Популизмгүй уул уурхайн төлөө

А.Билгүүн /Эдийн засагч/

Популизм Монголын эдийн засгийн “Толгойны өвчин” болоод нилээд хэдэн жил болж байна. Монголчуудын амьдрал уул уурхайн салбар,  тэр дундаа уул уурхайн салбарт ордог гадаадын шууд хөрөнгө оруулалтаас зайлшгүй хамааралтай нь нэгэнт ойлгомжтой. Ойрын ирээдүйд ч бид уул уурхайн салбараас олох орлогоор л эдийн засгийн хөгжилд хүрэх нь гарцаагүй болчихлоо. Үүнийг тайлбарлахын тулд олон үгээр нуршихаас илүүтэйгээр баримт статистикаар тайлбарлавал илүү хялбар бөгөөд үнэмшилтэй болов уу. Монгол Улсын Үндэсний статистикийн хорооноос авсан доорхи мэдээлэлд тулгуурлан хэдэн баримт дурдъя. 

Чин үнэн гэвэл дундаж монгол иргэн 10 жилийн өмнөхөөсөө харьцангуй чинээлэг амьдарч байгааг уул уурхайн салбартай холбож үзэхгүй байхын аргагүй. Энэхүү эдийн засгийн үсрэнгүй хөгжил чухам Оюутолгойн хөрөнгө оруулалт орж ирсэн 2011 оноос эхлэлтэй гэж үзэж болно. Дээрхи үзүүлэнгээс харахад 2011 онд Монгол Улсад 5.9 их наяд төгрөгийн гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирсэн нь манай эдийн засгийг тухайн жилдээ 17.3 хувь өсөхөд хүргэжээ. Мэдээж орд газрууд үнэтэй болохын хэрээр улстөрчид болон зарим нэг сонирхлын бүлгүүдийн  явуулгаар гадаадын хөрөнгө оруулалтыг шахан зайлуулж эхэлснээр манай эдийн засгийн өсөлт огцом буурч,  энэ жил бараг хасах үзүүлэлттэй гарах хандлагатай гэж зарим эдийн засагч айж байна. 
 
Гэтэл улстөрчдийнхөөр бол уул уурхайн салбар баялаг бүтээдэггүй бөгөөд Монгол Улс өөр салбараар эдийн засгаа хөгжүүлэх боломжтой гэж үздэгээ нуухгүй байна. Энэ бол бас л популизм… Бодит байдал нэг иймэрхүү.
 
 
Өнгөрсөн онд манай нийт экспортын 83 хувийг уул уурхайн салбарын эрдсийн бүтээгдэхүүн эзэлжээ. Одоогоор бидэнд дэлхийн зах зээлд зэс, алт, нүүрснээс өөр нийлүүлчихээр бүтээгдэхүүн байхгүй л байна. Гэтэл уул уурхайн салбарыг олон нийтэд харлуулж харагдуулахыг зоригчид өдгөө бүр УИХ гишүүд нь өөрсдөө болчихоод байхад манай эдийн засаг яаж өөдтэй байх юм бэ? 2011 оноос эхлэн Монголыг Азийн бар улс болох нь хэмээн дэлхий эндүүрч ирсэн шүү дээ.
 
 
10 жилийн өмнө 760 тэрбум байсан улсын нэгдсэн төсөв маань өнгөрсөн жил долоон их наяд  (10 жилд 10 дахин өсөлт) болтлоо ихэсчээ. Энэ мөнгөнөөс монгол хүн бүр хүртсэн,  засаг, төр маань баяжиж, олимп дэлхийгээс медал авсан тамирчиддаа насан туршид нь тэтгэмж өгөх хүртлээ хөрөнгөжсөн. Дээрхи төсвийн орлогын дийлэнхийг уул уурхайн компаниудын борлуулсан бүтээгдэхүүнээс татвар авч бүрдүүлсэн. Ийм байхад л уул уурхайн төслүүдийг ард түмэнд хүртээлгүй мэт тайлбарлаж байгаа нь бас л популизм. 
 
Жирийн иргэдэд үнэхээр хүртээлгүй байсан уу гэвэл өрөөсгөл асуудал. Энэхүү нийтлэлийг уншиж суугаа та 2005 онд өнөөгийнхөөс баян байсан уу гэж асуувал бараг 90 хувь нь үгүй гэж хэлэх байх. 
 
 
Ихэнх монгол уул уурхайн салбартай ямар нэгэн байдлаар холбогдолтой ажил эрхэлж байгаа. Уурхайд ажилладаггүй юмаа гэхэд уурхайд нийлүүлэлт хийдэг байгууллагуудад, эсвэл бүр уурхайгаас цалин авдаг иргэдэд бараа, үйлчилгээгээ зарж байгаа. Тиймдээ ч монголчуудын баян хэсэг нь банкинд хадгаламжтай, дунд давхрагынхан банкны зээлээр байр авах боломжтой болсон. 2005 онд бидэнд ийм боломж байсан уу?
 
 
Дээрхи статистик үзүүлэлтээс харж болно. 2011 онд нэг хүнд ногдох тээврийн хэрэгсэл 0.10 байсан бол 0.12 болж 20 хувь өссөн байна. Бид нийтээрээ хувийн машин унаж эхэлсэн,  өнөөгийн гудамж талбайд багтахгүй олон машинтай болж, хувийн машин бол тансаг хэрэглээнээс илүү өдөр тутмын хэрэгцээ болж эхэлсэн. Ердөө 10 жилийн өмнө нэг хүнд 1.5 ам метр орон сууцны талбай ногдож байсан бол өнөөдөр 4.5 ам метр буюу гурав дахин их талбай ногдож байна. 
 
 
Хэрэв бид уул уурхайн салбарыг огтхон ч ашигладаггүй байсан бол жилд нэг тэрбум хүрэхгүй ам.долларын экспорттой, эдийн засгийн өсөлт, хөгжил гэж яриад ч хэрэггүй, Азийн цээж дээрхи малчид л байх байлаа. Магадгүй манай улсыг онгон зэрлэгээрээ байдаг гэж гадаадын жуулчид олноор ирж үзэх байсан байх.
 
Өнөөгийн бидний амьдралыг уул уурхайгүйгээр төсөөлшгүй. Гэтэл популист улстөрчдийн явуулга, тэдний турхиралт Монголын хөгжлийн тулгуур болсон уул уурхайн салбарыг амь тавихад хүргээд байна. Бид төмөр зам барьж, нүүрсээ үнэд хүргэхийн оронд 21 мянган төгрөг тарааж найрласан. Бид Оюутолгойн далд уурхайг бариулахын оронд алаагүй баавгайн арьсыг булаалдаж гурван жил алдсан. Бид Мардайн ордыг булааж аваад 100 сая ам долларын өрөнд унасан. Бид Гацууртын ордыг хамгаалж буй нэрээр нинжа нараар сэглүүлж байна. Энэ бүхний эхлэл нь популизм,  улс төрийн хийрхэл л байсан. 21 мянган төгрөг аваад нэг монгол хүн баяжсан уу. Ядуурал буурсан уу. Оюутолгойг зогсоогоод монголчуудад ямар сайн үр дүн авч ирэв. Гацууртын ордыг ашигласангүй гээд Хүннүгийн булш хаана байна. Энэ бүхний хариуцлагыг хэн хүлээх юм бэ?