Шинэ эхлэл ба Шарын гол

Дархан-Уул аймгийн Шарын гол сум Улаанбаатар хотоос 240 орчим, аймгийн төвөөс 70 орчим км зайтай. Сум гэхэд дэд бүтцийн хөгжил зарим аймгийн төвөөс ч илүү. Төмөр зам, өндөр хүчдэлийн шугамд холбогдсон, 7.2 гкал хүчин чадал бүхий бие даасан дулааны станцтай, 15 блок таван давхар орон сууцтай энэ сум өмнө нь “хот”-ын статустай байв. 9000 гаруй оршин суугчтай тус “хотод” өнөөдөр 2200 гаруй сурагчтай ерөнхий боловсролын хоёр сургууль, 350 хүүхдийн орон тоотой гурван ч цэцэрлэг бий. Сум ингэж бусдаасаа “тасархай” хөгжсөн нь 50 дахь жилийнхээ нүүрийг үзэж буй Шарын голын нүүрсний уурхайтай салшгүй холбоотой.
 
Шарын голын нүүрсний уурхайтай уншигч та 1981 онд бүтээсэн уурхайчдын ажил, амьдралын тухай өгүүлдэг “Гэрлэж амжаагүй явна” уран сайхны киноноогоор эчнээ танилууд билээ. Урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бунтарын найруулсан кинонд Шарын гол 1600 гаруй ажилтантай, жилдээ хоёр сая орчим тонн нүүрс олборлодог хөдөлмөр өрнүүн үе дүрслэгдсэн байдаг. Өнөөдөр уурхайн захиргаа хүрэх зам дагуух шороон овоолгууд өвс ургамалд хучигдан, мод ургаж байгалийн унаган төрх нь юм уу гэж эндүүрэхээр болжээ. Хагас зууны түүх туршлагыг гэрчлэх мэт. Тэгвэл 50 жилийн дараа гэхэд Шарын голын уурхай хувьцаат компани болж Монголын Хөрөнгийн бирж дээр хувьцаа нь эрэлттэй, ТОП-20 индекст багтлаа. Тус уурхай салбартаа шинэ үеийн хөгжлийн туршлага хуримтлуулж яваагийн нотолгоо энэ ажээ. Анх уурхайн ордыг Зөвлөлтийн мэргэжилтнүүд илрүүлж 100 сая тонн нүүрсний нөөцтэй гэж тогтоосон байдаг.
 
Харин 2003 онд төр өөрийн эзэмшиж байсан 80 хувийг хөрөнгийн захаар дамжуулан шилжүүлснээр уурхай 100 хувь хувийн өмч болж. Энэ үед уурхайн машин, техник хуучирч хоцрогдсон, хөрс хуулалтын ажил муу хийгдсэнээс ил уурхайн шаталсан ханууд эгцэрч, олборлолтын хэмжээ 2010-2011 оны үед 300 мянган тонн болтлоо буурсан байна. Уурхайн үйл ажиллагаа удахгүй зогсоно гэсэн хүлээлт үүсч, тогтоосон нөөц ч шавхагдаж байлаа. Харин 2010 оноос АНУ-ын “Firebird management” хөрөнгө оруулалтын сан тус компанийн хувьцааг ихээр худалдан авч, улмаар компанид хөрөнгө оруулалт хийв. 2010-2013 онд 5.1 сая ам.доллараар лицензийн талбайд нэмэлт хайгуул хийснээр тус уурхайн сэргэлт эхэлжээ. Хайгуулын ажлын үр дүнд олон улсын JORC стандартын дагуу үндсэн уурхайн нөөцийг 71.8 сая тонн гэж тогтоосон бөгөөд үүнээс гадна 124.4 сая тонн нүүрсний нөөц бүхий “Шаазгайт” ордыг илрүүлэн баталгаажуулсан байдаг. Энэ үр дүнг Монголын эрдэс баялгийн зөвлөл хянаж үзээд одоо ашиглаж буй технологиор 191 сая тонныг нь олборлож, ашиглах боломжтой гэсэн дүгнэлт хийжээ. “Шарын гол” ХК хөрөнгө оруулалт татсанаар машин, тоног төхөөрөмжүүдээ шинэчилж, хөрс хуулалтын ажлыг эрчимжүүлж чадсан байна. Ингэснээр олборлолт нэмэгдэж 2013 онд олборлолтоо бараг хоёр дахин “нугалж”, өнгөрсөн жилд 700 мянган тонныг гарган авснаар үйл ажиллагаа нь эргэн жигдэрч, 2014 оны ТОП-100 аж ахуйн нэгжид багтах хүртэл амжилттай ажилласан байна. Харин энэ онд 900 мянган тонныг олборлох, дараа ирэх жилээс сая тонн хүргэх төлөвлөгөөтэй байгаа аж. Ирэх хоёр гурван жилээс олборлолтоо бүр 2.5 сая тоннд хүргэх зорилт өмнөө тавьжээ.
 
