Г.Энхтайван: Монгол бүс нутагтаа давхар даатгал экспортолдог улс байх боломж бий

Өнгөрсөн оны байдлаар 107 орчим тэрбум төгрөгийн даатгалын хураамжийг манай компаниуд татан төвлөрүүлсэн байна. Үүнийг өнгөрсөн онтой нь харьцуулахад өсөлттэй гарч байгаа. Эдийн засгийн хямарч байгаа ч 2014 оноос өмнөх дөрвөн жилийг харахад жилд дунджаар 42 хувиар өсч байсан байдаг. Салбарын хэмжээнд нийт актив 152 тэрбум төгрөгт хүрсэн байна. Салбарын хөгжил хангалттай биш байгаа ч сайн талаас нь харвал бидэнд асар том боломж байгааг Г.Энхтайван бидэнд өгсөн ярилцлагад онцоллоо. Мандал Даатгал компанид Давхар даатгалын менежерээр ажиллаж буй  Г. Энхтайван нь “Сardiff Metropolitan ” их сургуулийг Бизнесийн удирдлагаар төгссөн.  Тэрбээр дотооддоо Тэнгэр даатгал, Чоно корпораци, UMC Alpha зэрэг компаниудад ажиллаж байсан байна. Харин гадаад туршлагын хувьд Лондон хотод “Maygrove Estates” үл хөдлөхийн компанид ажиллаж байсан туршлагатай. 

-Санхүүгийн зах зээлийн нэг хэсэг болох даатгалын салбарын хувьд хөгжил нэлээд сул байна. Үүнийг юутай холбон тайлбарлах вэ?

Монгол бол том хэмжээний осол аваар, байгалийн гамшиг бага тохиолддог орон. Бусад оронд хар салхи, цунами дайн дажин гарах зэрэг эрсдэл байдаг бол Монголд харьцангуй тайван учир айдас бага, даатгал хийлгэх сонирхол төдий чинээ бага байдаг. Эрсдэлийн түвшин ихсэхэд даатгалд хамрагдах тоо ихэсдэг эерэг коррелиац байдаг. Мөн даатгалын хөгжлийг иргэдийн амьжиргааны түвшинтэй холбож ойлгож болно. Хүмүүс даатгалыг хоол хүнс, хувцас, орон байр шиг байнга бөгөөд нэн чухал хэрэгцээ гэж үздэггүй. Тэрийгээ дагаад даатгалыг төсөвтөө нэлээн хойгуур байранд тавьдаг

Даатгалын салбарыг авч явж буй хүмүүсийн мэргэжлийн байдал нэг талаас сул байгаатай холбож үзэх хэрэгтэй болов уу. Мэргэшсэн байдал сул байна. Даатгал бол мэдлэгийн эдийн засгийн нэг том төлөөлөл. Даатгал гэдэг банкны салбараас дутахааргүй бусдаас ялгарах зарчимтай, нягтлан бодох бүртгэлийн өндөр сахилгыг шаарддаг, хяналт ба зохицуулалттай явдаг үйл ажиллагаа юм. Манайд хяналт ба зохицуулалт сайн боловч голоо олоогүй, бизнесийн арга барил, ёс зүйн доголдол гардаг, салбарын хэмжээнд манлайлагчгүй, салбарын эрх ашгийн төлөө гэх нэгдмэл чанар сул ийм дүр зураг байна гэж үзэж байна. Английн даатгалын салбар гэхэд салбарын эрх ашгийнхаа төлөө бол нэгдмэл чанар асар сайтай. 1991 онд "Lloyd’s" ийн даатгалын захыг дампууруулалгүй авч үлдэж чадсан түүхийг харахад салбарын нэгдмэл чанар асар том үүрэгтэй байсан байдаг. Богино хугацаанд тухайн нэг компанийн орлогыг өсгөж болох ч хялбар, хямд, цаашлаад ёс зүйгүй арга барилууд нь урт хугацаанд салбарын нэр хүндийг унагаж хөгжлийг нь хойш чирдэг. Орлогод суурилсан андеррайтинг гэдэг бол ашигтай ажиллана гэсэн үг биш. 

