Амар тайвныг сахигчид

Улаанбаатар хотод 3200 гаруй цагдаагийн албан хаагч ажилладаг. Засгийн газрын 2011 оны 131 дүгээр тогтоолоор нэг албан хаагчдад ногдох нормативийг баталж өгчээ. Энэ нормативийг мөрдөхийн тулд одоо байгаа бие бүрэлдэхүүн дээр 1600 орчим албан хаагчийг нэмэх шаардлагатай аж. Ажлын ачаалал өндөр байх нь нэг талаас гол зорилго иргэддээ хүрч үйлчилж чадахгүй, нөгөө талаас албан хаагчдад учирч болзошгүй эрсдэл нэмэгдэж байгаа юм. 

Засгийн газрын тогтоол хэрэгжихгүй байгаа нь Засгийн газартай  холбоотой. Улаанбаатар хотын Цагдаагийн байгууллагуудад батлагдсан төсөвт орон тоо 100 хувь хангагдсан. Орон тоогоо нэмье гэхээр цалингийн сан нь хүрэлцдэггүй учраас ямар ч боломжгүй. Цагдаагийн байгууллагын төсөв Хууль зүйн сайдын багцаас санхүүждэг. Харин нэг давуу тал нь “Улаанбаатар хотын” гэх статустай учраас Нийслэлийн Засаг даргын тамгын газар санхүүжилтийн нэг эх үүсвэр болж өгдөг. Засаг даргын тамгын газраас ажиллах орчныг бүрдүүлэх, албан хаагчдын ахуй амьдралыг дээшлүүлэх, хөдөлмөр хамгааллын хэрэгслээр хангах тал дээр туслалцаа үзүүлдэг байна. Энэ жил гэхэд 4.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Үүнээс 1.9 тэрбум төгрөгөөр Улиастайн эцсийн буудал дээр, гэр хорооллын дунд Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн байрыг барихаар тендер зарлаад байгаа аж. Мөн гудамж, талбайд гарч байгаа бүх албан хаагч нэг бүрийн хамгаалах хэрэгслийг шийдсэн. Наадмаас өмнө хотын цагдаа нарын гарт очихоор болжээ. “Гэвч бүх асуудлыг шийдэхэд төсөв, санхүү хангалттай биш. Цаашид тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх шаардлага бий” хэмээн Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга Ч.Болдбаатар тэрбээр хэлсэн юм. Одоогийн байдлаар цагдаагийн албан хаагчийн хөдөлмөрийн аюулгүй байдлыг хамгаалах бүх хэрэгслийг Нийслэлийн Засаг даргын хөрөнгөөр хэрэгжүүлж байна.
 
Цагдаа нарын нийгмийн байдал тийм ч сайнгүй. Замын хар зуны наранд хөл дороос нь тэсэхийн аргагүй халж, өвөлдөө яаж хайрдгийг замын цагдаа нараас өөр мэдэх хүн ховор. Доороосоо халж,  хөрснөөс бөөр нь өвчилсөн цагдаа олон аж. Энэ нь таргалалтын шалтгаан болно. Гэтэл олон нийтийн дунд бий болсон түгээмэл ойлголт нь “цагдаа нар их иддэг” гэнэ. Гав,  бороохойгоос бусдаар хангамж гэхээр зүйл үгүй. Гурван жилийн эдэлгээ даах ёстой дүрэмт хувцас нь нар,   салхинд амархан гандаж, элэгдэнэ. Тиймээс хувь хүнд хандаж захиалгаар хийлгэх хэрэгтэй болдог. Хангалтаар тавьж өгдөг борооны цув нь шиврээ бороо нэвтэрчихнэ. Ачаалал ихтэй тул амралтгүй шахам ажилладаг тэдэнд цалингаас өөр урамшуулал, хоол унааны мөнгө гэж олгодоггүй. Илүү цагийн цалин бодохгүй. Үндсэн цалин нь ч тийм өндөр биш ажээ.
 
“Цаашдаа албан хаагчдын эрүүл мэнд болон,  амьдралын баталгааны асуудлыг шийдэх чиглэлд анхаарч ажиллана. Жишээлбэл,  найман хувийн хүүтэй орон сууцны зээлд хөнгөлөлттэй хамруулах боломж НИТХ-аас баталсан  "Төрийн албан хаагчдад орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэхэд баримтлах журам”-ын хүрээнд бий болоод байна. Гэхдээ хөрөнгө санхүүгийн хувьд олон хүнийг хамруулах бололцоо одоогоор хомс” хэмээн Ч.Болдбаатар дарга ярьсан юм.
 
Гэхдээ ажил урагшилж,   ахиж дэвжиж байгаа аж. Асуудал, бэрхшээл бишгүй байгаа ч боломж,  нөөцдөө тулгуурлан хотын цагдаа нар ажил үйлээ амжилттай үргэлжлүүлж яваа гэнэ. Сүүлийн үед “Сайн хөршийн холбоо” гэж юу болох тухай олон нийт мэдээлэлтэй болсон аяны хүрээнд зохион байгуулагдаж байсан ажил өргөжиж хөтөлбөр болон хэрэгжих гэж байгаа юм. Өнөөдөр томоохон гудамж, талбайд нэлээд сайн камержсан. Одоо орц, иргэдийн гэмт халдлагад өртөх магадлалтай харанхуй орчныг гэрэлтэй болгох, камерын хяналтад оруулах ажлыг хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулах юм байна. Угаасаа хүн хүч муутай байгаа цагдаагийнхандаа иргэд нь өөрийн чадал хэрээрээ дэм болж,   хажуу хавирганыхаа айл өрхийн аюулгүй, амар тайван байдалд санаа тавьдаг байх нь хотын амьдралын шаардлага болоод байгаа юм.
 
Өнөөдөр цагдаа нарын харилцаа, хариуцлага ч өөр болжээ. Энэ талаар иргэд ам сайтай байгаа гэнэ. Улаанбаатарын Цагдаагийн газраас боловсон хүчнээ илүү мэдлэг боловсролтой албан хаагчдаар бүрдүүлэх бодлого барьж байгаа юм байна. Учир нь иргэдийн зүгээс ирдэг шүүмжлэл нь цагдаагийн албан хаагчийн харилцааны соёл, сургалт дадлага, мэдлэг боловсрол гэсэн үндсэн гурван асуудал байдаг аж. Давтан сургалтын төвөөрөө тодорхой түвшний албан хаагч жилд хэдэн кредит цагийн сургалтад хэдэн удаа хамрагдах ёстойг тодорхойлж, албан хаагчдыг чадавхжуулах ажил байнга зохион байгуулж байгаа аж.
 
 
 
 
Ц.Буян