Шийдэл

Монгол Улсын эрүүл мэндийн салбар салаа замын зааг дээр ирчихээд байна. Өнгөрсөн хугацаанд туулж ирсэн замаараа явах уу, эсвэл дэлхийн нийтийн зүглэж буй хөгжлийн шинэ замд гарах уу. Үүнийг төр шийдэх учиртай. Гэвч эл салбарт төрийн халамж үгүйлэгдэж буйг салбарынхан хэлж байна. Нэг үгээр эрүүл мэнддээ анхаардаг засаг бий гэдэгт олон хүн эргэлзэх болж. Хөгжингүй орнууд эрүүл мэндийн салбартаа дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 10-15 хувийг зарцуулдаг байна. Ингэж байж тэгш, чанартай, хүртээмжтэй эмнэлгийн тусламжийг иргэдэд үзүүлж байгаа. Гэтэл манайх хоёрхон хувийг зарцуулчихаад чанартай, хүртээмжтэй эмнэлгийн тусламж үзүүлье гэх нь өрөөсгөл.

Энэ онд Улаанбаатар хотын иргэн 1.5 саяд хүрчээ. Энэ нь манай улсын хоёр иргэний нэг нь нийслэлд амьдардаг гэсэн үг. Гэтэл хотын дүүргийн эмнэлэг, амаржих газрууд урьд тооцсон 500 мянган хүн амтай байх үеийн хүчин чадлаараа байна. Сүүлийн 25 жилд улсын төсвөөр нэг ч амаржих газар, дүүргийн эмнэлгийг шинээр босгоогүйг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга ярилаа. Гэтэл хүн амын тоо өмнө тооцоолсноос гурав дахин нэмэгдчихэж. Дулмаа эмээ улсын нэгдсэн болон дүүргийн эмнэлгүүдэд биеэ үзүүлэх гэж бараг долоо хоног эмнэлгийн үүд сахина. Энэ бол өнөөгийн хотын эмнэлгийн байгууллагын наад захын асуудал, хамгийн нийтлэг дүр зураг. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхбат “Хэдэн жилийн өмнө төсөв мөнгөө юунд зарцуулахаа мэдэхгүй л явлаа шүү дээ. Тэгэхээр ганцхан мөнгө дутсан учраас Улаанбаатар хотод эмнэлэг байгуулаагүй биш. Энэ бол бодлогын алдаа гэж хэлэхээс өөр аргагүй. Хүний тоо өсөхөөр хүнс нэмэгддэг биз дээ” хэмээв. Харин энэ оноос эхлэн улсын төсвөөс нийслэлд хүүхдийн гурван эмнэлэг шинээр барихаар болжээ.

Мөн 2015 онд Нийслэлийн Эрүүл мэндийн газрынхан Азийн хөгжлийн банкны тусламжтайгаар Сонгинохайрхан дүүрэгт эмнэлэг байгуулахаар төлөвлөж. Оношилгооны болон шүдний төв барих, Налайх дүүргийн Нэгдсэн эмнэлгийг концессын гэрээгээр барих зэрэг хэд хэдэн бүтээн байгуулалт хэрэгжих нь. Манайд зориулалтын дүүргийн эмнэлэг нэг ч байхгүй бөгөөд өмнө нь зочид буудал, конторын зориулалтаар ашиглаж байсан барилга л ногддог байна. Тиймээс энэ салбар дандаа үлдэгдэл хэлбэрээр санхүүжиж явсныг Ш.Энхбат учирласан. Тэрбээр “Өнөөдөр эрүүл мэндийн асуудлыг Сангийн яам шийддэг юм шиг болчихоод байна. Энэ онд Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын эмийн төсвийг гэхэд өнгөрсөн оныхоос 30 хувиар бууруулсан” гэлээ. Улсын хүн амын тоо гурван саяд хүрч, анх удаа 81700 шинэ иргэн төрж, үүний 41 мянга нь нийслэлд мэндэлсэн. Их хотын хүн ам 41 мянгаар нэмэгдэж байхад өмнөх оныхоос төсвийг нь хасна гэдэг хүнд асуудал. Гэтэл үүний дүнд ихэнх эмнэлэг эмийн өртэй болоод байгаа аж. Эл асуудлыг Нийслэлийн Эрүүл мэндийн газрынхан дөрөвдүгээр улирлын эмийн төсвийг тав, зургаа, долдугаар сар руу татаж байж шийдэж байгаа гэнэ. Тэгэхээр ирэх есөөс арванхоёрдугаар сарын хооронд дахин эмийн өр үүснэ гэсэн үг. Мөн эмнэлгийн тоног төхөөрөмжийн төсвийг дөрөв дахин танасан. Ийм нөхцөлд Нийслэлийн харъяа эрүүл мэндийн 22 байгууллагын өнөөгийн тааруухан үйлчилгээг тэнд ажиллаж буй эмч, ажилтнуудад тохох нь учир дутагдалтай. Өөрөөр, тариачин Батад тармуур, хадуур нь байхгүй бол Бат тариагаа яаж тарих билээ.

