Хүний төлөө

Э.Өнөболд Баянгол дүүргийн Замын цагдаагийн тасагт ажилладаг. Арван жил төгсөөд л цагдаа болохоор шийдэж цэргийн албаас цагдаагийн албанд шилжсэн нэгэн. Тухайн үед цагдаагийн албан хаагчийг эхлээд цэргийн албанд сургадаг байжээ. Одоо тэр 27 настай.

11:00 - Ажил эхэллээ

Энэ өдөр Э.Өнөболдын ажил 11:00 цагт эхэллээ. Ерөөс замын цагдаа нар өдөр (07:00-15:00), орой (15:00-22:00), шөнийн (22:00-07:00) ээлжээр ажил үүргээ гүйцэтгэдэг. Зочин маань эдгээр цагийн хуваарийн дагуу өдөр тутмын ажлаа хийдэг. Тэрбээр өнөөдөр 15:00 цагаас албандаа гарах хуваарьтай. Гэхдээ өнөөдрийн хувьд өдөр тутам гүйцэтгэдэггүй чухал үүрэгт ажилд томилогдсон нь энэ. Мьянмарын холбооны бүгд найрамдах улсын Ерөнхийлөгч У Тейн Сейний манай улсад хийсэн төрийн айлчлалын хамгаалалтад замын хөдөлгөөний зохицуулалтад оролцож байгаа юм.

Хөтөлбөрийн дагуу Мьянмарын Ерөнхийлөгч 14:00 цагаас Гандан хийдээр зочлох төлөвлөгөөтэй байв. Тиймээс тэр орчмын замын хөдөлгөөнийг зохицуулж, зочид төлөөлөгчдийг зорчиход саадгүй болгох үүрэг Баянгол дүүргийн Замын цагдаагийн тасагт ногджээ.

15:00 - Сайхан сэтгэл

Гандан хийд рүү орох зам руу ордог гудамж, зам, уулзвар бүрийг нэг цагдаа зохицуулан зогсоно. Үдийн нарны илч ид төөнөж, ихээхэн халуун болоход зочид хөтөлбөрт цагаасаа хоцорч байв. Нар эгц дээр яваа тул сүүдэр ч үгүй. Э.Өнөболд нөхдийнхөө адил хариуцсан гудамжаа хамгаалан зогссоор л байлаа. Энэ үед аав нь хүүгээ тэвэрсэн, бүсгүй нь хүүхдийн тэрэг түрсэн залуу хос чиглэн ирлээ. Тэргэндээ жижиг савтай цэвэр уснууд хийчихсэн хамгаалалтад зогсоо цагдаа нарт тарааж өглөө.

Сэвэлзэх төдий ч салхигүй бөгчим халуунд ангасан цагдаа нар тэр залуу хосод чин сэтгэлээсээ талархсан нь мэдээж. Төлөвлөгөөт цагаасаа хождож буй гийчид 16:15 цагийн орчимд дараагийн болзоот газар Хүйн долоон худгийг зорив. Тэдний зорчих замыг чөлөөлж мордуулснаар Гандан дахь хамгаалалт дуусав. Ингээд дараагийн цэг рүү хөдөллөө.

16:30 - Замд болсон яриа

Эндээс дараагийн хамгаалалтад гарах цагдаа нар Яармагийг зорилоо. Тэдний дотор Э.Өнөболд багтжээ. Хүйн долоон худагт бэсрэг наадам үзсэн гийчдийн буцах зам мөн саадгүй байх ёстой. Ингээд зам зуур түүний ажлын талаар жаахан ярилцах боломж гарсан юм.

-Энгийн өдрүүдэд ажил чинь хэрхэн өрнөдөг вэ?

-Хуваарийнхаа дагуу шууд уулзвар дээрээ очдог. Өглөө, орой ачаалалтай үед болон гэрэл дохио ажиллахгүй тохиолдолд зохицуулалт хийнэ. Мэдээж зөрчил гаргасан жолооч нарт хариуцлага тооцно.

-Жолооч нарын хамгийн их гаргадаг зөрчил юу вэ. Өдөрт ойролцоогоор хэдэн зөрчил илэрдэг бол. Жолооч нар бас янз бүр л авир гаргадаг байх даа? 

-Хамгийн их гаргадаг зөрчил гэвэл хамгаалалтын бүс хэрэглэхгүй байх, замын хөдөлгөөнд оролцож байхдаа гар утсаар ярих, гэрэл дохио зөрчих. Зөрчил илрэх тухайд янз бүр л дээ. Дунджаар өдөрт ойролцоогоор 30-40 орчим. Жолооч нарын хувьд зөрчил гаргачихаад “Сүртэй юм бэ дээ, сануулаад л өнгөрчих л дөө” гэдэг. Гэтэл хууль номондоо сануулах гэдэг заалт байхгүй. Торгох, эрхийг нь хасахаас өөр аргагүй. Сануулга гэдэг чинь цэргийн сахилгын дүрэмд л байдаг зүйл шүү дээ.

