Иргэдийн идэвхээр хөгжих спортын салбар

Спортоор хичээллэхийн ач холбогдлыг эрүүл аж төрөх үндэс хэмээн ухаан орсон цагаас эхлэн бидэнд сургасаар ирсэн. Гэсэн ч биеийн тамираар хичээллэх орчин олон нийтэд хязгаарлагдмал болоод ч тэрүү олны хандлага өдөр тутмын спортыг ойшоохгүй өдийг хүрсэн. Харин өдгөө иргэдийн дийлэнх нь эрүүл мэнддээ анхаарч, таргалалттай тэмцэх, хөдөлгөөнөөр эрүүлжихийг илүүд үздэг болжээ.

Үүнтэй холбоотой нийслэлчүүдийн эрүүл амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэх арга хэмжээг багагүй зохион байгуулж буй. Тухайлбал, энэ жил хоёр дахь удаагаа зохион байгуулж буй “Улаанбаатар марафон-2015” олон улсын гүйлтийн тэмцээнд Монгол,  Австри,   Япон,   АНУ, Хятад зэрэг 20 орчим орны 17 мянга гаруй хүн оролцжээ. Энэхүү арга хэмжээ нь эх орондоо гүйлтийн спортыг хөгжүүлэх, нийслэлээ дэлхийн улс орнуудад сурталчлах,  гүйлтээр хичээллэгч сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр залуу үеийнхэнд өөрийн дотоод нөөц боломжийг нээж зорилгодоо хүрэх тэсвэр хатуужилтай болгох арга хэмжээ гэдгийг зохион байгуулагчид онцолсон. Үүгээр зогсохгүй бие бялдрын болон оюун санааны өв тэгш хүмүүжил төлөвшүүлэх зорилгоор “Улаанбаатар марафон-2015” олон улсын гүйлтийг жил бүрийн зургаадугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрөөр зохион байгуулахаар болсон. Өдгөө иргэдийн спортоор хичээллэх идэвхийг дэмжин дэд бүтцийн ажил ч эрчимжсээр байна.

Биеийн тамираар хичээллэнэ гэдэг өөртөө хөрөнгө зарцуулж,  өөрийн эрүүл мэнддээ анхаарч байгааг хувийн хэвшлийнхэн ч анзаардаг болж. Өнөөдөр ард түмэнд спорт цогцолбор хэрэгтэй, хэрэггүй байх нь хамаагүй ирээдүйд хэрэгцээ болоод ирэхээр хувь ч бай хувьсгал ч бай бүтээдэг юм гэдгийг Нийслэлийн биеийн тамир, спортын газрын дарга Ж.Ганбаатар хэлсэн. Нийгэмд хэрэгцээ нь тулгараад ирэхээр бизнесийн байгууллагууд анзаарч бүтээн байгуулалт хийдгийн тод жишээ сүүлийн жилүүдэд олноор байгуулагдах болсон фитнесс клубууд юм. Түүнчлэн хувийн хэвшлийнхэн спорт ордон,  иргэд биеийн тамираар хичээллэх боломжит орчин бүрдүүлэх гэж буй тохиолдолд төр,  засгийн зүгээс газрын зөвшөөрөл бусад холбогдох бичиг баримтыг шийдвэрлэж өгч байх нь зүйтэй гэдгийг ч мөн албаныхан онцоллоо. Иргэдийн хувьд хөдөлгөөний дутагдалаас сэргийлж явган аялал, гүйлт,  дугуйн спортоор багагүй хичээллэх болсон байна. Гэвч олон нийтийн идэвх нэмэгдэх тусам тэд орчин шаардаж байна. Статистик мэдээллээс үзэхэд нийслэлд дасгал хөдөлгөөн хийх, бие бялдрыг чийрэгжүүлэх ногоон байгууламж бүхий 98 талбайг өнгөрсөн гурван жилд нийслэл, дүүрэг, хороо, аж ахуйн нэгж, иргэдийн үүсгэл санаачлагаар барьж байгуулснаар нийслэлд 702 биеийн тамир, чийрэгжилтийн талбай ажиллаж байгаа аж.

Нийслэлийн хэмжээнд биеийн тамир, спортын гадаад харилцаа, хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин ОХУ,  БНХАУ,  БНСУ,  Япон,  Итали,  Франц зэрэг орны улс болон хотуудын биеийн тамир, спортын байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ байгуулан сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотод 20 гаруй нөхөрсөг уулзалт, тэмцээн явуулж гадаад оронд мэргэжил дээшлүүлэх, туршлага судлах ажлыг идэвхтэй зохион байгуулж байна. Түүнчлэн манайхны хувьд шинэ тутам спорт болох усан спортыг хөгжүүлэх зорилгоор дүүрэг бүрт усан сан барих ажил ид өрнөж байна.  Ингэснээр цаашид дэлхийн аварга, тивийн наадмуудыг нийслэл хотдоо үе шаттай зохион байгуулж, улмаар 2040 онд Олимпийн тоглолтыг эх орныхоо нийслэлд зохион байгуулах зорилт тавин ажиллаж байгаа аж. 

Гэсэн хэдий ч салбарын санхүүгийн асуудал төдийлэн хүрэлцээтэй бус. Биеийн тамир,   спортын иргэдэд хүрдэг үйл ажиллагаанд улсын төсвөөс жилд 200 орчим сая төгрөг төсөвлөдөг аж. Үүнийг 10 байгууллага хуваан авдаг. Есөн дүүрэг,  нийслэлийн биеийн тамир спортын газар. Нэгж бүрт үйл ажиллагаа нь хэрэгждэг учраас энэ мэт олон задардаг гэнэ. Үйл ажиллагааны тайлангаа танилцуулаад төсөвлөсөн хөрөнгийг Сангийн яам шийдэхдээ хасчихдаг аж. Эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй байгаатай  холбоотой төсөвлөсөн хөрөнгөөр үйл ажиллагаагаа явуулахын зэрэгцээ иргэдийн идэвхид тулгуурлан зардал багатай үйл ажиллагаа зохион байгуулж байгаа аж. Олон нийтийн идэвхээр урагшилж буй тус салбарт ойрын хоёр жилийн хугацаанд багагүй бүтээн байгуулалт өрнөжээ. Цаашдаа ч иргэдийн идэвх салбарын хөгжлийг шинэ шатанд хүргэх тэмүүлэл болох ажээ.