Ж.Жамъянтив: Засгийн газар Завхан аймгийн замыг барих, эсвэл барьж чадахгүй гэдгээ зарламаар байна

Эртний Энэтхэгийн 84 шидэтний нэг Наро Банчэн гэгээнтний 7-р дүр Данзанлхүндэв хувилгааныг албан ёсоор сэнтийд нь залах ёслол Завхан аймагт болсон билээ. Гэгээнтний 7-р дүр оройн дээд Отгонтэнгэр хайрханы өврөөс төрсөн юм. Наро Банчэн гэгээнтэн төрөлх аймагтаа сэнтийдээ заларч, мөн Отгонтэнгэр хайрханыг тахих ёслол үйлдсэн юм. Тус ёслолын үеэр буюу Цаст Цагаан уулын өвөрт Завхан аймгийн Засаг дарга Ж.Жамъянтивтэй ярилцсан билээ. 
 
-Наро Банчэн гэгээнтний 7-р дүрийг сэнтийд нь албан ёсоор заллаа. Энэ бол буддын шашинд түүхэн үйл явдал. Энэхүү арга хэмжээг зохион байгуулсан хүний хувьд сэтгэгдлээсээ хуваалцана уу? 
 
-Монгол түмний буян заяа, цог хийморь, хойч ирээдүйг ивээн даасан Очирваань Отгонтэнгэр хайрхан бол хутагт хувилгаадын өлгий нутаг. Энэ нутагт билгийн мэлмий нээгдсэн, сэвшлэг хүчин өнө мөнх шингэсэн олон хутагт хувилгаад, оюуны эрчимлэг энергитэй хүмүүс төрж өссөн түүхтэй. Бурхан шашны дахин сэргэлтийн ийм давтамжтай сайхан цаг үед манай хутагт хувилгаадын залгамж хойч болсон хүмүүс тодорч, мэндэлж байна. Өнгөрсөн жил Жалханз хутагтын 20 дугаар дүр Монгол Улсын Ерөнхий сайд агсан номч мэргэн номунхан, чин сүжигт, түгээмэл сайтай, гүжир хамба, Самади, Цэрэнсодномын мэндэлсний 140 жилийн ой, Номч мэргэн егүзэр, Цорж, Самади багш, Дэмчиг бурханы хувилгаан Дилов хутагтын 7-р дүр Баашлуугын Жамсанжавын мэндэлсний 130 жилийн тэгш ой тохиосон. Энэ тэгш ойгоо манай завханчууд, хөвсгөлчүүд өргөн дэлгэр тэмдэглэсэн. 
 
Хувилгаадын төрсөн нутаг Нөмрөг суманд Гэгээн хутагтын амар амгалангийн хүрээлэн байгуулсан. Аймгийнхаа төвд Жалханз болон Дилав гэгээн нарынхаа сүншиглэсэн 9-р Богдын сойвонгоор сүншиглүүлсэн чулуун хөшөө дурсгалыг босголоо. Аймгийн Засаг даргын санаачлагаар “Завхан аймгийн 9*9=81 гайхамшиг” есөн боть номыг манай нутгийн эрдэмтэд бүтээлээ. Энэ номын дөрөв дэх ботид есөн гэгээн хутагт хувилгааны цадиг түүх тэргүүтэй олон зүйлийг өгүүлсэн. Одоогоос арваад жилийн өмнө Жалханз гэгээний 21-р дүр Дөрвөлжин сумаас төрсөн. Тэрбээр өдгөө Жагарын оронд бурханы их номд суралцаж байна.
 