Олон нийтэд даатгал гэх ойлголт дутмаг байна. Хэрэглэгчдэдээ даатгалын мэдлэгийг түгээдэг баймаар байна. Салбараараа "PR"- ийг сайн ашиглах, салбарын имижийг шинэ түвшинд гаргаж ирэх шаардлагатай харагдаж байна. Даатгал бусад санхүүгийн салбаруудаа бодвол ойлгомжгүй, уйтгартай, анхаарал татахааргүй гэсэн дүр зурагтай байна. Ганц манайд биш ер нь гадны улс орнуудад арилжааны банкнууд, хөрөнгийн зах зээл илүү нэр хүндтэй, гоё харагддаг. Тиймээс мундаг толгойтой залуус даатгалыг анзаардаггүй тал байдаг.

-Манай улсын даатгалын салбарыг бусад улсынхтай харьцуулбал ямар түвшинд байна вэ?

-Хөгжсөн орнуудыг харвал даатгалын салбар нь нийт эдийн засгийнхаа 5-8 хувийг эзэлдэг.  Манайх 0.6 хувийг эзэлж байна. Энэ бол даатгалын салбар сул хөгжилтэй байгааг харуулж байна. Мөн санхүүгийн салбараа харвал банкны салбар татан төвлөрүүлсэн  хөрөнгөөрөө нийт активийн 97 хувийг эзэлж байна. Тэнцвэрт харьцаа байхгүй байгаа. 

Манай компани Монгол улсын даатгалын нэвчилтийг тогтоож үүнийгээ “Lloyds” ийн олон улсын даатгалын нэвчилтийн жишиг түвшинтэй харьцуулсан судалгаа хийж үзсэн. “Lloyds”-ийн судалгаагаар хөгжиж буй улсын хувьд даатгалын салбарынх нь жилд татан төвлөрүүлж буй хураамжийн дүн дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 1.6 хувьтай тэнцэж байх жишгийг тавьсан байгаа. Өөрөөр хэлбэл, 1.6 гэдэг түвшинд хүрч байвал тухайн улсын даатгалын нэвчилт зохистой түвшинд байна гэсэн санаа юм. Энэ бол хангалттай гэсэн үг биш. 1.6 хувиас дээш гарч байвал илүү сайн. Жишээлбэл Голланд улсыг даатгалын нэвчилт хамгийн өндөр улс гэж үздэг. 2012 онд гэхэд Голландын даатгалын салбарын хураамж дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 9.5 хувьтай тэнцэж байсан. Өмнөд Солонгос 4.6 хувь, Хятад 1.1 хувьтай байх жишээтэй. 

2014 оны байдлаар харвал манай улс даатгалын салбарын хэмжээнд 107 тэрбум төгрөгийн хураамжийн орлоготой ажилласан ба ДНБ 7.8 хувийн өсөлттэй буюу 21.8 их наяд төгрөгтэй тэнцэж байна. Манай даатгалын салбарын нэвчилт 0,6хувьтай буюу олон улсын жишгээс даруй 62.5 хувиар доогуур байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл бид доод тал нь 350 тэрбум төгрөгний хураамж буюу одоогийн амжилтаасаа доод тал нь 2.7 дахин их хураамжийн орлоготой ажиллаж байж салбарын хөгжил маань олон улсын зохистой гэж үзэж буй түвшинд хүрэхээр байна. Даатгалд хамрагддаггүй аж ахуйн нэгжүүд, иргэд маш их байна гэсэн үг. Монгол улсад байгаа нийт тээврийн хэрэгслийн 12 хувь нь тээврийн хэрэгслийн даатгалтай гэсэн судалгаа байдаг. Үүнээс хэдэн хувь нь сайн дурын хэлбэрээр хийгдэж байгааг бодоод үзэх юм бол нэвчилт муу байгаа нь ил байна. Зохистой түвшин гэдэг нь хангалттай буюу нэвчилт маш сайн гэсэн үг биш. Бодоод үзье. Хэрэв бид Голланд шиг ДНБ-ийхээ 9.5 хувьтай тэнцэх хураамжийн орлоготой ажилласан гэж төсөөлбөл энэ нь 2.1 их наяд төгрөг болохоор байсан байна.  


