Дайрдаг, зорьдог, аялдаг хот

Олон улсын зэрэглэлийн ганц онгоцны буудал, төмөр замын босоо нэг шугамтай Монголд жуулчид аялахын тулд хүслээрээ бус “хүчээр” Улаанбаатарт эхлээд ирдэг. Нийслэлээр аяллаа эхэлж бас дуусгадаг атлаа жуулчид эргээд харихдаа Монголын нүүдэлчин соёл заншил, хөдөө нутгийг онцолдогоос нийслэл хотыг биширч ярьдаг нь юу л бол.

Нийслэлийн Аялал жуулчлалын газар болон Аялал жуулчлалын үндэсний төвийн 2013 онд гаргасан судалгааны тайланд Монголд аялаад буцсан жуулчдын дийлэнх нь үзэсгэлэнт байгаль, нүүдэлчин соёлыг сэтгэл хөдөлгөм гэж онцолсон бол таагүй сэтгэгдэл үлдээсэн зүйлээр Улаанбаатар хотын замын түгжрэлийг нэрлэжээ. Харин 2005 онд жуулчдад хамгийн ихээр таалагдаагүй байсан зүйл нь орон нутгийн зорчигч тээвэр, замын нөхцөл байж. Жуулчдын дунд хийсэн энэхүү судалгаа нь гаднынханд үлдсэн таагүй сэтгэгдлийн дийлэнх нь Улаанбаатар хот доторх асуудлууд байгааг харуулжээ. Харин эерэг сэтгэгдлүүд ихэнхдээ хотоос гаднах бүст харьяалагдаж байна.

Италийн Венец, Францын Парис, Австралийн Сидней тэргүүтэй дэлхийн хотууд улсаа бүрэн төлөөлдөг бөгөөд хүмүүс тухайн хотыг үзэх гэж зорьж очдог. Цаашилбал, зөвхөн нэг хотод нь болдог ганцхан том арга хэмжээ тухайн хотыг төдийгүй улсыг бүрэн илэрхийлж, олны хараанд нүдлэгдэх тохиолдол бий. Тухайлбал, Рио Де Жанеро багт наадмаараа, Испанийн Пампилио хот бухын фестивалиараа, Германы Мьюнхин шар айрагны баяраараа олноо танил байдаг. “Улаанбаатар Монголыг төлөөлж чаддаггүй” гэж Номадик Экспедишн компанийн аяллын менежер Н.Баатарням хэлж байна. Түүний хэлж байгаагаар замын бөглөрөл ихтэй дээр нь нэмээд явган зорчигчдод ээлтэй бус зэрэг олон шалтгаанаас үүдэн хотод жуулчдын хоноглох тоо цөөхөн байдаг гэлээ. Гэвч хүссэн хүсээгүй бүс нислэгүүд Улаанбаатар хотоор дамждаг учир хотын аялал жуулчлалыг хөгжүүлэх ёстой гэдгийг тэрбээр нэмж хэлсэн юм.

“Lonely Planet” хэмээх дэлхийд хамгийн түгээмэл аяллын хөтөч номд Монголын хот ба хөдөөг “Yin, Yang” буюу эсрэг тэсрэг ч гэсэн нэг, нэгэнгүйгээр оршин тогтнох боломжгүй гэгддэг арга, билгийн ухаантай зүйрлэж, дүрсэлсэн байдаг. Тус номд Монголын хөдөө тал нь анир чимээгүй онгон дагшин байдаг бол хот нь хүн, машин олноороо холхисон, бизнес, худалдааны орчин үеийн төв цэг гэжээ. Гэхдээ Улаанбаатарын өнгө төрх нь тийм гэж хэлэмгүй олон янз. Армани брэндийн хослолтой нэгэн, үндэсний дээлтэй нөгөөтэй зөрж өнгөрөх дүр зураг энэ хотод жирийн үзэгдэл бөгөөд хот хөдөөгийн амьдрал сүлэлдэж байдгийн нэг жишээ гэдгийг “Lonely Planet” онцолжээ. Уул уурхайн “тэсрэлтэт” өсөлтийн үрээр олон улсын хэвлэл мэдээлэл уурхайг хот, хөдөө, хүн ардтай нь цогцоор нь харуулдаг болсноор зөвхөн нүүдэлчид амьдардаг гэх гаднынхны төсөөлөл харьцангуй өөр түвшинд оччихоод байгаа.

