Э.Баттулга: Жуулчдын төлсөн татвараар дараагийн төслүүдийг санхүүжүүлнэ

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Аялал жуулчлалын газрын дарга Э.Баттулгатай ярилцлаа. Тэрбээр 2002 оноос хойш аялал жуулчлалын салбарт ажиллаж байгаа бөгөөд Монгол, Япон, Австрали улсад суралцаж, мэргэжил эзэмшсэн. Газарзүйн ухааны болон Бизнесийн удирдлага-Олон улсын аялал жуулчлалын магистрийн зэрэгтэй. 

 
 
-Манай улсыг зорих жуулчдын тоо жилээс жилд буурсаар байна. Үүний шалтгааныг мэргэжлийн хүний хувьд хэрхэн тайлбарлах вэ? 
 
-Сүүлийн хэдэн жил дараалан аялал жуулчлалын салбарын гол үзүүлэлтүүд бууралттай байгаа. Үүний шалтгааныг аялал жуулчлалд Батлерын гэх зүй тогтлоор тайлбарладаг. Аяллын зорих газрыг шинэ зүйлсийг эрэлхийлэгчид, адал явдал хайгч, үүргэвчтэй аялагчид нээж, зохион байгуулалттай аялагчид өсгөж, масс жуулчлал хөгжлийн боломжит цэгт нь хүргэж өгдөг. Энэ үйл явц зарим газарт хэдхэн жил, зарим газарт хэдэн арван жил ч үргэлжилж болно. Зөв бодлого, менежмент хэрэгжүүлсэн нь тогтвортой өсөж хөгжөөд явдаг. Гараа хумхиад суусан нь жуулчидгүй хоцордог. Хэдэн жилийн дараалсан бууралтын шалтгааныг хөндлөнгийн хүчин зүйлсээс хайх шаардлагагүй, Монгол “мода”-наас гарч байна л гэсэн үг. Зам тээвэр, дэд бүтцийн хөгжил, нийгмийн үйлчилгээ, аюулгүй байдлын түвшин гэх мэт аялал жуулчлал өндөр хөгжсөн улс, хотуудын түвшинд хүргэх ёстой “харьцуулах давуу талууд” гэж бий. Нөгөө талаас жуулчдад санал болгох үзвэр, үйлчилгээ, нэгдсэн дүр төрх гэх мэт өрсөлдөгчдөөс ялгаруулах “өрсөлдөх давуу талууд” аль алинд нь бид анхаарал хандуулах ёстой.
 
-Тэгвэл Нийслэлийн Аялал жуулчлалын газрынхан зүгээр суугаагүй байх гэж найдаж байна. Бууралтыг зогсоогоод бас дээр нь хотын жуулчдын тоог өсгөх боломжтой гэж үзсэн зах зээлээ тодорхойлсон уу?
 
-Улаанбаатар хот “Найрсаг УБ” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ амжилтад хүрсэн улс, хотуудын жишгээр бууралтыг зогсоох хоёр үндсэн аргыг зэрэг хэрэглэж байна. Эхнийх нь уламжлалт зах зээл буюу Баруун Европ, Хойд Америк, Япон, Солонгосын зах зээлд шинэ дүр төрхтэйгөөр дахин гарч ирэх явдал. Одоогийн зах зээлийн дөрөвний нэг орчим хувийг эзэлж буй амралтын зорилгоор Монголыг зорих жуулчид хот суурин газрын соёл, амьдралын хэв маягийг сонирхох нь ховор. Гагцхүү агаарын болон төмөр замын тээврийн зангилаа болж буй байдал нь Улаанбаатар хотод ирэх шалтгаан болж байгаа. Үүнийг өөрчлөх амаргүй ч амралтын зорилгоор ирдэг жуулчдын сэтгэлд хүрсэн үзвэр, үйлчилгээ, эерэг хандлагыг бий болгох замаар аль болох олон хонуулах, нийслэл дэх мөнгөн зарцуулалтыг нь нэмэгдүүлэхэд анхаарч байна. Өмнө дурьдсан харьцуулах давуу талаа бэхжүүлэхэд ач холбогдол өгч байгаа. 
 
Халаасны хулгай, муу үйлчилгээ, найрсаг бус байдал, үзэж харах зүйлсийн хомсдолоос шалтгаалаад тур операторууд жуулчдаа хотоос аль болох хурдан авч гарахын хүслэн болдог байлаа шүү дээ. Одоо бол Улаанбаатарыг “Найрсаг” гэсэн тодотголтой, жуулчдад ээлтэй хот болгох олон арван ажил хийгдэж байна. Үр дүнг нь удахгүй үзнэ гэж найдаж байгаа. Дараагийн арга нь шинэ зах зээлд анхаарал хандуулж буй явдал. Хөрш орны “аяллын зорилгоор ирэгсэд”-ийн урсгалыг бий болгохоор зорьж байна. Тэд яалаа гэж манайд жуулчлах вэ гэж зарим нь бодож байж магад. Aялах эдийн засгийн боломж хэзээ бүрдэнэ тэр цагаас эхлэн хил залгаа эсвэл газар нутаг ойр дөт улсын, бага зардлаар хүрч болохуйц төв суурин газрууд руу хүмүүс зорчиж эхэлдэг. Үүнийг Бартоны дөрвөн үечлэл гэж нэрлэдэг. 
 
