Т.Энхбаяр: Дундаж үнэтэй байр сонирхсон хүн их байна

Барилгын салбарынхан жил бүр чуулдаг “Барилга, орон сууц-2015” үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Мишээл Экспо төвд боллоо. Энэ үеэр Барилгын зөвлөх мэдээллийн төвийн захирал Г.Батсүх “Эдийн засгийн хямрал түр зуурынх. Бүтээн байгуулалтаа дэмжиж хүндрэлээс гаръя” хэмээн онцлов. Мөн тэрбээр улс орны бүтээн байгуулалтын ажил удааширч буйг салбарын эдийн засаг хүндэрсэнтэй холбон тайлбарлалаа.  

Энэ онд нийслэлд 20 гаруй мянган айлын орон сууц ашиглалтад орсон бөгөөд хотыг дахин төлөвлөж орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжиж буй. Үзэсгэлэнг зохион байгуулагчдын ярьснаар өнөөдрийн байдлаар 98 төсөл ашиглалтад орж, зах зээлд борлуулагдаж байгаа аж. Дахин 94 төсөл энэ онд, 13 төсөл ирэх онд ашиглалтад орохоор төлөвлөгджээ. 
 
“Барилга, орон сууц-2015” үзэсгэлэн өмнөх жилүүдээс өргөн дэлгэр болж буйг зохион байгуулагчид онцолж байна. 120 гаруй аж ахуйн нэгж оролцож байгаа төдийгүй иргэд тус үзэсгэлэнгээс найман хувийн зээлд хамрагдах боломжтой орон сууцны 80 гаруй төслийн мэдээллийг авах боломжтойг энд тэмдэглэе. 
 
Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр танхим дүүрэн хүн цуглажээ. Тэдний дийлэнх нь хоёр өрөө байр сонирхож байгаа бөгөөд ипотекийн зээлд хамрагдах сонирхолтой байна. Нөгөө талаас, оролцогч компаниудын зүгээс иргэдийг үзэсгэлэнгийн танхим руу түлхүү авч ирэхийн тулд үнэгүй автобус явуулах зэргээр анхаарч ажиллахыг зохион байгуулагчдад уламжилж байв.  

П.Ганхөлөг /“Кэй энд Ти Констракшин” ХХК-ийн Төлөвлөлт бодлогын хэлтсийн дарга/: 
 
-Манай компани энэ үзэсгэлэнд “Аман хуур-1” болон хоёр гэсэн төслөөрөө 2008 оноос хойш оролцож байна. Бид “Аман хуур-2” төслөөрөө энэ үзэсгэлэнгийн хугацаанд 17-28 сая төгрөгийн хөнгөлөлт, урамшуулал зарлаад байна. “Аман хуур-2” хотхон нь “Аман хуур-1” хотхоны зүүн талд буюу Халдварт өвчин судлалын үндэсний төвийн чанх урд талд байрлаж байгаа бөгөөд 260 айлын орон сууц юм. Барилга угсралтын ажил 50 хувьтай явж байна. Ирэх оны долоодугаар сарын 1 гэхэд улсын комисст хүлээлгэж өгөх зорилготой ажиллаж байгаа. 
 
Хөнгөлөлт, урамшууллынхаа уян хатан бодлогоор эдийн засгийн хүндрэлийг даван туулж байна даа. Ипотекийн зээл тэргүүтэй ямар ч зээлд хамрагдах боломжийг иргэддээ олгож байгаа. Өглөөнөөс хойш манайхаар 300 гаруй үйлчлүүлэгч ирлээ. Үүний дийлэнх нь байр сонирхон, эргэж холбогдоё гэж байна даа. 
 
Т.Энхбаяр “/Дөл импекс” ХХК-ийн менежер/ 
 
-Бид 2005 оноос хойш энэ үзэсгэлэнд жил бүр оролцож байна. Энэ удаад манай компани 1-3 сая төгрөгийн хямдралыг зарласан урамшуулал дээрээ нэмж олгож байгаа. ХУД-ийн 15-р хороо Улаанбаатар сувилалын урд талд 400 айлын орон сууцыг иргэддээ танилцуулж байна. Одоогоор тус барилгын гаднах хучилтаа хийж байна. 
 
Өмнөх жилүүдээсээ илүү олон хүн оролцож байгаа нь 10 хувьтай холбоотой байж магадгүй. Дундаж үнэтэй байр сонирхсон хүн их ирж байна. 
 
А.Төгөлдөр /“Стандарт проперти” группын  борлуулагч/5 
 
-Манай компани Гэр хороолын хөгжлийн газар, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газартай хамтарч Гэр хорооллыг дахин төлөвлөх төслийг Сонгинохайрхан дүүргийн Толгойтод хэрэгжүүлж байгаа. Эхний хоёр блок барилга энэ оны арванхоёрдугаар сард ашиглалтад орно. Энэ нь 2018 он хүртэл үргэлжлэх төсөл бөгөөд нийт 2700 айлыг хамруулах юм. Одоогоор 260 айлын орон сууцыг барьж байна. Хэрэв иргэд энэ үзэсгэлэнгийн үеэр байраа захиалвал нэг ам.метрийг нь сая төгрөгөөр захиалах боломжтой. 
 
“Барилга Орон Сууц 2015” үзэсгэлэнг Барилгын Зөвлөгөө Мэдээллийн төв, салбарын яам болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулж буй. Үзэсгэлэн 23-н хүртэл үргэлжилнэ. 
 
 
 
Г.Орхон