Зах зээл бүхэн өөрийн гэсэн үнэтэй

 Лорен Пушет Котиллу нь Эрүүл мэндийн даатгалын салбарт 18 жил ажлласан нэгэн. Тэрбээр Сингапурт төв оффис нь байдаг олон улсын эрүүл мэндийн менежментийн АХА компанид ажиллаад дөрвөн жил болж буй. Лондоны их сургуулийг төгссөн Лорен хөлөө олж буй компани болон дэлхийн хэмжээний томоохон корпорацийн аль, алинд ажиллаж үзсэн туршлагатай. 

70 жилийн түүхтэй АХА компанийн Ази, Номхон далайн бүсийн давхар даатгалын зах зээлийг хариуцсан захирал нь Лорен. Тэрбээр энэ удаад Монголын зах зээлд эрүүл мэндийн хувийн даатгал хэмээх манай улсад хөгжлийн шинэ гэж хэлж болохуйц чиг хандлагын үрийг тарихаар иржээ. Манайд эрүүл мэндийн даатгал гэхээр иргэд улсад сар бүр төлдөг хэдэн төгрөгнийхөө хариуд улсын эмнэлгүүдээс үйлчилгээ авдаг тогтолцоог гэж ойлгодог. Төрийн үзүүлж буй эрүүл мэндийн үйлчилгээ өдөр ирэх тусам цаг үеийн хэрэгцээгээ дийлэхээ болин, хүлээх дараалал уртсаж, тоног төхөөрөмж нь хуучирч, эмч нарын ур чадвар гологдон, гаднын эмнэлгүүдд зорих монголчуудын цуваа уртасч буй. Үүнийг нөгөө талаас хувийн эмнэлэг болон эрүүл мэндийн хувийн даатгалын зах зээл хөгжих, нөхөх орон зай гэж гадна болон дотоодын бизнессийнхэн аль хэдийнэ хараад эхэлж. Монголд өнөөгийн байдлаар 17 даатгалын компани байдаг.  АХА компанийн хувьд Монголын Бодь даатгал компанитай хамтарч эрүүл мэндийн даатгалын чиглэлээр ажиллах бөгөөд ажил олгогчид суурилсан байдлаар даатгалын бүтээгдэхүүн санал болгох аж. 
 
-Олон улсын стандартад нийцсэн эрүүл мэндийн даатгалыг Монголын эрүүл мэндийн салбарт оруулж ирэхээр үйл ажиллагаа эхлүүлээд байгаа юм байна. Тэгвэл чухам ямар бүтээгдэхүүнүүд танилцуулах вэ?
 
-Монголд эрүүл мэндийн даатгал санал болгодог хувийн компаниуд угаас бий. Бидний хувьд Азийн бусад оронд үзүүлдэг шиг иж бүрэн даатгалыг Монголд танилцуулж буй. Энэ нь төлсөн мөнгөнийхөө хариуд илүү ихийг авч, эмчилгээний туршид гарсан бүх зардлаа төлүүлнэ гэсэн үг.  Та Улаанбаатар хотын хамгийн сайн эмнэлэгүүд тухайлбал, Интермэд гээд шинээр нээгдсэн тоног төхөөрөмж, олон сайн эмчтэй эмнэлэгт ч хандаж болно. Мөн бид шаардлагатай гэж үзвэл Солонгос, Япон, Сингапур, Бангкок, Хятад болон Европ гэх зургаан газарт очиж, эмнэлгийн үйлчилгээ авахыг зөвшөөрнө. Бидний үзүүлж буй үйлчилгээ ард иргэдийг нийтээр нь хамрах хүрээнийх биш. Зорилтот зах зээл маань дунд болон дундаас дээш хэрэглэгчид.  Монголын хувьд 100.000 хүн энэ бүтээгдэхүүнийг авна гэсэн тооцоо байна. 
 
-Өнөөдрийн түвшинд Монголд ажилчиддаа танай компанийн даатгалын бүтээгдэхүүнийг аваад өгөх компани, ажил олгогч цөөн байх болов уу.  Ийм нөхцөлд  Монголын зах зээлд байр сууриа олох хэцүү биш үү?
 
-Хүмүүс үүнд дасаагүй учир эхэндээ үйл явц нэлээд удаан байх төлөв бий. Зорьсон үр дүндээ хүртэл нэлээн хэдэн жил болохоор байгаа. Гэвч бид тэвчээртэй улс. Бид нэлээд олон компанийн төлөөлөл, ажил олгогчтой уулзаж, санаа бодлыг нь сонирхож, сайн судалгаа хийсэн. Бидний уулзсан Хүний нөөцийн менежер бүр “Бид үүнийг судалж байна, энэ талаар бодож байна” гэж хэлж байсан. Тэд хараахан манай бүтээгдэхүүнийг худалдаад авчихаагүй ч, тэд энэ талаар бодож байгаа нь ирээдүйд хийнэ гэсэн үг. 
 