Хэдэн жилийн өмнө эрүүл мэндийн салбарыг эдийн засагт нөлөө үзүүлдэггүй салбар гэж үздэг байжээ. Харин одоо эрдэмтэд энэ салбар нь эдийн засагт шууд бус нөлөөлдөг гэж буй. Хүн эрүүл биш бол эдийн засгийн бэхжүүлж, өсгөнө гэх ойлголт байхгүй байх нь. Монгол Улсын иргэн бүр өвчтэй, хөдөлмөрийн чадвар муу байвал яаж эдийн засаг өсөх билээ. Тиймээс л эл салбарыг төрийн зүгээс нэгдсэн бодлогоор дэмжих хэрэгтэйг эрүүлийг хамгаалах байгууллагад олон жил ажилласан эмч нар хэлж байна. Энэ бодлого нь Засгийн газар, сайд, дарга нар солигдоход үл хөдлөхүйц эрүүл мэндийн салбарын хөгжлийн жанжин шугам байх ёстой аж. Ш.Энхбат “Монгол Улсын эрүүл мэндийн салбарт аль ч намаас хамаарахгүйгээр хөгжих алсыг харсан бодлого байх ёстой. Бодлого байнга өөрчлөгдвөл энэ салбар хөгжихгүй. Энэ онд манай газрын гаргасан уриаг Эрүүл мэндийн яам дэмжиж “Анхан шатны эрүүл мэндийн байгууллагын хүртээмжийг сайжруулъя” гэх нэгдсэн ойлголтод хүрч энэ чиглэл рүү явж байна” гэсэн.

Уг бодлого нь салбарын суурь буй өрхийн эмнэлгийн хүртээмжийг сайжруулснаар хоёр, гуравдугаар шатлалын эмнэлгийн ачааллыг багасгахад чиглэж байгаа юм. Үүний тулд тус төвийг хөрөнгөөр хөшүүрэгдэж үйлчилгээг нь сайжруулах гэнэ. Өдгөө өрхийн эмнэлгийн санхүүжилт нэг иргэнээр тооцсон санхүүжилт байдаг аж. Нэг иргэний эмчилгээний зардлыг 11 мянган төгрөгөөр тооцож буй. Үүний 80 хувь нь тухайн өрхийн эрүүл мэндийн төвд ажиллаж буй хүмүүсийн цалин, цахилгааны мөнгө зэрэгт зарцуулагдана. Үлдсэн 20-хон хувь нь эмнэлгийнхээ тусламжид зарцуулагддаг гэнэ. Нийслэлийн Эрүүл мэндийн газраас өрхийн эмнэлгийн санхүүжилтийг сайжруулахын тулд өрхөөр үзүүлж байгаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ганцхан төсвийн буюу нэг иргэнээр тооцсон биш эрүүл мэндийн даатгалд нь суутгуулжээ. Өрхийн эмнэлгийн эмч нар гэрийн бөгөөд өдрийн үйлчилгээндээ эрүүл мэндийн даатгалаас санхүүжилт авах боломжийг нь нээж байгааг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга хэлэв. Мөн нэг иргэнээр тооцож буй 11 мянган төгрөгийг 16 мянга болгохоор холбогдох албаныхантай ярилцаж байгаа аж. Хүн бүрийг хоёр, гуравдугаар шатлалын эмнэлэгт хэвтүүлэх шаардлагагүй бөгөөд хотод эмнэлэгт хэвтэж байгаа хүний 30 хувь нь эмнэлэгт хэвтэх шаардлагагүй байгааг судалгаагаар тогтоожээ.

