Салбарын түүчээ

Их уурхайн хувь хүртэж хөгжлийн нэгэн цэгт ирээд буй Монгол Улсад түүхэнд үлдэх томоохон бүтээн байгуулалт нэгээр нэмэгдлээ. Энэ бол зэс,  молибденийн хүдрийн олборлолт, баяжуулалтаар Азид томоохонд тооцогддог “Эрдэнэт” үйлдвэрийн өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөл. Баяжуулах фабрикийнхаа өөрөө нунтаглах хэсэгт өргөтгөл хийж өнгөрсөн зургадугаар сарын 20-нд нээлтээ хийсэн юм. Сүүлийн гурван жил үргэлжилж буй өргөтгөлийн ажилд үйлдвэрийн уурхайчид төдийгүй гэрээт 10 гаруй компани туслан гүйцэтгэгчээр ажилласан нь энэхүү бүтээн байгуулалтын цар хүрээг илтгэж буй.
 
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Одоогоос 34 жилийн өмнө би “Эрдэнэт” үйлдвэрт ажилтнаар орж,  ачигч машинч, засварчин хийж анхны цалингаа авч байлаа” хэмээн дурсан хэлсэн. “Эрдэнэт” үйлдвэр ашиглалтад орсноос хойш 37 дахь жил дээрээ шинэ бүтээн байгуулалтыг хийж буйд Монгол Улсын Ерөнхийлөгч ийн баяр хүргэн нээлтийн үйл ажиллагаанд оролцсон юм. Олон хүний оюун ухаан,    хүч хөдөлмөр, техник, технологийн дэвшил шингэсэн өргөтгөлийн үйл ажиллагаа эхэлснээр үйлдвэр жилд 32 сая тонн хүдэр боловсруулж, төсвийн орлогыг 73 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх эдийн засгийн ач холбогдолтой. Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр жилд 16 сая тонн зэс, молибденийн хүдэр боловсруулах хүчин чадалтайгаар анх 1978 онд ашиглалтад орж байсан. Үүнээс  хойш өнөөг хүртэл үйлдвэрийнхээ техник технологийг шинэчлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэх, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээг байнга авч хэрэгжүүлж ирсэн нь тус үйлдвэрийн улсад оруулж буй үр өгөөжөөр хэмжигдэнэ. 
 
“Эрдэнэт үйлдвэр”  ХХК-ийн ерөнхий захирал Ц.Даваацэрэн “Үйлдвэрийн өргөтгөл ашиглалтад орсноор компанийн хүдэр боловсруулах хүчин чадал жилд зургаан сая тонноор нэмэгдэж, үйлдвэр жилдээ 32 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай боллоо. ОХУ-ын хөрөнгө оруулалтаар Эрдэнэтийн ордыг ашиглалтад оруулсан нь Монгол Улсын нийгэм,    эдийн засагт ихээхэн хувь нэмрээ оруулсан төдийгүй хөрөнгө оруулалтын хамгийн сайн жишээ болсноор бид бахархаж явдаг. Эдийн засгийн хүнд үед бид үйлдвэрийн өргөтгөлийг амжилттай ашиглалтад орууллаа. Цаашид бид үргэлжлүүлэн хөрөнгө оруулалт хийж,  үйлдвэрийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэх, орчин үеийн шинэ техник технологийг нэвтрүүлж,    эдийн засгийн үр ашигтай ажиллана” гэдгийг хэлсэн юм. 
 
Уурхайн олборлолт доошлох тусам уул геологийн нөхцөл хүндэрч, боловсруулж буй хүдэр дэх зэсийн агуулга буурч, баяжуулагдах чанар мууддаг байна. Үүнийг дагаад таваарын бүтээгдэхүүн гаргалт тогтмол унаж, борлуулалтын орлого буурах хандлагатай болдог аж. Тиймээс өнөөдрийн гаргаж буй таваарын бүтээгдэхүүний тоо,     хэмжээг (баяжмал дахь зэс ойролцоогоор 125000 тн/жил)  одоогийн түвшинд хадгалах техникийн болон зохион байгуулалтын арга хэмжээг авах үүднээс өргөтгөл барих хэрэгцээ шаардлага үүссэн талаар Баяжуулах фабрикийн даргын зөвлөх,  өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөл хариуцсан төслийн удирдагч Р.Дэлгэр хэлсэн юм. Түүнчлэн  техник технологио сайжруулж металл авалтаа ихэсгэх,    хүчин чадлаа нэмэгдүүлэн хүдэр боловсруулалтын хэмжээг өсгөх шаардлагатай тулгарсан байна. Иймээс гадаад, дотоодын ижил төстэй үйлдвэрүүдийн туршлага судалсны үр дүнд хүдэр боловсруулалтаа нэмэгдүүлэх, техник технологио сайжруулах боломжийг эрэлхийлсэн нь ийн биеллээ оллоо.
 
