“Дисковер Монголиа-2015”: Хөрөнгө оруулагчдад Монголд олон сонголт бий

“Дисковер Монголиа 2015” уул уурхайн салбарын чуулга уулзалт өндөрлөлөө. Өнөөдөр үдээс өмнө чуулга уулзалтын сүүлийн салбар хуралдаанууд болж “Уул уурхайн хөрөнгө, санхүүгийн орчны төлөв байдал”, “Орон нутаг, нийгмийн харилцаа, байгаль орчны асуудал”, “Эрдэс боловсруулалт ба мэргэжилтэн бэлтгэх тогтолцоо, хөрөнгө оруулал” сэдвээр хэлэлцэж, мэдээлэл солилцсон юм. 
 
Эдийн засгийн байдал зөвхөн Монголд төдийгүй дэлхий даяар сайнгүй байгаа. Ойрын хугацаанд сайжрах төлөв харагдахгүй байгаа нь Монголын уул уурхайн салбарт хөрөнгө татахад ихээхэн нөлөөтэй байгааг өнөөдрийн хуралд оролцогчид хэлж байв. Тухайлбал 2009 оноос хойш ойролцоогоор хоёр их наяд ам.долларын хөрөнгө оруулалт “emerging market” гэгддэг хөгжиж буй орнуудад хийгдсэн ч ганцхан жилийн дотор үүний 50 хувь нь буцан гарчээ. Энэ нь хөрөнгө оруулагчид хямралын үед өндөр өгөөжтэй, эрсдэлтэй зах зээлээс татгалзаж, бага өгөөжтэй ч эрсдэлгүй зах зээлийг сонгох болсонтой холбоотой хэмээн “Хан инвэстмэнт менежмент” компанийн Монгол дахь захирал С.Нарантөгөлдөр хэлсэн. Харин Монголын хувьд арай доогуур зэрэглэлийн буюу “Fronteir market” гэж үнэлэгддэг байна. Тэрбээр “Монгол дахь төслүүдэд гадаадын хөрөнгө оруулагч татахад тулгарч буй хүндрэлүүд” сэдвээр илтгэл тавьсан юм.  
 
Түүний илтгэлдээ дурдсанаар макро эдийн засгийн дээрх хүчин зүйлээс гадна хөрөнгө оруулагчдыг үргээдэг гол шалтгаан нь улс төр, хууль эрх зүйн тогтворгүй орчин болон цаашид тогтвортой байна гэсэн баталгаа үгүй явдал аж. Тухайлбал, 2013 онд баталсан “Хөрөнгө оруулалтын тухай хууль”-ийг сурталчлахдаа уг хуульд өөрчлөлт оруулахын тулд УИХ-ын 2/3-ын дэмжлэгийг авах зохицуулалттай хэмээн тогтвортой байдлын баталгаа өгч байсан ч уг заалтыг Үндсэн хуультай зөрчилдсөн гэх шалтгаанаар хассан нь дээрх хичээл зүтгэлийг үнэгүйдүүлжээ. Түүнчлэн гадаадын хөрөнгө оруулагчид тодорхой асуудлын улмаас хил давах эрхгүй болж хөл хоригддог асуудал хөрөнгө оруулагчдыг Монгол руу хандахад бодитой саад болдог хэмээсэн юм. 
 
Санхүүгийн талаас Монгол дахь төслүүдэд хөрөнгө татахад тулгарч буй асуудал нь зээлийн эрсдэл гэнэ. Төслийг санхүүжүүлэх зээлийн хүү их өндөр байгаа нь хөрөнгө оруулагчдыг эргэлзэхэд хүргэж буй аж. Хүү өндөр тогтож байгаа гол шалтгаан нь хамгийн эрсдэл багатайд тооцдог Засгийн газрын бондын өгөөж өндөр байгаатай холбоотой. Тухайлбал, Чингис бондын өгөөжийг өнөөдөр санхүүгийн зах зээл дээр 7-9 хувиар тооцон арилжиж байгаа гэнэ. 
 