Өрхийн эмнэлгийн үйлчилгээний хүртээмж сул, бодлого буруу байгаагаас үүдэн иргэдийн сэтгэлгээ хүртэл буруу тийш хазайжээ. Уг нь хүн эрүүл байж, эмнэлэгт хэвтэхгүй юмсан гэж боддог. Гэтэл манайхан яаж ийж байгаад нэг эмнэлэгт хэвтэж, шингэн хийлгэх зэргийг урьдач болгож байгаа нь үнэн. Улаанбаатар хотод буй 142 өрхийн эмнэлэг хөл дээрээ тогтож чадвал иргэд гэрийнхээ дэргэдэх эмнэлэгтээ үзүүлдэг болж, дээр дурьдсан Дулмаа эмээ хэдэн өдрөөр эмнэлгийн үүд сахих хэрэг юуных. Өнөөдөр манайд хувийн эмнэлэг хөгжихгүй байна. Нийслэлд хувийн хэвшлийн нийт 1200 эмнэлэг, эмнэлгийн байгууллага байгаа бөгөөд эдгээрийн 60 гаруй хувь нь дотор, уламжлал, эмэгтэйчүүд гэх гуравхан чиглэлийнх. Угтаа ачаалал ихтэй байгаа гэмтэл, төрөхийн зэрэг бусад чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эмнэлэг олноор “төрвөл” дэмтэй. Гэвч хувийн хэвшлийнхэн төрөх, үхэхийн зааг дээрх, хүний амь нас эрсдэх эрсдэл өндөртэй чиглэлд хөл тавихыг төдийлэн хүсдэггүй аж. Түүнчлэн үүнийг төрөөс хууль, эрх зүйн зохицуулалт хийж өгөх хэрэгтэй Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга ярилаа. Нийслэлчүүдийн эрүүл мэнд доройтолд ороод буйг салбарынхан анхааруулсаар. Хотын Эрүүл мэндийн газрын дарга энэ нь буруу бодлогын үр дүнг тодоор харуулж байгаа хэрэг гэсэн.

Төрөөс энэ салбарт хөрөнгө зарж оновчтой, урт хугацааны бодлого хэрэгжүүлэх үр цацаж байж иргэд эрүүл мэндийн доройтлоос гарч, салбар цэцэглэнэ. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхбат “АНУ өнөөдөр нэг иргэндээ 8500 ам.доллар зарцуулж байна. Манайх үүнээс зуу дахин бага буюу дунджаар 82 ам.доллар зарцуулж байна. Үүний ихэнхийг цахилгаан, эрчим хүч тэргүүтэй өөр зүйлд зарцуулдаг” гэв. Хүний эрүүл мэндийн асуудлын 10-20 хувь нь эрүүл мэндийн байгууллагаас хамаардаг гэж үздэг. Бусад нь хувь хүн хийгээд төрийн үйл ажиллагаас мөн хамаарна. Гэхдээ эл салбар нь улстөрөөс хамгийн хол байлгах ёстойг албаныхан учирлаж байна. Ш.Энхбатын хэлсэнчлэн цаашид эл салбарыг хөгжүүлэхийн тулд шинэ зам зохиож, түүгээр явах шаардлагагүй. Харин бусад орны яваа замаар явах ёстой аж. Үүний шийдэл нь урт хугацаанд хэрэгжих зөв бодлого.