50 настай “Шарын гол” ХК үйлдвэр-лэлийн шинэ үеийг эхлүүлэх гэж байна. Шарын голын нүүрс Монголын бусад уурхайнхтай харьцуулахад илчлэг чанар өндөр, шаталт сайтай гэдэг. Олборлож буй нүүрсний дийлэнх нь 4900 ккал/кг давсан илчлэгтэй. Тийм ч учраас хүнд үйлдвэрүүд түүхий нүүрсийг нь авч ашигладаг. Тэгвэл компани нүүрснийхээ илчлэгийг сайжруулж 6000 ккал/кг хүргэхээр төлөвлөжээ. Үүнд хүрэх арга нь нүүрсийг баяжуулах бөгөөд жилдээ 600 мянган тонн нүүрс баяжуулах хүчин чадал бүхий үйлдвэрийг ашиглалтад оруулсан байна. Английн “Parnaby Cyclones” хэмээх компанид үйлдвэрийн тоног төхөөрөмжийг захиалж хийлгэсэн гэнэ. Тус компани нь бүх төрлийн ашигт малтмалын баяжуулалтын технологи үйлдвэрлэлээр мэргэшсэн, олон улсад танигдсан бөгөөд туршилт тохируулгын ажлаа ч өөрсдөө хариуцаж ажиллажээ. Харин гүйцэтгэл дээр Австралийн “JPCM” компаниийн мэргэжилтнүүд ирж хяналт тавьсан байна. Туршилт тохиргооны явцад ямар ч асуудал гараагүй бөгөөд үйлдвэрийн ирээдүй гэгээлэг байгаа тухай тус үйлдвэрийн менежер Э.Мөнх-Оргил ийн ярьсан юм.
 
Шарын голын уурхай хойд бүсийн буюу Эрдэнэт, Дарханы эрчим хүчний станцын хэрэглээг хангадаг. Нийт олборлосон нүүрснийхээ 75 хувийг эрчим хүчний хэрэглээнд нийлүүлдэг. Харин түүхий нүүрсний үнийг төрөөс өнөөдрийг хүртэл хязгаарласаар байгаа нь эрчим хүчний үйлдвэрүүдэд сөргөөр нөлөөлсөөр буйг бид мэднэ. Гэтэл нүүрс олборлох, тээвэрлэх зардал нь олох орлогоосоо бараг давдаг аж. Ийм нөхцөлд компани ашигтай ажиллаж, өргөжих, тэлэх бололцоо хомс болдог талаар Монголын уурхайн удирдлагууд байнга ярьдаг. Хэрэв уурхайн үйл ажиллагаа тэлж, компани ашигтай байвал наад зах нь сум, орон нутгийн иргэд ажил орлоготой байх нь мэдээж. Тус компанийн ажилчдын 90 гаруй хувь нь Шарын гол сумын иргэд. Дээр нь нүүрс баяжуулах үйлдвэр нээгдсэнээр 20-иод хүн ажлын байртай болжээ. Тэдний цаана 20 гэр бүл баталгаата орлоготой болсон гэсэн үг. Цаадахыг нь харвал уурхайг дагасан жижиг, дунд бизнесүүд бий болж Шарын голынхны хөгжилд нэмэр болох учиртай. Тухайлбал, өнгөрсөн өвөл уурхайн ажилчдын гутлыг сумынхаа үйлдвэрлэгчтэй гэрээ байгуулж, худалдан авсан байна.
 