Хөгжсөн орнуудыг харвал даатгалын салбар нь нийт эдийн засгийнхаа 5-8 хувийг эзэлдэг.  Манайх 0.6 хувийг эзэлж байна. Энэ бол даатгалын салбар сул хөгжилтэй байгааг харуулж байна.


-Даатгалын салбарыг хөгжүүлэхийн тулд юу хийх хэрэгтэй вэ?

-Даатгалын салбарт хөрөнгө оруулалт хэрэгтэй. Энэ бол салбарын онцлог. Манай компаниудын капиталжилт их бага. Гэтэл салбарын онцлог нь бусад төрлийн бизнестэй харьцуулахад харьцангуй өндөр капиталжилтыг шаарддаг. Ингэж байж хүсч буй үр дүн бүхий даатгалын үйл ажиллагааг бий болгоход илүү хурдан хүрэх боломжтой гэсэн үг. Даатгалын онцлогыг судлахад бага капиталжилттайгаар маш өндөр хувьтай органик өсөлтийг бий болгоход тун хэцүү гэдэг. Энэ нь цэвэр ашгаасаа өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх хэлбэрээр өсөхийг хэлж байгаа шүү. Өнөөдрийн даяарчлагдсан, хөрөнгө оруулалтын олон төрлийн боломж бий болсон орчинд органик бус аргууд бий ба тэдгээр нь илүү үр дүнтэй байх магадлал өндөртэй харагдаж байна. Капиталжилтыг ярих нэг чухал шалтгаан нь ингэж байж бид даатгалыг экспортлох боломж маш ойр болно гэсэн үг юм. Барууны улсуудын Оросод үзүүлж буй санкц даатгалд мэдрэгдэж байна. Орос барууны орнуудаас даатгалаа авах боломжгүй болсон тул Хятадын компаниудаас даатгал авч байна. Казахстаны даатгалын компаниудаас авч байна. Монгол бүс нутагтаа "inward reinsurance" хэлбэрээр буюу давхар даатгал экспортолдог улс байх боломж бий.   

-Манай даатгалын компаниуд өндөр ашигтай ажиллаж чаддагүй юм шиг тайлан үзүүлэлтээс харагддаг. Энэ юунаас үүдэлтэй вэ?

-Салбарын тоон үзүүлэлтүүдийг харах юм бол нийт цуглуулсан хураамж болон хохирлын харьцаа хооронд том зөрүү байдаг. Нийт хохирол буюу эргээд төлж буй нөхөн төлбөр цуглуулсан цэвэр хураамжтай харьцуулахад сүүлийн таван жилийн дунджаар 37 хувийг эзэлж байгаа бол 2014 онд 43 хувийг нь эзэлж байгаа нь манайхан өндөр ашигтай ажиллах боломж байгааг харуулж байгаа. Барууны ердийн даатгалын компаниудын хохирлын харьцаа 80 хувьтай байх нь жирийн үзэгдэл. Гэтэл СЗХ-ны тайлан мэдээллээс харахад ашигт ажиллагаа багатай гардаг. Учир нь үйл ажиллагааны зардалд хохиролд төлснөөсөө их зардал гаргадаг. Тухайлбал,2014 он гэхэд үйл ажиллагааны зардалд 64.6 хувийн зардал гаргасан байна. Энэ нь андеррайтингийн /Даатгалын суурь бизнес/ үр дүнг 7.7 хувийн алдагдалтай гаргаж байна. Нэг ам.долларын хураамж бүрт 1.07 ам.долларыг буцааж гаргаж байна гэсэн үг. Хөрөнгө оруулалтын орлого орж ирж байж ашигтай ажиллаж байна л даа салбарын хэмжээний үзүүлэлтийг харахад. Уул нь бол даатгалын компани андеррайтингийн болон хөрөнгө оруулалтын аль аль үзүүлэлтээр нэмэхтэй ажиллахыг зорьдог. 