Бид хутагт хувилгаадын өлгий нутаг гэдэг үүднээс сүүлийн хоёр гурван жил шашин соёлын олон арга хэмжээг зохион байгууллаа. 2013 онд Завхан аймаг байгуулагдсаны 90 жилийн ойгоор улсын хэмжээний лам хуваргуудын “Шашин соёлын Соёмбо” хоёрдугаар наадмыг зохион байгуулсан. Анхныхыг нь Өвөрхангай аймгийн Өндөр гэгээн Занабазарын мэндэлсэн газар болох Хархоринд зохион байгуулсан. Гуравдахыг нь энэ жил Хүй долоон худагт зохион байгууллаа. Өнгөрсөн жил Жалханз гэгээний номын багш, Их Ёнзон багш морилон ирж нийт Монголын ард түмэн болоод завханчуудад жаргалтай сайхан, барцадгүй аж амьдралын тухай “Очирвааны их бар”, “Насны авшиг” зэрэг томоохон номыг гурван өдрийн турш айлдсан билээ. Тэр том гэгээнтэн манай аймагт ирж Бадархундага нууранд шившлэг, тарниа шингээсэн бумбуудыг өргөсөн. Энэ бүхний үр дүнгээр Монгол оронд өнөтэй сайхан улирал болж байна. Эргэх дөрвөн цагийн улирал зохилтой сайхан байна. Завхан нутгийн нийт сумдаар зуншлага хэвийн, хур бороотой дэлгэр сайхан зун, урт сайхан намар, өнөтэй дулаан өвөл, салхи шуурга багатай хавар гээд зохилтой сайхан байна. 
 
Тодорсон хутагт хувилгаадын төрсөн нутагт сэнтийг залдаг, ард түмэн хүндэтгэж, бат оршил өргөдөг ёс бурхан шашны ёсонд байдаг. Бат оршил өргөх, номын лүн бан айлдах  ёслолууд их сайхан боллоо. Наро Банчэн гэгээнтний өмнөх зургадугаар дүр Жүгдэрнамжил бол Шилүүстэй суманд төрсөн хүн. Тэгээд Лагшин гэрэлт биеэ хураахдаа “Би дараах төрөлдөө төрөлх нутгийнхаа Буянт голыг өгсөж мэндэлнэ” гэсэн нь биеллээ олж Очирваань хайрханы өврөөс мэндэлж тодорсон юм. 
 
-Отгонтэнгэр хайрхан ууланд гадаад, дотоодын олон хүн ирж очдог. Сүшиг бишрэлийн хажуугаар сөрөг зүйлүүд бас байна. Хайрханыг хамгаалах тал дээр ямар арга хэмжээ авч байна вэ?
 
-Хүн байгалийн бүтээгдэхүүн учраас хүн энэ сав шим ертөнцөө хайрлаж хамгаалах ёстой. Тэр дундаа, заяа түшсэн Завхан нутгийн нийгмийн томоохон хариуцлага бол энэ нутаг усаа хамгаалж, хайрлах юм. Сүүлийн үед бөөгийн шашны улмаас энэ тэнд мал нядалж, дуртай газраа овоо тахих зэрэг зохисгүй зүйл их гарч байна.  Үүнийг зөв гольдролд нь оруулах хэрэгтэй. Энэ жил Байгаль орчих, ногоон хөгжлийн сайд биднээс Очирваань хайрханы оройд уулчид гарахыг хориглох талаар санал авсан. Оройн дээд Очирваань гээд Монголыг даасан бурхан гэж нэрлэдэг атлаа оройд нь хамаагүй гараад байх хэр зохистой юм бэ. Төвдийн ариун Хайрласт уул гэж гороолдог уул бий. Энэ уул шиг горооны замтай болгоод гороолдог болгоё. Уулчдын хэдэн зуун хүн оролцсон тэмцээн зохион байгуулах саналыг бид зөвшөөрөөгүй. Учир нь цаг дулаарсан тул Хайрханы торгон орой цас багатай, гэрийн буурь шиг л байгаа. Алтай, Сутай нурууны орой шиг том талбайтай биш учир олон хүн зэрэг мөнх цасан талаас  нь авирвал сөрөг зүйлүүд үүсч магадгүй. Ер нь нутгийн ард иргэд ч Хайрханыхаа орой руу авирахыг таалдаггүй. 
 
Завхан аймгийн хөгжил дэвшлийн томоохон гарц бол аялал жуулчлал. Тиймээс Байгаль орчин, Ногоон хөгжлийн сайд санаачлаад Очирваань хайрханы дэргэд аялал жуулчлалын томоохон цогцолбор, бааз байгуулах, хадан зам, гүүрийг засч янзлах, хаяг тэмдэг, тэмдэглэгээг тодорхой болгох гээд тэрбум гаруй төгрөгийн өртөгтэй том төслийг санаачилсан байгаа. Үүнийг ажил хэрэг болгох эхний шатны ажлууд явж байна. 