Нүүрс баяжуулах үйлдвэр байгуулснаар компани эрчим хүчний зах зээлээс ихээхэн хамааралтай байдлаасаа гарч дээр дурьдсан сайн үр дагавар улам өргөн хүрээг хамрах үүд нээгдэж байгаа юм. Шарын голын баяжуулсан нүүрсийг импортлохоор ярилцаж байгаа БНАСАУ-ын Газар, далайн тээврийн сайд Кан Жон Ван энэ оны гуравдугаар сард “Шарын Гол” ХК-д зочилж нүүрс баяжуулах үйлдвэртэй танилцжээ. Тэрбээр “Цаашид үйлдвэрийн үйл ажиллагаа жигдэрч, экспортын чанартай нүүрсийг гадаад зах зээлд амжилттай гаргана гэдэгт итгэлтэй байна” хэмээн ярьсан нь энэ үйлдвэрийн ирээдүйг нэлээд гэгээлэг төсөөлөлтэй болгож. “Шарын гол” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Батбаатар ”Одоо нээгдэж буй баяжуулах үйлдвэр нь ердөө нэгдүгээр үе шат. Цаашид үйлдвэрээ улам өргөжүүлж жилд хоёр сая тонн нүүрс борлуулах хэмжээнд хүргэх зорилготой” гэв. 1980-аад оны Шарын голтой харьцуулахад өнөөгийн Шарын голын үйл ажиллагаанд “муу” дүн тавина. Харин таван жилийн өмнөхтэй харьцуулбал “үнэмлэхүй сайн” дүн авна. Ахин таван жил өнгөрөхөд түүхэн амжилтаа шинэчлэнэ гэдэгт эргэлзэх зүйл үгүй ажээ. Уурхай хэзээ хаалгаа барих бол гэсэн айдас замхарч, 200 жил, магад түүнээс ч илүү урт хугацаанд ашиглах тэмүүллээр солигдож болох юм. Уурхайтайгаа нас чацуу энэ суманд гурван үеийн уурхайчид амьдардаг. Эдүгээ дөрөв дэх үе нь номын дуу сонсч, боловсорч байна. Тэд Шарын голын уурхайг ирээдүйд манлайлан авч явах хүч юм.
 

 Э.Мөнх-Оргил: Хамгийн муу чанарын нүүрсний илчлэг 6000 ккал/кг давсан

 
-Үйлдвэр ашиглалтад орсноор нүүрсний чанарт ямар өөрчлөлт гарах вэ?
 
-Баяжуулах үйлдвэр барьсан зорилго маань дотоодын хэрэглэгчдэдээ сайн чанарын нүүрс нийлүүлэхээс гадна экспортын гарцыг нээх. Өөрөөр хэлбэл, төмөр замд холбогдсон давуу талаа ашиглан Орос, Солонгос, Япон руу экспортлох зорилготой. Үнийн хувьд мэдээж олборлолтын зардал дээр тодорхой өртөг нэмэгдэнэ. Одоогийнхоос илүү ашиг олох боломжтой. Нүүрсний чанарын хувьд “ALS” олон улсын итгэмжлэгдсэн лабораторид түүхий болон баяжуулсан нүүрсний дээжийг шинжлүүлсэн. Тэгэхэд манай сайн чанарын нүүрсний илчлэг 6540 ккал/кг болсон. Тухайлбал, Хойд Солонгосын тавьж буй шаардлага 5500-6500 ккал. Гэтэл манай хамгийн муу чанарын нүүрсний илчлэг 6000 ккал/кг давж байгаа юм.
 
-Өрсөлдөх чадварын хувьд, ямар боломж байгаа вэ. Өмнөд, хойд хөрш өөрсдөө нүүрсний асар баялагтай шүү дээ?
 
-Хувьцаат компани, олон нийтэд нээлттэй, танигдсан гэдэг нь манай нэг давуу тал. Гарцаа бид нээчихсэн гэж үзэж байгаа. Зам, тээврийн яамны Далайн захиргаатай хамтарч ажилласны үр дүнд ОХУ-ын төмөр замаар дамжуулан далайн гарц нээхээр болсон. Мөн ложистикийн тээвэрт хамтарч ажиллах түнш маань зөвхөн тээвэрлэлт төдийгүй нийлүүлэлтийн асуудлыг давхар хариуцах санал тавьсан. Өөрөөр хэлбэл, бид олборлоод, баяжуулаад, түүнийгээ ачих үүрэг л хүлээх юм. Нүүрсээ баяжуулаад, нөөцөө бэлдчихвэл жилд 20 сая тонн хүртэлх экспортын зах зээл байгаа.

-Өргөжүүлэх боломж бий юу?
 
-Бид томоохон аж үйлдвэрүүдэд зориулсан сайн чанарын бүхэллэг баяжуулсан нүүрс, эрчим хүчний станцуудад зориулсан нунтаг баяжуулаагүй нүүрс гэсэн хоёр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Тиймээс нунтаг нүүрсэд зориулан ахин өргөтгөл хийх боломжтай. Эхний ээлжинд баяжуулсан нүүрсээ борлуулж, хэрэглэгчдэд хүлээн зөвшөөрөгдсөний дараа өргөтгөх төлөвлөгөө бий.
 
-Хөрөнгө оруулалтыг хэрхэн шийдсэн бэ?
 
-Европын хөгжлийн банкнаас зээл авсан. Одоогийн байдлаар үйлдвэрийн бүтээн байгуулалтад 12 тэрбум төгрөг зарцуулаад байна.
 

Б.Батбаатар: Хэтийн зорилго жилд хоёр сая тонн нүүрс борлуулах

 
-Шарын голын уурхай 50 жилийн түүхтэй. Цаашид ахиад зуун жил ашиглах тухай ярьж байна. Уурхайн ирээдүйг юу гэж харж байна вэ?
 