Түүнээс гадна давхар даатгалын импорт их хийж байна. Давхар даатгалыг буруутгах аргагүй. Манайд даатгал авч заншсан тоотой хэдэн том компаниуд бий. Тэдний үнэлгээ маш өндөр байдаг тиймээс хүссэн хүсээгүй санхүүгийн нөөц бололцоо сайтай гадны компаниудад давхар даатгуулах шаардлага үүсч байна. 2014 оны нийт хураамжийн 33 хувь давхар даатгалд шилжсэн байна. Факультатив, Фронтинг зэрэг давхар даатгалын хэлбэрээр хийгдсэн нь 99 хувийг эзэлж байна гэвэл гайхах зүйл биш. Ийм төрлийн хэлбэрээр хийгдсэн гэрээнүүд ихэвчлэн “non-admitted”/ Гаднын компаниудаар дамжиж орж ирсэн даатгал/  уг гаралтай бизнес байдаг. Тиймээс ердийн даатгагчдад “reinsurance commission” буюу шимтгэл бараг олддоггүй. Ийм учраас манай үйл ажиллагааны зардал их байх нэг нөлөө.  


Нийт хохирол буюу эргээд төлж буй нөхөн төлбөр  цуглуулсан цэвэр хураамжийн 37 хувийг сүүлийн таван жилийн дунджаар эзэлж байгаа бол 2014 онд 43 хувь байгаа нь манайхан өндөр ашигтай ажиллах боломж байгааг харуулж байна. 


-Ямар төрлийн даатгалд даатгуулагчдын хамрагдах хүрээ нь бага байна вэ?

-Даатгалын төрлөөр нь харвал тээврийн хэрэгсэл, хөрөнгийн даатгалын хураамж зонхилох хувийг эзэлдэг. Том компаниудын хөрөнгөндөө төлж буй хураамж ихэнх хувийг эзлэх болов уу. Харин жижиг дунд бизнесүүд, үйлдвэрлэгчдийн хувьд даатгуулах нь эрс бага байдаг

Эрүүл мэндийн даатгал өнөө үед нэн чухал ч иргэд төдийлэн хийлгэдэггүй. Монголд энэ төрлийн зах зээл байна. Гэвч хөгжил нь нэлээд хоцорч байна. Манайд өвчлөл их байна, залуугаараа их өвдөж байна. Үүнд хандивийн данс нээх, тусламж гуйх зэргээс өөр гаргалгаа иргэдийн дунд харагдахгүй байна.. Өвчлөл ихсэх тусам эрүүл мэндийн даатгал авах нь ихэсч буй. Эрүүл мэндийн салбарыг орхигдуулж олон жил явлаа. Нийгмийн шаардлага гарч ирж байгаа учир одоо хөгжиж байна. Өнөөдөр хүн бүр цалингаасаа хоёр хувийг улсад эрүүл мэндийн даатгалд гэж төлдөг. Гэтэл энэ даатгал нь хүнд хүртээлтэй зүйл багатай тэгээд үр шимийг хүртэхэд хүндрэл ихтэй. 

-“AXA” Гадаадын томоохон даатгагч Монголын эрүүл мэндийн даатгалын зах зээлд орж ирэхээ баталгаажуулчихлаа. Тэгвэл энэ ямар мессежийг даатгалын зах зээлд өгч байна вэ?

-Дэлхийд олон үзүүлэлтээр нэгт бичигддэг Францын даатгалын компани орж ирж байгаа нь Монголд эрүүл мэндийн зах зээлийн сул хөгжлийг бизнесийн боломж гэж харж буйг хэлж байна. “AXA” ийн нийт актив нэг их наяд ам долларыг давсан байдаг. Зөвхөн ердийн даатгалын даатгалын компанийх нь 2014 оны цэвэр ашиг нь манай эдийн засагтай бараг тэнцэж байна. Энэ компанийг дагаад “KNOW HOW” орж ирнэ. Эрүүл мэндийн зах зээлийг хөгжүүлэх дэд бүтэц орж, сургалт судалгаа хийгдэнэ, хүмүүс илүү боловсорно. Цагаа олсон эерэг мессэж гэж би харж байгаа. Гол нь зах зээлээ мэдэрч бүтээгдэхүүнээ боловсруулаасай, үнээ тогтоогоосой, дотоодын түншлэл нь энэ боломжийг алдалгүй сайн ажлаасай гэж хүсэх байна.