Тодруулбал,  бутлан тээвэрлэх хэсгийн КСД, КМД маркийн бутлууруудаа сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай, сайжруулсан бутлуураар сольж,  шигшүүрийн машинуудаа Австри улсын IFE фирмийн шигшүүрийн машинаар шинэчилжээ. Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөл ашиглалтад орсноор дээрх шинэчлэлүүдийн  үр дүн гарч үйлдвэрийн хүчин чадлыг 1.3 дахин нэмэх боломжтой бөгөөд нунтаглан баяжуулах хэсгийн флотпаркийн бүрэн шинэчлэл хийж 35 сая тонн хүдэр хүлээн авч баяжуулах нөхцөл бүрдэх аж. 
 
“Эрдэнэт” үйлдвэр нь баяжуулах фабрикийн өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийн зөвхөн захиалагчийн үүрэг гүйцэтгээгүй. Үндсэн үйлдвэрлэлийнхээ үйл ажиллагааг явуулахын зэрэгцээ өргөтгөлийн ажилд өөрийн мэргэжилтнүүдийн хүч боломжийг дайчлан, ашиглалтад оруулж эдийн загсийн нөхцөл байдал сайнгүй энэ үед энэхүү бүтээн байгуулалтын ард гарсанд талархмаар.
 
Үйлдвэрийн өргөтгөлийн ажилд ОХУ-ын “РИВС”, БНХАУ-ын машин үйлдвэрлэлийн “Найпу”, “CITIC”, үндэсний барилга үйлдвэрлэлийн “Тунамал-Үйлс”, “Улаанбаатар-БУК”,  “ОТК” ХХК, “Вера сервис”, Орхон аймгийн “Бүтээл”, ”Баяжуулагч одод”, ”SASS”,  ТӨСОМА”,  “Техмонтаж” ХХК гээд олон үйлдвэр хамтран ажиллажээ. Үндэсний барилга үйлдвэрлэлийн компанийн ажилчдын ур чадвар дээшилж, хандлага өөрчлөгдөн гаднынхнаас дутахааргүй болсон талаар төслийн ахлагч хэлэв. Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлд өндөр технологи,     хүчин чадалтай БНХАУ-ын “CITIC” фирмийн хагас өөрөө нунтаглах тээрэм SAG 9.75x4.88, бөмбөлөгт тээрэм МШЦ 6,71х9,75, “Найпу” фирмийн булинга шахах насосууд 550NZJA-MR,  бүрэн автомат булинга ангилагч АГЦУ 838х7, ОХУ-ын хацарт бутлуур ЩДП 15х21,   Австрали улсын “Метso” фирмийн конусан бутлуур HP400,   Австри улсын “IFE” фирмийн шигшүүр,  соронзон металл ялгагч зэргийг нэвтрүүлсэн нь  үйл ажиллагаа бүрэн автоматчилагдан дэлхийн түвшинд нийцэх тоног төхөөрөмжөөр хангагдсан гэдгийг салбарын мэргэжилтэн онцолж буй. 
 
Хүдэр дэх металлын агуулга багассан, баяжуулагдах чанар муудсан энэ үед өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөл ажилласанаар таваарын бүтээгдэхүүний хэмжээг 20 гаруй хувиар нэмэгдүүлэх нөхцөл бүрдлээ. 2011 оноос хойш шат дараатай хийсэн төслийн нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 155.4 сая ам.доллар бөгөөд төслөөс гарах эдийн засгийн үр ашиг нь жилд 12 сая ам.доллар. Мөн нэг тонн зэсийн үнэ 6800 ам.доллар байвал нийт хөрөнгө оруулалтаа 5.7 жилийн дотор нөхөх урьдчилсан тооцоо гарчээ. Үйлдвэрийн хувьд өнгөрсөн оны гүйцэтгэлээр жилд 26.1 сая тн хүдэр боловсруулсан нь төслийн хүчин чадлаа 1.6 дахин нэмэгдүүлсэн үзүүлэлт юм. 
 
Өдгөө тус үйлдвэрийн хамт олон 2015-2018 оны богино хугацааны хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэх бизнес төлөвлөгөөний дагуу ажиллаж,   2015-2025 оны урт хугацааны хөгжлийн хөтөлбөр боловсруулж буй. Эрдэс баялгийн их уурхай болсон Монгол Улсын уул уурхайн салбарт түүчээ Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн ирээдүй ийн гэрэлтэж байна.