Ш.Энхбат: Эрүүл мэндийн салбар үргэлж үлдэгдэл хэлбэрээр санхүүжиж ирлээ

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхбаттай ярилцлаа.

-Нийслэлчүүдийн хувьд уушги, чихрийн шижин тэргүүтэй өвчин мундахгүй. Нэг үгээр,  хотын иргэд эрүүл мэндийн доройтолд орчихоод байна. Үүний шалтгааныг  та юу гэж харж байна вэ? 
 
-Бодлого нь буруу бол хэрэгжилт нь сайн байхгүй гэдгийг тод хариулж байгаа хэрэг. “Та хэдий хэмжээний мөнгө төлнө, төдий хэмжээний үйлчилгээ авна” гэх Орос үг бий. Тийм учраас Африкийн орон шиг мөнгө зарцуулчихаад Япон шиг тусламж, үйлчилгээ үзүүл гэвэл хэзээ ч бүтэхгүй. Иргэдийнхээ төлөө мөнгө хаяж байж тэдний эрүүл мэндийн үзүүлэлтийг сайжруулна уу гэхээс мөнгө хаяхгүйгээр зах зээлийн урсгалаар явна гэж болохгүй.
 
-Манай улсын нийт хүн амын тэн хагас нь нийслэлдээ амьдарч байна. Гэтэл эмнэлгийн хүрэлцээ хэр байна вэ? 
 
-Улаанбаатар хотын иргэн өнөөдөр 1.5 саяд хүрлээ. Монгол Улсын хоёр иргэний нэг нь нийслэлд байна шүү дээ. Тэдний 10 гаруй хувь нь бүртгэлгүй иргэд байдаг. Гэтэл дүүргийн эмнэлэг, амаржих газрууд 500 мянган хүн амтай байх үеийн хүчин чадлаараа л байна. Төрөөс 25 жил болоход нэг ч амаржих газар, дүүргийн эмнэлэг шинээр босгоогүй. Тэгсэн атлаа хүн ам нь гурав дахин нэмэгдчихсэн байдаг. Хэдэн жилийн өмнө бид төсөв мөнгөө юунд зарцуулахаа мэдэхгүй л явлаа шүү дээ. Тэгэхээр ганцхан мөнгө дутсан учраас Улаанбаатар хотод эмнэлэг байгуулагдаагүй гэж ойлгож болохгүй. Энэ бол бодлогын алдаа гэж хэлэхээс өөр аргагүй. Хүн нэмэхээр хүнс нэмэгддэг. Ийм том хотод зориулалтын дүүргийн эмнэлэг нэг ч алга. Бүгд зориулалтын бус байртай. Ер нь энэ салбар дандаа үлдэгдэл хэлбэрээр санхүүжиж явлаа. Өнөөдөр эрүүл мэндийн асуудлыг Сангийн яам шийддэг юм шиг болчихоод байна. Бүх хөрөнгийг нь Сангийн яам шийдэж, төсвийг нь хасаж, танадаг. 
 
Энэ онд Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын эмийн төсвийг өнгөрсөн оныхоос 30 хувиар бууруулсан. Энэ жил хүн амын тоо гурван сая давлаа. Анх удаа 81700 шинэ иргэн төрлөө шүү дээ. Үүний 51 мянга нь Улаанбаатар хотод төрсөн. Нийслэлийн хүн ам 51 мянгаар нэмэгдэж байхад төсвийг нь өмнөх оныхоос хасаж болохгүй. Дээр нь хөдөө орон нутгаас олон хүн ирж байна. Эцсийн дүнд өнөөдөр бүх эмнэлэг эмийн өртэй болчихлоо. Монголын эхчүүд орчин үеийн боломжийн, тохилог,  эмнэлэгт очерлохгүйгээр хүүхдээ төрүүлэхийг хүсч буй. Үүнийг төр хариуцаж,  нөхцлийг нь бүрдүүлэх ёстой. Хувийн хэвшил тийшээ орохгүй. Тэднийг оруулах нөхцлийг төр бүрдүүлж өгөх ёстой. Засаг өнөөдөр ажлаа хайнга хийж байна. Бодлого алга. Нийслэлийн Эрүүл мэндийн газар энэ оноос төсөвт суулган хүүхдийн гурван эмнэлэг шинээр барих гэж байна. Энэ нь 18 хүртэлх насныханд зориулсан. Манайд 10-аас дээш настай хүүхэд эмчлүүлдэг хүүхдийн эмнэлэг гэж алга. Хүүхдийн эмнэлэг гэхээр нярайн, бүр бага насны хүүхдэд зориулсан эмнэлэг л байна. 

-Үүнээс гадна танай газраас энэ онд хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудаас онцолвол?
 
-Улаанбаатар хотод төсвийн мөнгөөр нэг ч эмнэлэг шинээр баригдаагүй нь яах аргагүй бодлогын хямрал. Эмч хүн эмнэлэг баръя гээд чадахгүй шүү дээ. Эрүүл мэндийн салбар алсыг харсан бодлоготой, түүнийгээ ягштал биелүүлдэг байх ёстой. Хүний эрүүл мэндийн асуудлын 10-20 хувь нь эрүүл мэндийн байгууллагаас хамаардаг гэж үздэг. Бусад нь төрийн бөгөөд байгууллагуудын үйл ажиллагаас хамаарна. Хүнсний болон эмийн аюулгүй байдал,  агаарын бохирдлыг төр шийдэхгүй бол хувь хүн шийдэж чадахгүй. Тиймээс төрийн анхаарал, халамж чухал. Эрүүл мэндийн салбар нь улстөрөөс хамгийн хол салбар гэдгийг хүн бүр ойлгох ёстой. Мөн эмнэлгүүдийн бие даасан байдлыг бүрэн хангах ёстой. Шинээр “дугуй” бүтээх шаардлагагүй. Бусад орны явж буй зөв замаар явах хэрэгтэй. 
 
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас гаргасан уриаг Эрүүл мэндийн яам дэмжээд “Анхан шатны эрүүл мэндийн байгууллагын хүртээмжийг сайжруулъя” гэдэг нэгдсэн ойлголтод хүрээд, энэ чиглэл рүү явж байна. Монгол Улс өнөөг хүртэл энэ салбарыг барилга, байгууламж гэж үзвэл дээврээсээ эхэлж засч явлаа. Уг нь бол барилгын ажил сууриасаа эхэлдэг. Бид сууриас нь буюу өрхийн эмнэлгээс эхэлж байна. Нийслэлд байгаа 142 өрхийн эмнэлгийн хүртээмж сайжирвал хоёр,  гуравдугаар шатлалын эмнэлгийн ачаалал эрс буурна. 
 
 
 
 
 
Г.Орхон