-Хувиараа эрүүл мэндийн даатгал хийлгэх ач холбогдлыг улсын даатгалтай харьцуулахад? 

-Хөдөлмөр эрхэлж буй нийт сая гаруй Монгол хүний төлж буй хураамжаас эрүүл мэндийн даатгалд төвлөрч буй мөнгөн дүн 360 тэрбум төгрөг байгаа бол хувийн даатгалын компанид төлж буй эрүүл мэдийн даатгалын хураамж 2013 онд ердөө л 500 сая хүрэхгүй шахам төгрөг болж байсан. 2014 онд нэг тэрбум төгрөгт хүрлээ.  Гэтэл тэр их мөнгө хуримтлуулж буй улсын эрүүл мэндийн үйлчилгээ ямар байгааг бодох хэрэгтэй. Арилжааны эрүүл мэндийн даатгалын жилийн хураамж 200-2000 ам.долларын хооронд хэлбэлздэг. Өндөр дүн төлнө гэдэг эрүүл мэндийн даатгалын хамгаалалт сайжирна гэсэн үг. Нийт 200 ам.долларын даатгал доод тал нь авлаа гэхэд 250.000 ам.долларын хамгаалалтыг тухайн бүтээгдэхүүн олгодог. Энэ нь хорт хавдар тусахад зардал бүрэн төлөгдөх боломжтойг харуулж байна. Хүн нас нэмэх тусам өвчинд өртөх магадлал ихэснэ. Насны шатлалаар жилийн төлөх төлбөр дээш доошоо хэлбэлзэнэ. Жил бүр даатгалд 200 ам.доллар төлсөөр 10 жил боллоо гэхэд 2000 ам.доллар л болж байгаа юм. Гэтэл 10 жилийн дараа туссан хүнд өвчин хэдэн ч арван сая төгрөгийн зардал нэхэж болно. Арилжааны даатгал тул даатгуулагчдыг татахын тулд өрсөлдөөн ширүүн. Бүтээгдэхүүний онцлог нь олон улсын эмнэлэгүүдийг санал болгодог. Өрсөлдөөний эерэг нөлөө бол үйлчилгээ сайжрана.

  


Монголд хууль эрх зүйн зохицуулалтаар дотоодын даатгалын компаниудад давуу талыг бий болгох боломжтой


-Томоохон төслүүдийг дагаж даатгалын компаниудыг хөгжүүлэх боломж байна уу?

-Даатгалын компаниудыг хөгжүүлэх боломж гэвэл хэд хэдэн боломжийн тухай ярьж болно л доо. Гэхдээ томоохон төслүүдийн хувьд авч үзвэл манай даатгалын компаниудыг хөгжүүлэх боломжтой юу? Боломж тодорхой хэмжээгээр бий. Эхлээд төслүүдээ тодорхойлох хэрэгтэй. Хоёр төрлийн төсөл харагдаж байна. Нэг нь уул уурхайн буюу дэлхийн хэмжээний ордуудыг түшиглэсэн гадны хөрөнгө оруулалттай төслүүд. Хоёр дахь нь дэд бүтэц, орон сууцны гэх мэт барилга угсралтын төслүүд. Үүнд захиалагч нь дотоодын компаниуд, төр ихэвчлэн байна. Дээрх төслүүдийн олгож буй боломж даатгалын хууль дүрэм, зохицуулалтанд өөрчлөлт оруулж байж бий болно. Мөн захиалагч буюу Монголын тал даатгалын асуудлыг өөр дээрээ авах, дотоодын даатгалын компаниудтай хамтарч ажиллаж байж бий болгоно. Томоохон уул уурхайн компаниуд ихэвчлэн гадны хөрөнгө оруулалттай гадны компаниуд байдаг. Тэд өөрийн гэсэн хамтарч ажилладаг даатгалын компаниудтай байдаг. Мэдээж тэдгээр нь гадны компаниуд. Уул уурхайн эрсдэл нь Монгол улсын нутаг дэвсгэр дээр байдаг гэтэл дотоодын даатгагчид нь гадны даатгагчидтай өрсөлдөж чадахааргүй байдаг. 