Улаанбаатарын хувьд өдгөө социалист төрхөөсөө баруунжсан хэв маяг руу хурдацтай хувирч буй. Энэхүү их өөрчлөлтийн давалгаа жуулчдад Монгол Улс хөгжиж, хот тэлж буйг харуулж буй. Хотын аялал жуулчлалд энэ их өөрчлөлтийн үр дүн юу вэ гээд харвал, зочид буудал, рестораны тоо, хүчин чадал нэмэгдсэн гэх зэргийг дурьдаж болох юм. Гэвч үйлчилгээний чанар талаас ярьвал, шинэ, хуучин аль нь ч дэлхийн стандартаас нэлээд зөрүүтэй явааг жуулчид аяллын төгсгөлд санал гомдлын дэвтэртээ бичээд явах нь элбэг. “Хүчин чадлыг нэмэгдүүлэхээс гадна чанар, сэтгэл ханамж дээр анхаарах нь зүйн хэрэг. Ингэхийн тулд стандартыг өндөржүүлэх хэрэгтэй” хэмээн Монголын зочид буудлын холбооны тэргүүн С.Мөнхбат хэлж байна. Өдгөө Улаанбаатар хот нэг өдөрт 10 мянган хүн хүлээн авах боломж бүрдсэн гэдгийг Монголын эдийн засгийн чуулганы үеэр аялал жуулчлалын салбарын мэргэжилтнүүд онцолж байсан.

“Одоо бол Үндэсний баяр наадмын үеэр жуулчиддаа дарагдаад ирэхээр хоолны газар, зочид буудал хүрэлцэхгүй улмаар чанар сулардаг байдал, мөн халаасны хулгай, гудамжны хүүхдүүд гэх мэт асуудлууд нэг үеэ бодвол нэлээд засарчихлаа. Ерөнхийдөө Улаанбаатар хотыг сөрөг талаас үзүүлдэг байсан хүчин зүйлс ажмаар багасч байна” хэмээн Н.Баатарням хэллээ.

Бидэнд юу байна вэ?

Бид хотын аялал гэхээр үндсэндээ юу үзүүлдэг вэ гэвэл Гандантэгчилэн хийд, Төв талбай, Зайсан толгой, Түүхийн ганц музей. Сүүлийн үед уран зургийн галерейн тоо нэлээд олширсон нь хотын аялалд багагүй нэмэр болж буйг Н. Баатарням хэлж байна. Групп аялалд багтан Монголд аялж буй жуулчдын дундаж зарцуулалт хоногт 190 ам.доллар байгаа бол бие даан аялагч 120 ам.доллар, үүргэвчтэй аялагч 77 ам.долларыг дунджаар хоногт зарцуулж байгааг 2013 оны салбарын хэмжээн дэх судалгаа харуулдаг. Энэ бол чамлахаар доогуур үзүүлэлт биш. Учир нь дэлхийн хамгийн үнэтэй хотуудын нэг болох Лондонд гэхэд жуулчны дундаж зарцуулалт 72 фунт стерлинг буюу төгрөгт хөрвүүлбэл 210 мянган төгрөг байна. Ингэхээр бид бүтээгдэхүүн, үйлчилгээгээ үнэтэй болгох бус төрөлжүүлэх цаашлаад чанаржуулж, жуулчдын хоноглох тоог олшруулах шаардлага эндээс урган гарч буй. Үүний тулд Улаанбаатар жуулчид дайрдаг бус зорьдог газар байх зорилгыг өвөртөлж, энэ улсад хоёр дахь удаагаа ирж буй хүнд ч сонирхолтой байхуйц үзвэр үйлчилгээний сонголтууд мөн хэрэгтэй юм.