-Аялал жуулчлал хөгжсөн аймаг болох талд ямар бодитой ажлууд хийж байгаа бол? 
 
-Манай аймаг говь, хангай, тал хээр хосолсон байгалийн онцлог тогтоцтой. Уул уурхай бараг хөгжөөгүй, онгон дагшин байдлаараа байгаа. Үүнийгээ бид хөгжлийн томоохон гарц гэж үздэг. Аймаг байгуулагдсаны 90 жилийн ойгоор Отгонтэнгэр шашин соёлын томоохон цогцолборын нээлтийг хийсэн. Боловсрол соёл, шинжлэх ухааны сайд асан Ц.Оюунгэрэл оролцож цогцолборын шавыг тавьсан. Өнөөдрийн байдлаар тус цогцолборын иж бүрэн ерөнхий төлөвлөлтийг хийж дууслаа. Монгол Улсын архитекторын холбооноос мэргэжлийн баг ажиллаж байна. 300 га талбайд 17 байгууламжаас бүрдсэн шашин соёлын томоохон цогцолбор барих ажлын техник эдийн засгийн үндэслэлийг ерөнхийд нь хийсэн, одоо ажлын зургуудыг хийж байна. Төлөвлөгөөгөөр 2023 он гэхэд эхний байгууламжуудыг барьж дуусгахаар байгаа. 
 
Аялал жуулчлалыг татъя гэвэл дэд бүтэц, зам харгуй гээд олон  зүйл шаардлагатай. Мөн хүнд үзүүлэх юмтэй байх хэрэгтэй. Өнөөдөр Монгол орны зүүн бүсэд Ноён хутагт Данзанравжаагийн цогцолбор нэлээд амжилттай явж байна. Төвийн бүсэд Их майдар цогцолборыг барьж байна. Баруун бүсэд энэ хоёртой дүйцэхүйц Отгонтэнгэр цогцолбор сүндэрлэх юм. 
 
Завхан бол аялал жуулчлал хөгжих асар их өгөгдөлтэй аймаг. Гэтэл саад бэрхшээл бас байна. Тухайлбал, Мянганы замын хүрээнд гаргасан төлөвлөгөөг нэг Засгийн газар гарч ирээд өөрчлөх юм. Жишээлбэл, Шинэчлэлийн тодотголтой Засгийн газар Мянганы зам хөтөлбөрийг орхигдуулж, хүн ам суурьшсан аймгийн төвүүдийн замыг анхаарсан. Энэ бодлогын хүрээнд 2013 онд Завхан аймгийг Мянганы замд холбохоор Загастайн давааны замын ажил нэлээд эрчимтэй явж байсан ч зогсчихсон. Хятадын гүйцэтгэгч компаниуд нь ажлаа хаяад гараад явсан, цаг хугацаандаа ажлаа хийгээгүй, Зам тээврийн яам торгосон гээд гэрээг нь цуцлаад жил зургаан сар энэ замын ажил зогслоо. 2013 онд эхэлсэн ажил 2014 онд бүрэн зогсоод мөн ондоо холбоно гэсэн бас байхгүй болсон. Говь-Алтай, Завхан  аймгийн замыг өнгөрсөн онд барьчихаар л хугацаа өнгөрсөн. 2015 онд холбоно гэж Засгийн газар мөн л амласан ч нөгөө замын ажил өнөөдөр эхлээгүй л байна.
 