-Тэгвэл дотоодын даатгалын компаниудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд яах вэ?

-Монголд хууль эрх зүйн зохицуулалтаар дотоодын даатгалын компаниудад давуу талыг үүсгэх боломжтой. Хэрвээ тэгэхгүй бол хэчнээн сурталчилгаа хийгээд бидэнд гаднын олон улсад танигдсан том компаниудтай өрсөлдөөд гарч ирэх боломжгүй. Түүнээс гадна олон улсад үйл ажиллагаатай компаниудын өнцгөөс харвал олон улсын том брокер эсвэл ердийн даатгагчтай ажилладаг шалтгаан нь мастер гэрээний хүрээнд даатгалын зардлаа багасгах эсвэл ажил гүйцэтгэлийн хувьд даатгалын зардлыг өндөр төсөвлөж орлогын нэг эх үүсвэр бий болгох зорилгоор юм. Хураамж аль болох тухайн улсдаа төвлөрч байвал сайн. Гаднын компаниуд орж ирээд даатгал хийх хэрээр дотоодын эрсдэлийн хураамжууд гадагшлаад байгаа юм. Үүнийг төрөөс бодлогын хэмжээнд авч үздэг улсууд бий. 

Тухайлбал, Тайланд, Индонез, Хятад, Вьетнам гэх мэт улсууд байна. Хятад, Тайландын даатгалын тухай хууль, даатгагч болон мэргэжлийн оролцогчдын зохицуулалтыг харлаа. Тухайн улсад бүртгэлгүй тэгээд зохицуулах хорооны зөвшөөрөлгүй даатгагч тухайн улсын нутаг дэвсгэр дээрх эрсдэлийг даатгахыг хуулиар хориглосон байдаг. Хуулийг зөрчвөл даатгасан, даатгуулсан хоёр талыг хоёуланг нь шийтгэх заалттай. Мэргэжлийн оролцогчдын хувьд ч тэр ижил зохицуулалт үйлчилж байна. Мөн Индонез манайхтай төстэй газар доорх баялаг ихтэй, нүүрсний том том уурхайнуудтай гадны хөрөнгө оруулалттай олон төслүүд хэрэгждэг. Индонез гэхэд дотоодын эрсдэлийн 15 хүртэлх хувийг дотоодын компаниуд даатгах эрхийг хуулиараа олгочихсон байдаг. 

Мөн заавал дотоодын компани түрүүлж даатгах бөгөөд, тэднээр дамжиж гаднын компанид давхар даатгуулах ёстой гэж заасан байдаг Өөрөөр хэлбэл энэ нь манайд байсан бол Монгол улсад бүртгэлгүй, зохицуулах хорооноос зөвшөөрөлгүй гадаадын даатгагчдыг ердийн даатгагчаар оролцуулахгүй мөн Монгол улсад бүртгэлгүй, зохицуулах хорооны зөвшөөрөлгүй гадаадын мэргэжлийн оролцогчийг ердийн даатгалын үйл ажиллагаа хийлгэхгүй гэсэн үг. 

Үүнээс гадна барилга байгууламж, дэд бүтцийн төслүүдийн хувьд, захиалагч буюу Монголын тал даатгалын асуудлыг өөрөө шийддэг байх хэрэгтэй. Төслийн даатгал яригдахад “CCIP” эсвэл “ECIP” гэдэг хоёр ойлголт сөхөгдөнө. “ECIP” буюу захиалагчийн мэдлээр анхнаасаа гэрээлэх хэрэгтэй. Ингэснээр нэгт даатгагдаж болох бүх боломжит эрсдэлүүдийг нэгдсэн нэг мастер програмд хамруулах боломжтой болдог. Мөн даатгалын зардлыг хэмнэнэ. Дээрх нөхцлүүд бүрдвэл том төслүүд даатгалын компаниудыг хөгжүүлж чадна.  

 

 

 

Б.Энхцэцэг