Уул уурхайн хөрөнгө оруулагчид чуулж байна

Уул уурхайн салбарын түншүүд энэ жил “Популизмгүй уул уурхайн төлөө” нэгдлээ. Эдийн засагч А.Билгүүн өөрийн нийтлэлдээ “2011 онд Монгол Улсад 5.9 их наяд төгрөгийн гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирсэн нь манай эдийн засгийг тухайн жилдээ 17.3 хувь өсөхөд хүргэсэн. Мэдээж орд газрууд үнэтэй болохын хэрээр улстөрчид болон зарим нэг сонирхлын бүлгүүдийн явуулгаар гадаадын хөрөнгө оруулалт буурч эхэлснээр эдийн засгийн өсөлт огцом уруудаж,  энэ жил бараг хасах үзүүлэлттэй гарах хандлагатай гэж зарим эдийн засагч дүгнэж байна. Гэтэл улстөрчдийнхөөр бол уул уурхайн салбар баялаг бүтээдэггүй бөгөөд Монгол Улс өөр салбараар эдийн засгаа хөгжүүлэх боломжтой гэж үздэгээ нуухгүй байна. Энэ бол бас л популизм…” гэжээ. Мөн тэрбээр “Популист улстөрчдийн явуулга, тэдний турхиралт Монголын хөгжлийн тулгуур болсон уул уурхайн салбарыг амь тавихад хүргээд байна” хэмээн онцолсон. 

Уг чуулганы эхний өдрийн хуралдаан бүрт улсын эдийн засаг тэр дундаа, уул уурхайн салбарт улс төрийн оролцоо өндөр байгааг онцолж байв. Энэхүү оролцооны үр дүн нь өнөөдрийн байдал гэх. Тухайлбал, Тавантолгойн төслийн гацааны гол шалтгааны нэг нь улс төр гэдгийг Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат чуулганы индэрээс шулуухан хэлсэн. 
 
13 дахь жилдээ болж буй уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын “Discover Mongolia-2015” олон улсын чуулган хоёр өдрийн турш үргэлжилж байна. Энэ үеэр уул уурхайн салбарын хууль эрх зүйн орчин, нүүрсний экспорт, төслийн санхүүжилт, тэдгээр дэх засгийн газар, орон нутаг, иргэдийн оролцоо зэрэг сэдвийг хөндөж буй. Мөн энэ салбарт тулгамдаж буй хөрөнгө оруулалтын асуудлыг хэрхэн шийдвэрлэх, бизнес эрхлэгч хөрөнгө оруулагчдад ямар боломж, эрсдэл байгаа зэргийг хэлэлцэж байгаа юм. 
 
Чуулган үеэр Уул уурхайн үндэсний ассоциацийн Ерөнхийлөгч Н.Алгаатай цөөн хором ярилцлаа. 
 
-Энэ жилийн уриа Популизмгүй уул уурхайн төлөө. Үр дүнг нь та хэрхэн харж байна вэ? 
 
-Жил бүрийн “Дисковер Монголиа” чуулганы үр дүнгээс түншүүд маань нотлогдсон, үнэн бодитой мэдээлэл, мэдлэг өгөхийн зорьдог. Учир нь энд оролцож буй бизнесийн түншүүд өөр өөр мэдээлэл, ашиг сонирхолтой байгаа тул үнэн зөв, бодит мэдээлэл авах ёстой. Хоёрдугаарт, тэднийг уг чуулган уулзуулж, бизнесийн шинэ түншээ олоход нь тусалдаг. Мөн уул уурхайн салбарын өнөөгийн нөхцөл байдлыг мэргэжлийн нүдээр үзэж, дүгнэх юм. Энэ бүгдийн үр дүнд цаашид шинэ хөрөнгө оруулагч Монголд ирээсэй гэж. Одоо багц багцаар гэдэг юм байхгүй болсон шүү дээ. Их тогтвортой, нийгмийн зөвшилцөлтэйгээр асуудлаа шийдэж явах сонголт, сорилтыг энэ үнийн мөчлөг бидэнд “тавган” дээр авч ирж өглөө. 

-Манай улсад орж ирж буй гадаадын шууд хөрөнгө оруулалтын дийлэнхийг геологи хайгуул, уул уурхайн салбар эзэлж байна. Цаашдын хөрөнгө оруулалт ямар байх бол? 
 
-Би их өөдрөг төсөөлөлтэй байгаа. Энэ хүнд нөхцөлд ч гэсэн аажим аажмаар нэмэгдэнэ гэж харж байна. Тиймээс ч бид энэ чуулга уулзалтыг хийлээ. Хөрөнгө оруулагчдыг татахын тулд Засгийн газраас бодлогын баримт бичгүүдийн алдаагаа нэлээд засч амжлаа.  Одоо бид тэр бодлогын хэрэгжилт дээр тодорхой итгэл авч ирэх шийдлүүдийг хурдан хийж өгөх ёстой. Тусгай зөвшөөрлөө түргэн олгож, Тавантолгойг хурдан хөдөлгөх хэрэгтэй. Бусад шинэ төслүүдэд заавал төр оролцохоо больж, хувийн хэвшилд итгэл үзүүлэх хэрэгтэй. Эдийн засгийн ил тод байдлын хууль батлагдлаа. Ил тод байна гэдэг нь “юуг ч нуухгүй” гэсэн үг биз дээ. Тэгэхээр юм нууж байна гэж хардаж, жишиг үнийн татвар авахаа зогсоох хэрэгтэй. Хөрөнгө оруулагчид эдгээр асуудлыг шийдэхийг хүлээж байна. Далайгаас том, уудам Хятадын зах зээл бидний хажууд байна. Энэ зах зээлийг бид дуустал нь ашиглах ёстой. Оруулдаг хөрөнгийг нь оруулаад, үр ашиг, татвараа аваад явуулах хэрэгтэй. 
 
-Уул уурхайн салбарт бизнесийн эрх чөлөө хэр байна вэ?
 
-Энэ салбар гэлтгүй Монгол бизнесийн эрх чөлөөгөөр хумигдмал байна. Фризерийн институтын судалгаанд бизнесийн эрх чөлөөг таван үзүүлэлт, 21 хүчин зүйлээр ангилсан байдаг. Үүнээс зургаан хүчин зүйлээр нь Монгол Улс муу үнэлгээ авч байна. Төсвийн зохицуулалт буюу төсвийн бодлого, эрх зүйн хамгаалалт, өндөр татвар, халамжийн бодлого зэрэг нь бизнесийн эрх чөлөөг боомилж байгаа юм. Эдгээрээс бид салах ёстой. Хүн өмчтэй болохыг хуулиар зөвшөөрсөн. Тэр өмч нь халдашгүй дархан байх ёстой. Гэтэл шүүх өнөөдөр түүнийг нь хамгаалж чадахгүй байна. Лицензийг нь цуцалж байна. Урт нэртэй хууль гаргаад хүний оруулсан хөрөнгөд халдаж, үнэгүйдүүлж байна. Үүнийг бид өөрчлөх ёстой. Энэ зах зээлийн нийгэмд хүний эрх, өмчийн эрхийг багагүй огоорч байна. 
 
 

Г.Орхон