Мурат Карагөз; Монгол шиг хөгжиж буй орнуудад Жи 20 ихээхэн ач холбогдол өгч байгаа

Жи 20 гэгдэх улс төр, эдийн засгийн нөлөө бүхий улсуудыг бүлгэмийг энэ жил Турк улс даргалж байгаа ба Их 20-ын дээд хэмжээний уулзалт газар дундын тэнгист орших Анталья хотод 2015 оны арваннэгдүгээр сард болох аж. Турк улсын эдийн засаг дэлхийд 17-д жагсдаг бөгөөд тус бүлгэмийг бүтэн жилийн турш даргалах учир энэ хугацаанд олон уулзалтуудыг гардан зохион байгуулах аж. Их 20-д багтах улсууд дэлхийн эдийн засгийн 85 хувь, дэлхийн нийт худалдааны 75 хувь мөн дэлхийн хүн амын фуравны хоёрыг бүрдүүлдэг. Тиймээс бид Турк Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Мурат Карагөзтэй Туркийн Их 20-ыг даргалж буй талаар болон Их Хорийн чухалчилж буй асуудлуудын талаар ярилцлаа. 
 
-Их 20 гэж юу вэ?
 
-Их 20 бол ерөнхийдөө маш том, нөлөө бүхий улсуудаас бүрдсэн бүлгэм ба тэдний нэг нь Турк Улс, гэвч бид энэхүү бүлгийг дэлхийн бүх улсын төлөөлөл гэж хэлж чадахгүй. Турк нь дэлхийн 17 дахь, Европын 6 дахь том эдийн засагтай улс. Тийм ч учраас бид бүлгэмийг даргалах саналыг тавьсан юм. Бид бүтэн жилийн турш тус бүлгэмийг даргалах бөгөөд энэ хугацаанд Жи 20-ын санхүү, хөдөлмөр, худалдаа болон эрчим хүчний сайд нарын уулзалт мөн дээрээс нь хөдөө аж ахуй, гадаад хэргийн сайд нарын уулзалтыг бүтэн жилийн турш зохион байгуулах болно. Өмнө нь даргалж байсан улсуудын мөрдөж байсан жишгээр зарим уулзалтанд гишүүн бус орнуудыг урих болно. Үүнд, Испани, Сингапур, АСЕАН-ийг даргалж буй Малайз Улс, Африкийн Холбоог даргалж буй Зимбабве болон Африкийн Хөгжлийн Шинэ Түншлэлийг тэргүүлж буй Сенегаль зэрэг улсыг урих юм. Мөн Туркийн хувиар бид Кавказ дахь хамгийн өгөөжтэй эдийн засаг болох Азербайжан улсыг урих мөн үүнээс гадна Туркээс Европруу нүүрстөрөгчийн нөөцийг дамжуулах эрчим хүчний сүлжээг үүсгэхэд тэдний туслалцаа хэрэг болох юм. 

-Жи 20-ыг даргалснаар ямар давуу эрхийг Турк эдэлж байгаа вэ?
 
-Мэдээж хэрэг Жи 20-ын гол зорилго нь дэлхийн улсуудын дэд бүтцэд дэмжлэг үзүүлэх, дэлхийн худалдааны системийг шийдэлд хүрэхэд туслах, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих болон бусад дэлхий нийтэд тулгарч байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд туслалцаа өгөх зэрэг эдийн засаг, худалдааны аргаар дэлхийн тогтвортой өсөлтийг дэмжих байдаг. 2015 онд Их 20 хамтын ажиллагааны замаар хүртээмжтэй, эрүүл өсөлтийг хангах тал дээр хүчин чармайлтаа чиглүүлэх болно. Турк Улс бүлгэмийг даргалах явцдаа өсөлтөд чиглэсэн  хөрөнгө оруулалт, хэрэгжилт, хүртээмжтэй байдал гэсэн гурван гол зарчмыг баримтална. Бид эдгээр бүх үйл ажиллагааг бүлгийн хүрээнд төдийгүй түншүүдээрээ дамжуулан дэмжих болно.
 
-Дээд хэмжээний уулзалтын дараагаар гишүүн орнууд тохиролцсон санаачилга удирдтгалуудаа ямар практик арга замаар хэрэгжүүлж мөрддөг вэ?
 
