Хөрөнгийн зах зээлийн хөгжлийн түлхүүр ХҮН

Монголын Хөрөнгийн биржийн шинэчлэлийн өртөг 13.4 сая ам.доллар. Үүний 80 хүртэлх хувь нь тус биржийн шинэчлэлд үлдэж буй нь үйл ажиллагааны бусад зардлыг санхүүжүүлсэн байдаг. Товчхондоо, хамгийн хурдан зах зээлийн шаардлагад нийцэх арилжааны системтэй, шинэ тогтолцоотой болох гэж манайх Лондоны Хөрөнгийн биржтэй /2011 он/ түншилж, улмаар эх орондоо урьсан. Үүнийг хөгжлийн түншлэл хэмээн хоёр тал онцолж байв. Энэ үеэс иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх асуудал хөндөгдөх болсон. Гэвч өнгөрсөн хугацаанд олон нийтийн санхүүгийн боловсрол эрс сайжирсангүй. Энэ нь нэг талаар шинэчлэлийн үр дүнг бүдгэрүүлж, хөрөнгийн зах зээлийн хөгжлийн эсрэг зогсох болсныг тус салбарынхан учирлах. Өөрөөр хэлбэл, олон нийтийн санхүүгийн зах зээлийн талаарх мэдлэг, ойлголт нь ягаан, цэнхэр тасалбар, цаашилбал Тавантолгойн 1072 ширхэг хувьцаанаас хэтрэхгүй байгаа. Уг байдал нь бидний сул. Тиймээс хүнээ "цэнэглэхгүй" бол хөрөнгийн зах зээл хөгжихгүй нь. Хүсч хүлээсэн үзүүлэлтийг эндээс нэхээд ч гарахгүй нь бололтой.