-Бизнес эрхлэгчийн хувьд энэ удаад яагаад Монголыг сонгов?
 
-Би том бүс нутгийг хамран ажилладаг. Монгол бол энэ бүс нутагт бидний хамтрагчгүй ганцхан зах зээл байсан. Хэдийгээр том зах зээл биш ч, хэдэн жилийн дараа юу болохыг харна гэхээс бидэнд сэтгэл хөдлөм санагддаг. Бидэнд МСS шиг цөөн хэдэн томоохон ажил олгогч ажилчиддаа эрүүл мэндийн даатгал олгоод эхлэх л хэрэгтэй байна. Тэгэхээр нэг хэсэг нь жишиг болоод ирэхээр бусад нь зах зээлийнхээ жамаар дагана. Нэгэнт эхэлчихвэл их хурдтай явдаг үйл явц юм. Бид мэдээж Хятад, Энэтхэг, Малайз, Индонез, Тайланд гэх мэт томоохон зах зээлд мөн үйл ажиллагаагаа явуулдаг. 
 

Манай даатгалд хамрагдахаас өмнө туссан болон уг хүнд байсан өвчний эмчилгээг бид хариуцахгүй

 
 
 -Танайх нийт 17 компаниас Бодь даатгалыг яагаад хамтрагчаараа сонгосон юм бэ?
 
-АХА болон Бодь нь зөвхөн эрүүл мэндийн даатгал бус томоохон салбаруудын эрсдэл болох онгоц, эрчим хүчний станц зэргийн даатгал дээр мөн хамтарна.  Бодь нь салбартаа хоёрдогч том компани. Тэд цаг үетэйгээ уялдан хөгжиж, өөрчлөгдөж чаддаг. Мөн тэд олон сайн менежертэй бас салбар олонтой учир түгээлт сайн. 
 
-Ихэнх хөрөнгө оруулагчид Монголоос нүүрээ бууруулж байгаа үед Та Монголд бизнесээ эхлүүлж буй нь юунд найдсан шийдвэр вэ?
 
-Одоогийн эдийн засгийн удаашрал нь түр зуурынх төдий. Дараагийн том төсөл хэрэгжээд эхлэнгүүт ажилт эрхлэлт нэмэгдээд л ирнэ. Бидний үйл ажиллагаа явуулдаг Монголтой нэгэн адил хэдэн томоохон төслүүдээс ихээхэн хамаардаг Мьянмар, Шинэ Гвиней, Индонез зэрэг улст ч адилхан нөхцөл байдал үүсдэг. Одоохондоо ийм байгаа ч Монгол улсын хэтийн төлөвт бид санаа зовохгүй байгаа.

-Бүс нутагтаа аль улс эрүүл мэндийн хувийн даатгалыг хамгийн сайн ашигладаг вэ?
 
Ерөнхийдөө, хөгжиж буй зах зээлтэй орнуудад улсын эрүүл мэндийн даатгалын тогтолцоо нь нэлээд асуудалтай байдаг. Тухайлбал, Энэтхэг, Индонез Хятадын иргэд нь эрүүл мэндийн нэгдсэн даатгалаараа үйлчилгээ авахад нэлээд хүндрэлтэй тулгардаг. Энэ нь хувийн эрүүл мэндийн даатгал дутаж байгааг илэрхийлж байна. Олон газар маш урт дарааллууд үүссэн байдаг. Хэдийгээр Индонез улс нийгмийн хамгааллын шинэ тогтолцоо-юниверсал эрүүл мэндийн даатгал танилцуулсан ч Индонезийн эмнэлгүүдийн үүдэнд асар урт дараалал байсаар л байна. Бидний бүтээгдэхүүн Индонезид сайн борлогддог. Бид олон зах зээлд амжилт олоод байгаа. 
 
-Танай даатгалын бүтээгдэхүүн Монголын хэдэн эмнэлгийг хамрах вэ?
 
-Одоогийн байдлаар 6-8 голлох эмнэлэг гэж харж байна. Бид мөн гаднын эмнэлгүүд рүү очиж үйлчлүүлэх боломжоор хангана. АХА дэлхий даяар 12,000 эмнэлэгтэй гэрээтэй. 
 
 
-Танай даатгал эмчилгээний зардлын хэдэн хувийг гаргах вэ?
 
-Худалдаж авсан бүтээгдэхүүнээс шалтгаална. Ерөнхийдөө 100 хувь бид хариуцна. Гэвч манай даатгалд хамрагдахаас өмнө туссан болон уг хүнд байсан өвчний эмчилгээг бид хариуцахгүй. Өөрөөр хэлбэл, Та манай бүтээгдэхүүнийг худалдаж авахаас өмнө зүрхний өвчтэй байсан бол бид танд зүрхтэй холбоотой ямар нэг үйлчилгээ үзүүлэхгүй гэсэн үг. Харин шинээр гарч ирсэн өвчин бол бид холбогдох бүх зардлыг гаргана.  
 