-Жил бүр нэг сая тонн нүүрс олборлоно гэж бодоход 194 жил ашиглах нөөц байна. Тэгэхээр ирээдүйгээ өөдрөгөөр төсөөлж сууна. Бусад уурхайтай харьцуулахад дэд бүтэц сайтай, төмөр замтай. 50 жилийн түүхтэй гэдэг утгаараа боловсон хүчний асуудал шийдэгдсэн, нүүрсний илчлэг чанар харьцангуй өндөр. Баяжуулах үйлдвэрээ бид нэгдүгээр үе шат гэж үзэж байгаа. Санхүүгийн боломжоо харж байгаад ирэх жилээс хоёрдугаар үе шатыг эхлүүлнэ. Хэтийн зорилго жилд хоёр сая тонн нүүрс борлуулах. Ингэхийн тулд жилдээ 2.5 сая тонн орчим түүхий нүүрс олборлох шаардлагатай. Одоогоор манайд 430 орчим хүн ажиллаж байна. Ажилчдын тоо цаашид нэмэгдэнэ, сум орон нутгийнхнаа илүүтэй дэмжиж ажиллана.
 
-Төрийн өмчит компани байх, эсвэл бүгдийг хувьчлах ёстой гээд олон нийт эсрэг, тэсрэг байр суурьтай байдаг. Төрийн өмчит компаниудын хувьд менежмент муутай гэдэг. Шарын голын уурхай ч өмнө нь төрийн өмчит байсан. Таны бодлоор төрийн компаниуд юун дээр алдаж байна вэ?
 
-Дэлхий даяар л төрийн өмчит компаниудыг хувийн өмчит компаниудтай адил өндөр ашигтай ажиллаж чаддаггүй гэсэн шүүмжлэл байдаг. Аливаа компани ашгийн төлөө ажилладаг байхад төрийн өмчит компаниудын хувьд давхар бодлого хэрэгжүүлэх үүрэг хүлээдэг. Ингэснээр ашиг олох гол зорилгоосоо тодорхой хэмжээгээр гаждаг. Миний бодлоор төрийн өмчит компани байх ёстой. Тийм шаардлага байна. Гэхдээ бүх компанийг төрийн өмчит болгох ёстой гэвэл өрөөсгөл. Хувийн хэвшил байснаар өрсөлдөөн бий болно. Чанар, үйлчилгээ сайжирна. Салбарынхаа хүрээнд ярихад Багануур, Шивээ-Овоо, Адуунчулуун манайхтай л адил эрчим хүчний салбарт нүүрс нийлүүлдэг компаниуд. Гэхдээ удирдлага нь төр. Хэрэв эдгээр компани хувийн хэвшилд очвол үйл ажиллагаа явуулахад хэцүү. Сүүлийн хэдэн жил алдагдалтай ажиллаж ирсэн. Төрийн өмчит болохоор л үйл ажиллагаа нь зогсолгүй явж байна. Энэ нь муу юу, сайн уу гэдгийг ганц ашгаар нь үнэлж болохгүй. Багануур, Шивээ-Овоо зогсвол өнөөдөр төвийн бүс эрчим хүчгүй болно шүү дээ.
 
-Баяжуулах үйлдвэр барьж буй зорилго нь юу вэ?
 
-Зорилго нь нүүрснийхээ чанарыг сайжруулж, тогтвортой нэг түвшинд барих. Манайх цахилгаан станцуудаас гадна Эрэл, Хөтөлийн цементийн үйлдвэр, Дархан төмөрлөг зэрэг үйлдвэрт нүүрс нийлүүлдэг. Цахилгаан станцуудын хувьд түүхий нүүрс хэрэглэх стандарттай. Эрэл, Хөтөлийн үйлдвэр хэдийгээр түүхий нүүрс хэрэглэж байгаа ч энэ нь бүтээмж бууруулдаг. Эрэлийн цементийн үйлдвэрээр жишээ авахад нүүрсээ нунтаг болгоод клинкер шатааж байгаа шүү дээ. Гэтэл түүн дотор шороо, чулуу орчихоор шаталт дутуу өгч, клинкерийн чанар нь мууддаг. Цаашлаад зуухыг нь гэмтээж хохирол учруулдаг. Гэтэл барилгын салбараа дагаад үйлдвэрлэл нь улирлын чанартай байдаг. Нэг удаа зуухаа зогсоож засвар хийхэд 2-3 долоо хоног алддаг гэж байгаа юм. Тэгэхээр нүүрс баяжуулах нь цаанаа бас эдгээр нарийн технологи ашиглаж байгаа байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих зорилготой юм.
 
 
 
Ц.Элбэгсайхан