Эдийн засагжаагүй салбар

Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 0.3-0.5 хувьтай тэнцэх хөрөнгийг жил бүр соёлын салбарыг хөгжүүлэхэд зарцуулдаг байна. Харин АНУ-д энэ тоо 4.3 хувь байдаг. Манайд зарцуулдаг мөнгө нь байгууллагуудын барилга, техник тоног төхөөрөмжийг шинэчлэх, урын болон үзмэрийн санг баяжуулах, боловсон хүчний чадавхыг бэхжүүлэх, хөгжүүлэхэд хүрэлцдэггүй гэх.

Америкт 4.7 сая хүн соёлын салбарт ажиллаж, 698.7 тэрбум ам.долларын баялаг үйлдвэрлэдэг ажээ. Энэ нь тус улсын Иллинойс, Пенсилвани, Флорида мужийн дотоодын нийт бүтээгдэхүүнтэй тэнцэж байна /2012 оны судалгаа/. Монгол Улсын аж үйлдвэрийн бүтээгдэхүүний нийт дүнд эзлэх соёлын аж үйлдвэрийн бүтээгдэхүүний нэр төрөл гэсэн зүйл анги байхгүй. Бодит байдалд байгууллагууд үйл ажиллагаанаас олсон орлого нь зарлагаа нөхөж чаддаггүй. Нэг талаас АНУ-тай харьцуулах учир дутагдалтай. Гэхдээ ийм хэмжээний зөрүүтэй байгаа нь бидний буруу хандлагаас хамааралтай гэдгийг салбарт ажиллагсад хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, монголчууд соёл урлагийг бизнес гэж хардаггүй. Яагаад гэвэл 70 гаруй жил соёл урлагийг ердөө нийгмийн үйлчилгээ гэж үзэж, ашиглаж ирсэн нь тийм л байх учиртай гэсэн ухамсар бий болжээ. Тиймээс юун түрүүнд соёлын салбарыг зах зээл гэж харах нь хөрөнгө оруулалт татах суурь нөхцөл болох гэнэ. Үүнтэй адилаар соёлын салбарын үйлдвэрлэгчид нь өөрийгөө нийгэмд үйлчлэх үүрэгтэй гэж үздэгээс бүтээгдэхүүнээ зах зээлийн эргэлтэд оруулах тал дээр идэвх муу байдаг аж.

2011 онд эдийн засгийн өсөлт 17.3 хувьтай байхад энэ салбарын бүтээмж 11.6 хувиар буурсан нь үүнийг батална. Харин ойрын хэдэн жилээс соёлын салбарыг эдийн засагжуулахад тал дээр төрөөс анхаарал хандуулж “Соёлын аж үйлдвэр” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм. Энэ хүрээнд олон талтай арга хэмжээ авч бодлогыг хэрэгжүүлж байгаа аж. Тухайлбал, хамгийн сүүлд Киноны тухай хуулийг УИХ-аар батлуулах гэж байгаа тухай Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр дуулгасан. Тэгвэл энэ бодлого нь нийслэлийн хүрээнд “Найрсаг Улаанбаатар” төсөлтэй нягт уялдаж байгаа юм. Хөтөлбөр соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжсэнээр энэ салбарыг эдийн засагжуулж, зах зээлийг бий болгоход үндсэндээ чиглэж байна. Үр дүнд нь таван жилийн дараа гэхэд Улаанбаатар хотод аялах жуулчдын тоо хоёр саяд хүрч хотын музей, театрууд, уран бүтээлийн үзэсгэлэн, хамтлаг дуучдын тоглолт, концертын үзэгчид, үйлчлүүлэгчид нь болох зорилготой. Тэр үед хотын гудамж талбай, үзвэр үйлчилгээний газрууд огт өөр түвшинд хүрсэн, уран бүтээлчид нь бүтээлч үйлдвэрлэгчид болсон байх ёстой.

Нийслэлийн Соёл урлагийн газраас одоогоор хэрэгжүүлж буй бодлого нь соёлын салбар өөрөө өөрийгөө хөгжүүлэх боломжтой болох, эдийн засгийн орчин бий болгох, бүтээлч үйлдвэрлэлийн салбарт оруулах, төр хувийн хэвшлийн түншлэлийг хэрэгжүүлэх чиглэлтэй байгаа аж. Төр, хувийн хэвшлийн зөв зүйтэй түншлэл хөгжлийн хамгийн зөв зам хэмээн тодорхойлж байна. Хэрхэн зөв түншлэх тухай тал, талдаа ярилцаж буй. Бүтээлч үйлдвэрлэл бий болгох, соёлын салбарыг эдийн засагжуулахад ч төр, хувийн хэвшлийн түншлэл чухал үүрэгтэй талаар нийслэлийн Соёл урлагийн газрын Урлаг, уран сайхны хэлтсийн дарга М.Мөнхсайхан хэлж байгаа юм. Жишээ нь, жил бүр шинэ жилийн баярыг Чингис хааны талбай дээр олон тэрбум төгрөг төсөвлөн тэмдэглэдэг. Хэрэв энэ арга хэмжээнд хувийн хэвшлийг оролцуулбал төсөв хөрөнгийг багасгах боломжтой аж.

Нийслэлийн захиргаанаас талбайн асуудлыг шийдэж, хувийн компаниуд цэнгүүний хөтөлбөр, уран сайхныг хариуцаж, зар сурталчилгаа байршуулах зэргээр зардлаа нөхөж ажиллах боломж бий хэмээн тэрбээр ярьсан юм. Соёлын үйлдвэрлэлийг зах зээлийн эргэлтэд оруулах, бүтээлч болгохын тулд манайд дутагдалтай байдаг асуудал бол хөрөнгө мөнгө. Энэ асуудлыг ч мөн түншлэлийн зарчмаар шийдэх боломжтой. Шоу бизнесийн хамгийн том үйлдвэрлэл “Холливүүд”-эд ч энэ зарчмаар шийддэг болжээ. Технологийн хөгжлийг дагаад техник хэрэгслүүд нь өдрөөс өдөрт хоцрогдох болсон тул компаниуд худалдаж авахаасаа татгалзах болжээ. Түүний оронд түрээслэх нь ашигтай тусдаг байна. Үүнийг дагаад хүссэн үйлчилгээг нь үзүүлдэг компаниуд ч бий болжээ. Манайд ч энэ загварыг авч хэрэгжүүлэх боломжтой гэж МҮОНРТ-ийн захирал Ц.Оюундарь хэлсэн. Тэрбээр соёлын дүүрэгтэй болох санаа дэвшүүлж байгаа юм. Ингэснээр түншлэгчид хоорондоо ойртож салбарын хөгжил эрчимжнэ гэж буй.

Соёлын аж үйлдвэрийг хөгжүүлэх нь улс орны өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, тогтвортой хөгжлийг хангах, хүн амын амьжиргааны түвшинг сайжруулахад хөрөнгө оруулалтын үр нөлөөг дээшлүүлэх эерэг нөлөөтэй. Ажиллагсдын тоо, цалингийн хэмжээ, хотын болон улс орны эдийн засагт оруулж буй хувь нэмэр, татвар төлсөн дүнгээрээ соёлын салбар зочид буудал, ресторан, аялал жуулчлал, банкуудын адил эдийн засгийн ач холбогдолтой, нөлөө бүхий үйлдвэрлэл болохыг дэлхий даяар хүлээн зөвшөөрөх болжээ. Тиймдээ ч улс орнууд соёлын аж үйлдвэрийн салбар дахь өөрсдийн үндэсний хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулах, хөрөнгө оруулалт хийхэд бодлогоо чиглүүлж байгаа аж.