-Уул уурхай гэх мэт эрсдэл өндөртэй салбарт танай компани бусад салбарынхаас өөр бодлого барьдаг уу? 
 
- Салбараас шалтгаалан үнийн ачаалал гэж бий. Банкинд ажилладаг бол хямд бол уул уурхайн салбарын ажиллагсдын хувьд илүү үнэтэй. Бид Бодь даатгалын компанитай жилийн 500-3000 ам.доллар хүртэлх өртөгтэй олон бүтээгдэхүүн дээр хамтарч ажиллахаар байгаа. 
 
-Хувийн эмнэлэгүүд нэмэлт онош, эмчилгээ бичиж өгч тухайн хүний даатгуулсан  компаниас үндсэн өртгөөс давсан мөнгө авахыг оролдох тохиолдол бий. Тэгвэл танайх онош зөв эсэхийг хэрхэн баталгаажуулдаг вэ?
 
-Бид нэхэмжлэлийг хянан шалгахад багагүй цаг зарцуулдаг.  Манай компани чадвартэй эмч, сувилагчдыг авч ажиллуулдаг. Тэд тухайн хүний эмчилгээний зардал хэд болохыг хэлээд өгдөг учир бид яагаад тав хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хүн 10 хонож байгаа, хоёр шинжилгээ өгөх өвчинд олон шинжилгээ өгүүлэх болсон зэргийг бид нэхэн асуун хэлэлцдэг. Эмнэлэг, эмч нарын үүрэг бол хүмүүсийг эмчлэх байдаг ч тэд заримдаа илүү ихийг үрчих гээд байдаг. Ажил олгогчийн зүгээс эмчилгээний зардалд тийм их мөнгө зарцуулаад байхыг хүсэхгүй. Учир нь энэ нь даатгалд төлөх хөлсийг нь ихэсгэчихдэг. Бидний зүгээс хүмүүс тохирсон сайн эмчилгээгээ авч буйг баталгаажуулахын зэрэгцээ үйлчилгээний үнийг доогуур барихыг хичээдэг. 
 
- Монголд зүрхний өвчлөл нэлээд өндөр үзүүлэлттэй байдгийг дуулсан байх. Энэ зах зээлд орж ирэхээс өмнө анхаарлыг тань татсан монголчуудын дундах өвчлөл, амьдралын хэв маяг юу байв?
 
-Бид бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэхдээ тухайн улсын амьдралын хэв маягуудыг харгалздаг. Тухайн бүтээгдэхүүнийг бүхий л эрсдэл бүхий хүчин зүйлсийг тооцож үзсэн байдлаар зах зээлд гаргана. Хэрвээ аливаа нэг оронд тамхины хэрэглээ өндөр бол бүтээгдэхүүн илүү үнэтэй болно. Зах зээл болгон өөрийн үнэтэй. Бодьтой хамтран хэрэгжүүлэхээр зорьж буй бүтээгдэхүүнээр дамжуулан бид хүмүүсийг илүү зөв амьдралын хэв маяг руу залахыг хүсч байгаа. Эрүүл байхын тулд зөв хооллолт, дасгал хөдөлгөөн чухал. Зарим улст бидний санал болгодог бүтээгдэхүүний багцад  эрүүл зөв амьдрах үйлчилгээ багтдаг. Өөрөөр хэлбэл, хэрхэн эрүүл амьдрахыг хэлж өгч, одоогийн нөхцөлд юу, юуг өөрчлөх  ёстойг зааж өгдөг. 
 
-Монголчууд танай үйлчилгээг авснаар ямар давуу талуудыг мэдрэх вэ?
 
-Тоног төхөөрөмж сайтай шилдэг эмнэлэгээр хурдан шуурхай оношоо тодорхойлуулж, чанартай үйлчилгээг цаг алдалгүй авснаар даатгуулагчид гэр бүл, ажил гэх мэт бусад ажил төрөлдөө илүү их цаг зарцуулах, төлөвлөлт хийх боломж олдоно. Мөн гаднын эмэнэлгүүдэд ч цал алдалгүй хүргэж эмчилгээ үзүүлнэ. Бидэнтэй уулзсан олон монгол хүн Өмнөд Солонгос, Өвөр Монгол, Хятад, Сингапурт очиж эмчлүүлж байсан гэж хэлсэн. Ийм хэрэгцээ шаардлага байгаа одоогийн нөхцөлд манай бүтээгдэхүүн үйлчилгээ сайхан боломж юм.  
 
 
 
 
Б.Энхцэцэг