Манай иргэд ч “Зам муудахаар Завхан аймаг ойртож байна” гэж ярьдаг болсон. Улсын мэдлийн энэ том зам, даваа гүүр нь аймгийн дарга миний хүч, хөрөнгө мөнгө гаргаж хийх ажил биш юм аа. Энэ бол Монгол Улсын засаг төр хийх ёстой ажил. Улсын чанартай зам. Төр энэ үүргээ биелүүлэхгүй байна. Загастайн давааны 67 км зам нэг талаасаа хадан хясаатай, нөгөө талаасаа Чигэстэйн гол хавчсан гуравдугаар зэрэглэлийн зам учраас аль болох замыг нь их шулуун тавьж, ус зайлуулах шугам, шуудууг бүрэн тавьж өгөх ёстой. Хамгаалалтын хана, хадан хясаа, өндөрлөгүүдийг олон газар хийх ёстой. Ер нь техник, газар шороо, чулуу тэсэлгээний маш их ажилтай хүнд зам. Завханчуудын болон аймгийн даргын шүдний өвчин бол зам байна.  Өмнө нь замын барилгын ажил хийж байсан компани аль альчгүй сэглээд энэ тэнд нь шороо овоолоод хаячихсан нь машин явахад улам хэцүү болгочихсон байдалтай байна. 
 
-Холбогдох байгууллагын удирдлагууд аймгийн замыг ямархуу байгааг сайн мэдэж байгаа гэсэн биз дээ. 
 
-Бусад улс орон хамгийн хүнд хэцүү замаа эхэлж бариад тал хээрийн замаа сүүлд нь барьдаг юм билээ. Манайх болохоор мөнгө төгрөг бага өгөхийг, эсвэл хурдан ашиг олохоо боддог юм уу, амар баригдах замаа эхлээд барьчих юм. Архангайн Цахираас Тосонцэнгэл хүртэлх 127 км хурдны замтай болж Завхан аймаг руу явахад овоо хэдэн км замыг туулж байна. Тосонцэнгэлээс Загастайн давааны доод гүүр хүртэлх 114 км замыг Концессын гэрээгээр Хятадын хөнгөлөлттэй зээлээр барихаар болсон ч одоо ажил хийгээгүй байна. Ер нь бол манай аймгийн замыг барих бол нэг мөсөн барьж, барихгүй бол Завхан аймгийн замыг барьж чадахгүй гэдгээ Засгийн газар зарламаар байна. 
 
-Танай аймагт өөр ямар асуудлууд байна. Эрчим хүчний асуудлаа шийдэж чадсан уу? 
 
-Манай аймаг 2012 онд төвийн эрчим хүчинд холбогдсон. Урд талын хоёр гурван сум Говь-Алтайн Тайширын усан цахилгаан станцаас, Их уул сум Архангайн Жаргалаас, Тэс сум Баруун бүсийн Увсын Баруун турууны эрчим хүчний системд холбогдсон. Одоо бол эрчим хүчинд холбогдоогүй сум, суурин байхгүй. Өөрийн дотоодын эх үүсвэр байхгүй. Тэлмэн сумд 100 мВт-ын дулааны цахилгаан станц барих асуудал нэлээд хэдэн жил яригдсан. Энэ суманд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээр эцсийн бүтээгдэхүүн хийх, аж үйлдвэрийн парк байгуулах тухай Засгийн газрын тогтоол 2011 онд гарсан. Энэ ажил гэрээ хэлэлцээрийн шатанд явж байгаа. Завхан аймаг бол мал аж ахуйн аймаг учраас малаас гарч байгаа бүтээгдэхүүнээ өндөр үнэ өртөг, инноваци шингээж эцсийн бүтээгдэхүүн хийж, үйлдвэрлэх нь хөгжлийн хоёр дахь том гарц юм. Уг ажил энэ дөрвөн жилд эхлэх болов уу.

-Ихэнх аймагт уул уурхай хөгжиж байна. Та Завхан аймгийн Засаг даргын хувьд үүнийг хэрхэн хардаг вэ?  
 