-Иймэрхүү хамгаалалтад гарах өдрүүд хэр олон тохиодог вэ?
 
-Бүх л айлчлал, дээрээс наадам, цагаан сар гээд олон нийтийн баярын өдрүүдээр хамгаалалтад гарна. Наадмаар гэхэд 10-ны өдрөөс Хүйн долоо худагт морины уралдаан эхэлдэг. Гэтэл цагдаагийн байгууллагад хүн хүч дутагдалтай байдаг болохоор цагдаа нар бүгд уртасгасан цагаар хамгаалалтад зогсоно. Цагаан сараар хүмүүс өглөө эрт аав ээжтэйгээ золгох гэж яардаг бол замын цагдаа нар тэднээс өрсөж ажил руугаа яарна шүү дээ.
 
-Дараа нь амралтаа нөхөж авдаг байлгүй дээ. Ер нь ажлын ачаалал ямар байдаг юм. Амралт хэр олдох вэ?
 
-Ажлын ачааллын хувьд асар өндөр. Норматив нь нэг цагдаад 250 тээврийн хэрэгсэл ногдох ёстой. Гэтэл манайд 1000-1500 ногддог гээд боддоо. Долоо хоногтоо нэг өдөр амарна. Гэхдээ амрахынхаа урьд өдөр нь заавал өглөөнөөс орой хүртэл 16 цаг ажилладаг. Ингэж бусдадаа бас амрах цаг гаргаж өгч байгаа юм. Баярын амралтыг дараа нь нөхөж олгодог л доо. Гэхдээ бүгдийг нь амраачихаж болохгүй шүү дээ. Нэг хэсэг нь амрахад үлдсэн нь уртасгасан цагаар ажиллах хэрэгтэй болно.

-Анх автомашиныг дугаарын хязгаарлалтай болгоход та нар их ачаалалтай байсан байх?
 
-Тэгэхэд гурван сарын турш бүх замын цагдаа өдрийн 16 цаг ажилласан шүү.

-Ажлын тань сайн, сайхан зүйл юу вэ?
 
-Бид чинь бүх хүний сайн сайхны төлөө л ажиллаж байгаа хүмүүс. Хүнд тустай ажил хийж байгаа шүү гэж бодохоор сайхан байдаг юм. Жолооч нарыг торгож, хариуцлага тооцож байгаа нь тэдний өөрсдийнх нь сайн сайхны төлөө. Жолооч хамгаалалтын бүсээ зүүгээгүйн улмаас торгууллаа ч тэр хүнд учирч болох эрсдэлээс сэргийлж байгаа хэрэг. Магад тэр хүн түүнээс хойш байнга бүс хэрэглэж хэвших ч юм бил үү. Согтуу жолоочид хариуцлага тооцож байгаа нь эцсийн зорилго нь бусад жолоочийн, явган зорчигчдын, хотын иргэдийн аюулгүй байдлын төлөө. Жолооч нар үүнийг ойлгодог болчихвол бидний харилцаа их хялбар болно доо.

17:00 - Амс хийх боломж
 
Бид явсаар очих газартаа хүрлээ. Хүйн долоон худгийг зорьсон эрхмүүд буцах хараахан болоогүй байгаа учраас Э.Өнөболдод юм идэх цаг олдлоо. Өглөөнөөс хойш ийм боломж тохиогоогүй юм. Хуваариасаа хоцорч яваа гийчид маань харин энэ удаа санаснаас эрт замдаа гарчээ. 18:30 цагийн үед хүндэт зочид “Их тэнгэрийн ам”-ыг зорьсон юм. Ингээд Баянгол дүүргийн цагдаагийн тасгийнхны өнөөдрийн хамгаалалт дуусч байна. Харин Э.Өнөболдын хувьд ажил дуусаагүй. Түүний ажил 15:00 цагт эхэлж, 22:00 цагт дуусах ёстой. Тиймээс эндээс зохицуулалт хийх уулзвар руугаа явах юм.
 
19:00 - Гэр рүүгээ
 
Уулзвар руугаа явахын өмнө даргаас өгөх зааварчилгааг хүлээж байлаа. Мьянмарын эрхэм Ерөнхийлөгч маргааш өглөө 07:00 цагт буцах тул өглөө эрт энэ газраа дахин хамгаалалтад зогсох тул Э.Өнөболдыг амраахаар болжээ. Учир нь маргааш тэр мөн л оройн ээлжинд ажиллах хуваарьтай тул уртасгасан цагаар өдөржин ажиллах болж байгаа юм. Тэр одоо гэр рүүгээ, гэргий хүүхэд рүүгээ яаран явлаа.