ дээр Тавантолгойн ордыг “Энержи Ресурс” тэргүүтэй консорциумд өгөхөөс илүүтэй “Эрдэнэс Тавантолгой”-гоор удирдуулбал илүү өгөөжтэй гэх хувилбар ч нэлээд газар авч байгаа. Дахиад тендэр ч зарлах юм шиг санал явж буй. УИХ-ын гишүүн Х.Баттулга “Энержи ресурсын хувилбараар явбал 20 гэр бүл тасартлаа баяжина.  Эрдэнэс Тавантолгойн хувилбараар явбал 20 жилийн дотор Монгол хөгжинө” гэж дүгнэсэн. УИХ гишүүн Л.Эрдэнэчимэг “Өөр өөрөөр тайлбарлаад толгой эргүүлээд байгаа болохоос яг харьцуулаад харвал “Эрдэнэс Тавантолгой” уг төсөлд орж ажилласан нөхцөлд л ашигтай байгаа. Одоогийн зурагдах гэж байгаа гэрээ бол Монголыг худалдах гэж байгаа нь шууд харагдана” гэсэн юм.
 
Төрийн хувь эзэмшлийг амжилттай удирдаж буй компаниуд бусад улсад байдаг. Тухайлбал, Сингапурт Тимасек, Хятадад Хөрөнгө оруулалтын корпораци зэрэг төрийн өмчит, зөвхөн эдийн засгийн үйл ажиллагаа явуулдаг хүчирхэг компаниуд бий. Гэхдээ тэд бүгд улс төрөөс хараат бусаар үйл ажиллагаагаа зохиомжилсон байдаг. Манайх шиг улс төрийн ертөнцөөс хамааралгүй явж чаддаггүй орны хувьд “Эрдэнэс Тавантолгой” компани уг төслийг хэрэгжүүлдэг дээрээ тулбал, ахиад  л улс төржүүлээд, олон ашиг сонирхол зөрчилдөхгүй гэсэн баталгаа байхгүй. Сайхан санаа гэхдээ төр өөрийнхөө гарыг өөрөө ардаа хүлж, баглаагүй цагт бүтэхгүй хувилбар. Яагаад “Шинхуа” “Эрдэнэс Тавантолгой”-той хамтрах тухай ярьж байсан атлаа Энержи Ресурсын үүдийг тогшиж орж ирсэн бэ. Учир нь Эрдэнэс Тавантолгой төр хэмээх муу менежертэй. 
 
“УИХ,  Тавантолгой дээр ямар нэг хувийн  шалтгаан байхгүй.  Том төслийг явуулахын тулд  энэ чиглэлээр УИХ-ын даргатай уулзаж, ярилцаж байгаа. Цаашдаа   асуудлыг шийднэ” хэмээн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэлсэн. Гэхдээ л Тавантолгойн асуудлыг хэзээ УИХ хэлэлцэх нь тодорхойгүй байсаар л байна. Төрийн оролцоог хэт хазаарласан гэрээ учир сайжруулаад батлая гэсэн хэсэг бүлгээс илүүтэй бүр унагая гэсэн хэсэг давамгайлж байгаа нь ажиглагдаж буй. Монголын эдийн засгийн талтай тэнцэх асар их мөнгөний тухай Та бид ярьж байна. Нүүрс үнс болдоггүй юм аа гэхэд, бид Тавантолгойн асуудлаа хурдан шийдэхгүй аваас олон улсад эзлэх байр суурь жижгэрч, Хятадыг гаталж, гурав дахь зах зээлд гарах мөрөөдөл биднээс алсарсаар байх нь дамжиггүй. Ядуу байх хэцүү, Баян байх бүүр хэцүү юм. 
 
"Mongolian Economy" сэтгүүлийн 5.15-ны 091 дугаараас