Сүүлийн жилүүдэд жуулчдын хувьд үзэж харах үзмэрийн тоонд төдийлэн өөрчлөлт ороогүй ч үзвэрийн хувьд жинтэй өөрчлөлт орсныг салбарынхан хэлж байна. Нийслэлийн төсвийн таван хувь буюу 30 гаруй тэрбум төгрөгийг жил бүр зарцуулахаар болсон “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр батлагдаад ердөө хагас жил гаруй хугацаа өнгөрч байна. Энэ хүрээнд 32 төрлийн арга хэмжээг зохион байгуулахаар тогтсон бөгөөд үйл явдлууд эхнээсээ цуварч буй нь ялангуяа Төв талбайг ихээхэн “завгүй” болгож буй. Одоохондоо тус арга хэмжээнүүд нь жуулчдын аяллын хөтөлбөрт албан ёсоор багтаагүй ч нэмэлтийн үүрэг гүйцэтгэж байна. Харин бодитоор аяллын багцад багтааж, зорьж үздэг болгохын тулд дээрх арга хэмжээнүүдийг тогтмолжуулах, хуваарийг 2-3 жилийн өмнө гаргаж занших хэрэгтэйг тур операторуудын төлөөлөл хэлж байна. Гаднын жуулчид дийлэнхдээ 1-2 жилийн өмнө аяллын захиалга өгдөг. Тиймээс арга хэмжээг тухайн жил гарснаас хойш төлөвлөдөг байвал аяллын нэг хэсэг байхаасаа өнгөрөх аж. Тур операторуудын хэлж байгаагаар Монголд нэг л арга хэмжээний тов хамгийн тодорхой, өөрчлөлтгүй байдаг нь Нийслэл дэх Үндэсний баяр наадам. Тиймээс л гадныханд санал болгодог гол арга хэмжээ Улсын наадам байдаг. Ингээд яг энэ арга хэмжээний үеэр буюу долоодугаар сард Монголыг зорьдог жуулчдын 70-80 хувь нь ирдэг. “Наадмын улирлыг задалж, бусад сард Наадамтай өрсөлдөхүйц томоохон арга хэмжээ байх хэрэгтэй” хэмээн “Дисковер Монголиа Травел” компанийн Ерөнхий захирал Б.Барсболд хэлсэн. Жишээлбэл, өнгөрсөн жил зохион байгуулсан морин фестиваль ихээхэн амжилттай болсныг тэрбээр мөн жишээ татаж ярьсан юм.

“Арга хэмжээ дагасан жуулчлалын үр дүн нь, оролцож байгаа хүн нь цөөн ч тухайн хот, улсын брэнд имижийг бүрдүүлэхэд хамгийн их нөлөөлдөг” хэмээн Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Э.Баттулга хэлж буй. Түүний хэлж байгаагаар бол “Найрсаг УБ” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй арга хэмжээнүүд нь Улаанбаатарыг соёлын уур амьсгал бүрдсэн уйдах завгүй, дэвшилтэт, сонирхол татахуйц газар гэсэн имижтэй болгохыг зорьж буй гэсэн. Угтаа морь унаад явж байдаг хүмүүс гэх гаднынхны төсөөллийг давсан хэмжээний зүйл бидэнд байгаа шүү гэдгийг эдгээр арга хэмжээнүүдээр дамжуулан харуулах нь гол зорилго аж. Ойрын жилүүдэд Монголд ирэх жуулчдын тоон өсөлт тасралтгүй саарч байгаа бөгөөд өнгөрсөн хоёр жил дараалан салбарын хэмжээнд үзүүлэлт хасахтай гарсан. Уул уурхай, аялал жуулчлал зэрэг эдийн засгийн тэргүүлэх гэж тодорхойлогддог салбар төр дэмжсэн, дэмжээгүй аяндаа өсч хөгжиж байдаг үе нь өнгөрчихөж. Таваарын бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадаж, ухаж гаргаад баяжчихдаг үе улирсан бол аялал жуулчлалын хувьд Монгол “моданаас” гарч, Монголыг бууралтын мөчлөг дайрч байна гэж мэргэжилтнүүд хэлж буй. Жам ёсоороо өсөлтийн үе мөдтөө эргэж ирэхгүй нь. Гэхдээ тэр нь бид үүнийг сөрж зогсож, өөрчилж чадахгүй гэсэн үг биш.