Бид эхлээд Эрээн, Бээжин, тэгээд Хонконг, Сингапур хүрсэн шиг тэд Алтанбулаг, Замын-Үүдээр дамжаад Улаанбаатарт аялах болно. Энэ үйл явц дор хаяж 10 гаруй жил үргэлжилнэ. Хөрш орны жуулчид дотор хамгийн өндөр ач холбогдол өгөх сегмент нь Монгол туургатнууд байх юм. Бусад орны жуулчидтай харьцуулахад нүүдлийн соёл ахуй, онгон байгаль тэдний хувьд төдийлөн сонирхол татах зүйл биш тул аялал жуулчлалын бусад бүсээс илүү Улаанбаатар хот хамгийн тохиромжтой аялах газар гэдэгтэй бүгд санал нийлэх байх. Жуулчдын тоо хэд ч хүрсэн 70-80 хувь нь хоёр хөршийн иргэд байдаг одоогийн бүтцээс их өөрчлөгдөхгүй. Соёлын холбоо, хүлээн авагч илгээгч хоёр зах зээлийн зайн хамаарал гэсэн зүй тогтлууд энэ боломжийг олгодоггүй. Жишээ нь Англид аялдаг жуулчдын дийлэнхийг газар нутгийн хувьд ойролцоо улс орнууд, тэгээд Англитай соёл түүхээрээ холбогддог америк, канад, австрали, шинэ зеландууд эзэлдэг.
 
-“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрт нийслэлийн төсвийн таван хувийг зарцуулахаар Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан. Бас дээр нь 2020 онд хоёр сая жуулчин авах төлөвлөгөөтэй. Төсөв, төлөвлөгөө хоёр их өндөр сонсогдож байна. 
 
-Манай хөтөлбөрийг анхааралтай уншвал төсөв бүрдүүлэх эх үүсвэр, төлөвлөгөө хэрэгжүүлэх арга замыг маш тодорхой заасан байгаа. Жишээ нь, аялал жуулчлалд зарцуулах хөрөнгийг олон улсын жишгийн дагуу жуулчны үйлчилгээний байгууллагуудын орлогоос бүрдүүлнэ гэж заасан. Нийслэл хотын албан татварын хуулиар жуулчны үйлчилгээнээс авах татвар батлагдлаа. Иргэдийн бус, жуулчдын төлсөн татвараар дараагийн олон жуулчдыг татах ажлыг санхүүжүүлнэ гэсэн үг. Жуулчдын тооны хувьд улс орнууд хилээр нэвтэрсэн гадаад иргэдийн тоогоор, хотууд бол жуулчдын өнгөрүүлсэн хоногийн тоогоор тооцдог гэдгийг хэлэх хэрэгтэй. Зочид буудлын ор хоногийн татвараар дамжуулж хотууд жуулчдынхаа тоог баттай гаргаж чаддаг. 
 
“Найрсаг УБ”-ын хүрээнд хийгдэх ажлын төлөвлөгөө, зарцуулах хөрөнгийг дийлэнх нь хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын төлөөллөөс бүрдсэн Нийслэлийн аялал жуулчлалын зөвлөлөөр хэлэлцдэг тогтолцоонд шилжсэн. Салбарын хэмжээнд хамгийн ач холбогдолтой гэсэн ажлууд  хийгдэж, шийдэгдэж байгаа. Үр дүнд нь салбарын хэмжээнд тулгамдсан асуудлууд том, жижиг гэлтгүй шийдэгдэж байна. Жуулчин тээврийн хэрэгслүүдийн дугаарын хязгаарлалт, авто зогсоолууд, үйлчилгээний цагийн хуваарь, жуулчны мэдээллийн төвүүдийн сүлжээ, жуулчны цагдаагийн нэгж гэх мэт. 
 
2015 онд хөтөлбөрийн хүрээнд 32 нийтийг хамарсан эвент, фестивалиуд, хэд хэдэн нийгмийн аян, гадаад сурталчилгааны ажлууд төсвөөс санхүүжүүлэн хийж байна. Эдгээр ажлын үр нөлөөг бодитоор тооцохын тулд нийслэлийн эдийн засаг, нийгэм соёл, байгаль орчинд үзүүлэх аялал жуулчлалын салбарын шууд ба шууд бус нөлөөллийн судалгаа, жуулчдын сэтгэл ханамжийн судалгаа, гол зах зээлийн орнуудын болон жуулчдын зан төлвийн судалгаа гэх мэт 10 гаруй төрлийн судалгаа хийж байгаа.
 
 
 
Б.Энхцэцэг