-Бид нутаг усаа Монгол даяар сарлаж сэглээд дэмий байх. Хөвсгөл, Завхан зэрэг ганц нэг аймгийг ирээдүй хойчдоо үлдээмээр санагддаг. Ард иргэд ч үүнийг хүсч байна. Манай аймгийн хувьд Дөрвөлжин сумд л Баян-Айрагийн уурхай бий. Энэ уурхайгаас орон нутагт өгч буй өгөөж, хөрөнгө оруулалтыг эцсийн байдлаар би хэлж чадахгүй байна. Их л бага харагддаг. Газар доорх баялгаа аваад эцсийн дүндээ үр өгөөжгүй ийм уул уурхай бидэнд хэрэгтэй юм уу. Гүний усны түвшин доошилж, гадаргын ус бага байна. Усны нөөц багатай аймаг. Тийм учраас уул уурхайгаас ер нь зайлсхийсэн аялал жуулчлал, хөдөө аж ахуйд тулгуурласан хөгжлийн гарц эрэлхийлж байгаа. Манай аймагт нүүрсний асуудал хүнд байдаг. Нүүрс олдоогүй ганц аймаг шүү дээ. Сүүлийн хоёр жилд нүүрсний хайгуулыг орчин үеийн геофизикийн шинэ технологи, шинэлэг байдлаар эрчимтэй явуулсан. Одоогоор хоёр газарт нүүрс байх магадлалтай байна. Үүнд энэ намраас нарийвчилсан судалгаанууд хийлгэх гэж байна. Тэлмэн нуурын хойно нэг газар, Яруу сум болон Эрдэнэ хайрханы хооронд нэг газар нүүрс байх бололцоотой гэж илрүүлээд байгаа. Аймагтаа нүүрстэй болвол олон зардал хэмнэнэ. Мал сүрэг их сайхан өслөө. Гурван сая гаруй малтай боллоо. Энэ хавар сая орчим төл хүлээж авлаа. Малыг эдийн засгийн эргэлтэд оруулах зайлшгүй шаардлагатай байна. Эргэлтэд ордоггүй асар их баялаг бидэнд байна. Малын мах сүү, ноос ноолууранд өгч байгаа урамшууллыг буруу хандлагаар буюу тоог урамшуулах байдлаар өгч байсан. Одоо ч больчихоод байна. Тоог урамшуулж байгаа нь ногоон хөгжлийн чиг бодлогод харшилж байна ш дээ. 
 
Дэлхий нийт өндөр ашиг шимтэй, цөөн тооны эрчимжсэн малд анхаарч байна. Өндөр хөгжилтэй орнуудад ашиг шимийг нь нэмэгдүүлж малаа хэт өсгөлгүй ийм тоонд барьж байна гэдгийг нь харгалзаад түүнд нь урамшуулал олгодог. Ийм системийг хөгжүүлэх бодлого хэрэгтэй. Мал маллах уламжлалт арга ухаан алга боллоо. Уламжлалт малчдын тоо цөөрч, аймгийн зах нутгаар өнөөдөр элэг бүтэн амьдарч байгаа малчин алга байна шүү дээ. Эхнэр нь зургаан настай хүүхдээ сургуульд оруулж сумынхаа төв дээр, нөхөр нь хөдөө илүү гэртээ байж байх жишээний. Хот айл, элэг бүтэн амьдрал нүүдэлчин амьдралд үгүй болж байна. 

-Завхан аймгийн эдийн засгийн байдал ямар байна вэ. Хямрал хүндрэл хэр нөлөөлж байна вэ? 
 
-Энэ жилээс орон нутаг руу хүчтэй мэдрэгдэж эхэлж байна. Юмны үнэ байнга өсч, ажилгүйдэл нэмэгдэж байна. Юмны үнэ өсөөд орлогын хэмжээ багасаад ирэхээр бизнес эрхлэгчид эргэлтгүй болж, бараа нь лангуун дээрээ байж байх болж.  Улмаар өрийн сүлжээнд орж, мөнгөний хомсдол бий боллоо. Малын арьс ширний үнэ өсөхөө байлаа. Хонины нэхий хэдэн жилийн өмнө 5-6 мянга төгрөг хүрч байсан бол одоо мянган төгрөг ч хүрэхтэй үгүйтэй байна. Иргэд хүүхдийнхээ сургалтын төлбөрийг хийж чадахгүй боллоо. Авч байгаа хэдэн төгрөг нь амьдралд огт хүрэлцэхгүй байна. Нөхцөл байдал улам хүндрэх нь илт байна. 
 
 
 

Г.Түшээ