-Их 20 дэлхийн хамгийн том 20 эдийн засагтай улсуудаас бүрддэг. Эдгээр улсууд бүгд маш хүчирхэг дэлхий даяар нөлөө нь тархсан байдаг. Тэгэхээр эдгээр улсын тэргүүнүүд цугларахаар мэдээж хэрэг маш том нийтийг хамарсан асуудлуудыг хэлэлцэж тунхаглал гаргадаг, зөвхөн эдийн засгийн талаар ч бус дэлхий дахинд болж буй бусад асуудлын талаар хэлэлцдэг. Жишээ дурдвал,  Африкаас гаралтай Эболагийн гамшиг бол дэлхий нийт хүн төрөлхтний асуудал, ийм асуудлуудын талаар тэд хэлэлцдэг. Гишүүн улс тус бүр өөрийн чадамж, давуу өрсөлдөх чадваруудтай. Энэ бүлгэм үндсэндээ зөвшилцөл дээр суурилсан байгууллага, тиймээс бүх орнууд зөвшилцсөний үндсэн дээр шийдвэр гаргадаг. Бүлгэм бүтэн жилийн туршид уулзатаар хамтран ажиллаж гаргасан шийдвэр үүрэг даалгавраа хэрэгжүүлдэг. Өнгөрсөн жилүүдэд олон зуун үүрэг даалгавар шийдлүүдэд хүрсэн, харин хамгийн чухал зүйл бол тэдгээрийг хэрэгжүүлэхэд байдаг. Одоо хэлэлцэгдэж буй 11 багц асуудлаас бид даргалах нэг жилийн хугацаандаа хоёр зүйлд илүү анхаарч ажиллана. Энэ 11 багц асуудал юу вэ гэвэл: өсөлт, хөрөнгө оруулалт, санхүүгийн зохицуулалт, олон улсын татварын асуудал, олон улсын санхүүгийн бүтэц, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх санхүүжүүлэлт, эрчим хүчний салбарын төрөлжүүлэлт, олон улсын худалдаа, ажил эрхлэлт, авлигалын эсрэг тэмцэх хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудал мөн хөгжил юм. Миний бодлоор өрийн асуудал Монгол улсад чухал хамааралтай байх гэж бодож байна, Их 20-ын орнууд бага орлоготой хөгжиж буй орнуудын дэлхийн эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний хөгжлийн тал дээр дэмжихээр анхаарч ажиллаж байгаа.
 
-Турк улс бүлгэмийг даргалах хугацаанд аль багц асуудалд илүү анхаар байна вэ?
 
-Турк Улс энэхүү багц асуудлуудын хүрээнд  өмнө нь гаргасан шийдвэр, үүргүүдийг бүрэн хэрэгжүүлэх болно.  Энэхүү 11 багц асуудлуудыг эмхэтгэж бид хоёр асуудалд илүү тулж ажиллана гэж түрүүнд дурьдсан. Нэгдүгээрт бага орлоготой хөгжиж буй орнуудад Их 20-ын хэтийн төлвийг илүү хандуулах, ингэснээр бид эдгээр хөгжиж буй улсуудтай харилцаагаа өргөтгөх боломжтой болно гэж үзэж буй. Хоёрдугаарт, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж дэлхийн эдийн засагт оролцох оролцоог нь нэмэх. Турк Улс жижиг дунд үйлдвэрлэлийг /ЖДҮ/ дэмжих тал дээр үлгэр дууриалал болсон орон гэж хэлж болно. Бид 1980 онд анх чөлөөт зах зээлд нэвтэрч байхдаа олон ЖДҮ-ийг дэмжиж байсан. Саяхан Ерөнхий Сайд Давутоглуг ЖДҮ-ийг дэмжих арга хэмжээ авна гэж мэдэгдсэн. ЖДҮ бол хөгжиж буй орнуудын эдийн засгийг хөдөлгөгч гол хүч байдаг. 
 
-Их 20 хөгжиж буй орнуудтай харилцаагаа яаж бэхжүүлэх вэ? Хөгжиж буй орнуудын дэлхийн улс төр, эдийн засагт эзлэх хувь улам бүр нэмэгдэж байна. Та энэ талаар юу гэж бодож байна вэ?
 
-Бидний гол зорилго тэдний дэлхийн эдийн засагт эзлэх хувийг нэмэгдүүлэх, нэгтгэхэд оршиж байна. Мөн тэдний дэд бүтцийн хоцрогдлыг багасгах тал дээр ажиллана, энэ асуудлууд Монгол улстай гүн холбоотой гэж бодож байна. Бидний зорилгоос дурдвал: тус орнуудыг дэлхийн санхүүгийн системд нэвтрүүлэх, захиргааны хүчин чадлыг нэмэгдүүлэх тал дээр дэмжих, эрчим хүчний тал дээр дэмжих, илүү тэнцвэртэй олон улсын худалдааны тогтолцоог бий болгох, илүү их хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг үр ашигтай байдлаар арилжаалах, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагаврыг бууруулах, хувийн хэвшлийг дэмжих зэрэг багтаж байна. Тэдэнтэй харилцаагаа бэхжүүлэх олон аргууд байна, зөвхөн улс төрийн тэргүүнүүдээр дамжуулах бус холбогдох салбарын сайд нараар дамжуулан харилцаагаа бататгах боломжтой. 
 