200 гаруй жилийн түүхтэй, зах зээлийн үнэлгээ нь 3.2 тэрбум ам.доллар давсан Лондоны Хөрөнгийн бирж өнөө бидэнд эчнээ танил. Тус биржтэй байгуулсан стратегийн хамтын ажиллагааны гэрээгээ манайх энэ онд гурван жилээр үргэлжлүүлэн сунгасан. Энэ нь хөрөнгийн зах зээлийн цаашдын хөгжилд шинэ хүлээлт үүсгэсэн. “Мандал Ассет Менежмент” компанийн хөрөнгө оруулалтын шинжээч Э.Мөнх-Эрдэнэ “2014 оноос хөрөнгийн зах зээл эрүүлжиж, их өсөлтийн замдаа орно” гэж байв. Гэхдээ уг өөрчлөлтийг хөгжил болгон хувиргах санхүүгийн мэдлэг, түүнийг хөрөнгө хэмээн үзэх олон нийтийн хандлага дутмаг байгааг Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан хэллээ. Иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх нь хөрөнгийн зах зээлээ хөгжүүлж буй хэрэг болохыг тэрбээр нэмж тайлбарласан.
Арилжаанд оролцож буй иргэдийн идэвх хангалтгүй байгааг Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Ангар дурьдаад нийт хүн амын дөнгөж 12 хувь нь арилжаанд оролцдог болохыг хэлсэн юм. Үлдсэн 88 хувь нь огт арилжаанд оролцдоггүй гэсэн судалгааг биржээс гаргасан байна. Тус судалгаанд “Монгол Улс хүн ам цөөтэй, хөрөнгийн зах зээлийн талаарх боловсрол иргэдийн дунд бага байгаагаас үүдэн зах зээлийг ойлгож, түүнээс ашиг хүртэх, хөрөнгө оруулалт хийх аргачлалд төдийлэн сайн суралцаагүй” гэжээ.
Биржийн арилжаанд оролцож байгаа дотоодын хөрөнгө оруулагчдыг арилжаа хийж буй үнийн дүнгээс үзвэл жижиг хөрөнгө оруулагч ердөө найман хувийг эзэлж байна. Үлдсэн нь байгууллагын буюу том хөрөнгө оруулагчид. Энэ нь чамлалтай тоо. Үүнийг нэмэгдүүлэхийн тулд боловсролын системд хөрөнгийн зах зээлийн сургалт хөтөлбөрийг тусгаж оруулах хэрэгтэйг Д.Баярсайхан дарга онцолсон.
Бүх нийтэд санхүүгийн зах зээлийн мэдлэг, боловсрол олгох үндэсний хөтөлбөрийг боловсруулах шаардлага байгааг МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш, санхүүгийн зөвлөх профессор Л.Оюун хэлж байсан удаатай. Тэрбээр Их, дээд сургуулиудын хичээлийн төлөвлөгөөнд санхүүгийн боловсрол хичээлийг суулгаж өгөх. Түүнчлэн хичээлийн хөтөлбөрт заах арга зүйг тодорхой болгох, албан бус сургалтын хөтөлбөр боловсруулах нь ач холбогдолтойг өгүүлсэн. Ер нь хөрөнгө оруулагчдын боловсролыг дээшлүүлэх нь хөгжиж буй зах зээлийг толгойлох биржийн ажлын нэг хэсэг гэдгийг ч профессор дурьдсан. 
Санхүүгийн зах зээлийн хөгжлийн нэг тулгуур нь дээр өгүүлсэн иргэдийн эдийн засгийн боловсрол. Тиймээс бүх нийтийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх нь нийгмийн захиалга болоод байна. Иргэдийн олонх нь арилжааны банкинд хадгаламжийн данстай байдаг. Гэтэл хуримтлалын хамгийн найдвартай, ашигтай хэлбэр нь хувьцаа болохыг тэр бүр мэддэггүй. Их хэмжээний хөрөнгө оруулалтыг бага зардлаар татах, хадгаламжаа арвижуулах тэр боломжийг Хөрөнгийн бирж олгодог. Түүнийг олж авах эрхийн бичиг нь хувьцаа.
“Фронтиер” компанийн гүйцэтгэх захирал Маса Игата “Хөрөнгө оруулагчид үнэт цаасны зах зээлтэй холбоотой эрсдэлийг ойлгоогүй цагт хувьцааны үнэ, үндсэн үзүүлэлтүүд уруудах үед хүнд асуудалд орно. Хөрөнгө оруулагчдад мэдлэг мэдээлэл олгох хөтөлбөрийг хэрэгжүүлсэнээр Монголын хөрөнгийн зах зээлийн ирээдүй өөдрөг харагдана” хэмээн дүгнэсэн юм.
Зөвхөн техникийн шинэчлэл, системийн үр дүнд Монголын Хөрөнгийн биржийн арилжаа сэргэж, зах зээл хөгжихгүй. Хэчнээн сайн хууль эрх зүйн орчинг бүрдүүлж, хөрөнгийн урсгал чөлөөтэй нэвтрэх тогтолцоо бий болсон ч таны төсөөлж буй тэр зах зээл сонгодог утгаараа ажиллаж чадахгүй. Ажиллалаа ч доголдол гарч, шинэчлэлийн үр дүн буурах магадлал өндөр. Ингэж зах зээлд төдийгүй системд гажуудал үүсгэж мэдэх эрсдэл нь иргэдийн санхүүгийн боловсрол дутмаг, тэр дундаа хувьцааны зах зээлийн талаарх олон нийтийн ойлголт харилцан адилгүй /жигд бус/ байгаа явдал юм. Иргэдийнхээ санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, үнэт цаасны зах зээлд оролцоход нь татварын хөнгөлөлт чөлөөлөлт, урамшуулал үзүүлэх замаар хөрөнгийн зах зээлээ хөгжүүлж чадсан орнуудын бодит түүх цөөнгүй. Үүний нэг нь Өмнөд Солонгос.
Манай иргэдийн хөрөнгийн зах зээлд хандах хандлага сул байгааг Д.Ангар захирал жишээгээр тайлбарласан. Тэрбээр “Дэлхийн улс орнуудад хамгийн эрэлттэй байдаг үнэт цаас нь дотоодын Засгийн газрын бонд. Учир нь эрсдэл багатай, богино хугацаатай, барьцаанд тавих болон бэлэглэх боломжтой үнэт цаас юм. Гэтэл биржээр арилжаалсан бондын арилжаанд оролцох иргэдийн идэвх сул байгаа нь санхүүгийн мэдлэгтэй холбоотой” гэв. АНУ-ын насанд хүрэгчдийн 50 хувь нь ямарваа нэгэн компанийн хувьцааг эзэмшдэг байна. Харин Монголд "Эрдэнэс Тавантолгой"-н хувьцааг эс тооцвол нийт хүн амын 12 хувь нь хувьцаа эзэмшигч. Санхүүгийн зах зээлийг тогтвортой хөгжүүлэх гарц нь хөрөнгийн зах зээл. Энэ зах зээл үйлчлүүлэгчтэй байх нь иргэдийн мэдлэг, боловсролоос ихээхэн хамаардаг байна. Мөнгө өөрөө өсөж, хөрөнгө аяндаа ургадаг "хүлэмж" бол хувьцааны зах зээл юм. Ирээдүйд бий болох баялгийг урьдчилан хуваах, мөн бэлэн мөнгөө баялаг болгон арвижуулах нь тус зах зээлийн давуу тал. Түүнийг хөдөлгөх хөгжлийн түлхүүр нь иргэн та.
 
 
Б.Баяртогтох