-Их 20-ын олон гишүүн улс эдийн засгийн өсөлт нь саарч буй нь гол асуудал болж байна.  Томоохон эдийн засагтай улсууд хямралд ойртох эсвэл орох тохиолдолд жижиг эдийн засгуудыг хомроголон чирэх төлөвтэй байна. Тиймээс бага орлоготой хөгжиж буй орнуудын дэлхийн эдийн засагт эзлэх хувийг нэмэгдүүлж, улмаар эмзэг байдлыг нь багасгахыг оролдож буй. Энэ Жи 20-ын хямралын эсрэг босгож буй хана уу ?
 
-Эдийн засгийн хувьд ярьвал, дэлхийн эдийн засаг бүгд бие биенээсээ хамааралтай болсон. Нэг улсыг эдийн засгаар нь хязгаарлах боломжгүй болсон. Хөрш орнууд, бүс нутгийн орнууд болон олон улстай зайлшгүй хамтрахаас өөр гарцгүй. Тиймээс мэдээж хэрэг дэлхийн эдийн засгийн хямрал бүх улсад нөлөөлдөг. АНУ-д 2008-2009 онд болсон эдийн засгийн хямралын нөлөөлөл саяхан Европт хямрал үүсгэсэн. Анхандаа ердийн санхүүгийн хямралаар эхлээд төд удалгүй дэлхийн санхүү эдийн засгийн хямрал болж хувирсан. Энэ нь Европт харамсалтай нь нөлөөлсөн, Турк улс ч Европын нэг хэсэг учир хямралын нөлөөг мэдэрсэн. Гэвч Туркийн эдийн засаг Европын улсууд дундаа хямралд хамгийн бага өртсөн орон. Үүнээс гадна өөр олон хүчин зүйл хөгжилд нөлөөлдөг. Жишээ нь Турк улс дэлхийн халуун цэгүүдийн дунд оршиж байдаг тэр дундаа Ойрхи Дорнодтой хиллэдэг. Та бүхэн Ирак болон Сирид юу болж байгааг мэдэж байгаа. Өмнө нь тэд манай улсын хамгийн том худалдааны түнш байсан. Тэгэхээр тэдний нөхцөл байдал бидэнд бас нөлөөлж байна гэсэн үг. Кавказ болон Украйны хямрал мөн Туркид нөлөөлж байна. Тийм учраас энэ асуудлуудыг хэлэлцэх, шийдвэрлэх байгууллага зайлшгүй хэрэгтэй тэдний нэг нь Их 20 юм.
 
-Их 20-ын уулзалтаас гарсан үр дүн Монгол шиг бага орлоготой хөгжиж буй оронд ямар ач холбогдолтой вэ?
 
-Турк бүлгэмийг даргалах явцдаа өсөлтийн төлөөх хүртээмжтэй байдал, хэрэгжилт болон хөрөнгө оруулалт гэсэн гурван гол зарчмыг баримтална гэж дурдсан. Хүртээмжтэй байдал гэдэгт бид аль болох олон орнууд тэр дундаа бага орлоготой хөгжиж буй орнуудыг хамруулж ажиллахыг хичээнэ. Тус орнууд дунд Монгол Улс мэдээж багтаж байгаа. Хэрэгжилт гэдэг нь Их 20-ын орнуудын жил бүр авсан үүргийн биелэлтийг хэлж байгаа.  Өсөлтөд хөрөнгө оруулах гэдэг нь бидний хамгийн гол зорилго. Энэ нь 2015 онд дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг 2.5 хувиар нэмэх зорилго юм. Түрүүн хэлсэнчлэн бидний гол хоёр зорилтын нэг бол бага орлоготой хөгжиж буй орнуудтай харилцаагаа өргөтгөх, энэ нь Монгол Улсад ашигтай гэж харж байна. Мөн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилт байна. Монгол улсад уул уурхайн салбараас гадна ЖДҮ-ийг хөгжүүлэх олон салбар байна. Үүнд, салбараас гадна хөдөө аж ахуй, мал, аялал жуулчлал, үйлдвэрлэлийн салбар зэрэг боломжит салбарууд байгаа юм. Миний бодлоор Монголын хувьд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилт хамгийн их үр нөлөөгөө өгч чадах болов уу.
 
 
 

Б.Энхцэцэг