Нөгөө талаас Монгол Улс тийм ч хөрөнгө оруулалт хийх боломжгүй зах зээл биш хэмээн “Олон Улсын санхүүгийн салбар Монголын төслүүдийг дэмжихэд бэлэн үү” сэдвээр илтгэсэн “Эм Ай Би Жи” компанийн хөрөнгө оруулалтын банкны захирал К.Макдугалл үзэж буй юм. Тэрбээр 2016 онд УИХ-ын сонгууль болох тул хөрөнгө оруулагчид үүнийг улс төрийн тогтвортой байдал бий болно гэж харах нь зүйтэй гэсэн юм. Монголд байгаа давуу талын хувьд хөрөнгө оруулах төсөл их байгаагийн дээр Монголд итгэдэг хөрөнгө оруулагч цөөн байгаа учир хөрөнгө оруулагчдад олон сонголт бий хэмээсэн. Харин Монгол Улсын зүгээс хийх ёстой зүйл нь нэгдүгээрт тогтвортой орчин бий болгох, хоёрдугаарт гадаад зах зээлд сайн мэдээ түгээх гэсэн юм. Өнгөрсөн хугацаанд дэлхий нийтэд Монголын тухай сайн мэдээ огт тархаагүй нь үнэт цаас, бондын үнэ унах шалтгаан болсон гэдгийг тэрбээр сануулж байлаа.
 
Тэгвэл энэ цаг үед уурхай, үйлдвэрүүд хэрхэн ажиллах хэрэгтэй талаар “Эрнст Яанг Монголиа” компанийн олон улсын уул уурхай болон металлын зөвлөх Пол Митчелл зөвлөсөн юм. Түүний гол зөвлөгөө нь “Зардлаа бууруулж, бүтээмжээ сайжруул” байлаа. Компаниудын гаргадаг алдаа нь зардлаа бууруулахад хэт анхаарч, бүтээмжээ сайжруулах талыг орхигдуулдаг  явдал. Зарим даа энэ хоёрыг хамт хэрэгжүүлэх боломжгүй байдаг. Тэгвэл бүтээмжээ сайжруулахыг сонгох нь зүйтэй хэмээсэн юм. “Бүтээмжээ сайжруулах гэдэг нь ихийг үйлдвэрлэх гэсэн ойлголт биш бөгөөд ашигтай хэмжээнд үйлдвэрлэхийг хэлнэ” хэмээн тэрбээр нэмж тайлбарлав. 
 
“Орон нутаг, нийгмийн харилцаа, байгаль орчны асуудал” сэдвийн хуралдаанаас хөндсөн гол асуудал нь “нинжа” нар буюу “Бичил уул уурхай эрхлэгчид”-ийн үйл ажиллагаа байлаа. Бичил уул уурхай эрхлэгчдийн үйл ажиллагаа эрх зүйн зохицуулалттай болсноор тэд “нинжа” байхаа больж, илүү зохион байгуулалтад орж, ашиг олж, татвар төлж, байгальд нөхөн сэргээлт хийж байгаа зэрэг эерэг үр дүн гарч эхэлсэн байна. Тухайлбал, “Бичил Уурхайчдын Дээвэр Холбоонд” л гэхэд 11 аймгийн 150 гаруй бичил уурхайчид нэгдэн, нөхөн сэргээлт хийгдсэн газрын тоо ганц хоёроор тоологдохгүй болжээ. Монгол орны 20 аймагт бичил уул уурхай эрхлэгчид үйл олборлолт хийдэг бөгөөд тэдний 70 гаруй хувь нь алт олборлодог байна. Бичил уурхай эрхлэлт нь сум орон нутгийн эдийн засагт ч их хувь нэмэр оруулж байгаа аж. Судалгаагаар тэд жил бүр тэрбум орчим төгрөгийг оюутны сургалтын төлбөрт төлдөг болох нь тогтоогджээ. 
 
Энэ удаагийн чуулга уулзалт цөөн оролцогчтой байгаа ч өнгөрсөн онтой харьцуулахад нэмэгдсэн, шинэ оролцогчид ирсэн, хайгуулын шатны зарим хөрөнгө оруулагч буцан ирсэн байгааг Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаа чуулга уулзалтыг хааж хэлсэн үгэндээ онцолсон юм. Тэрбээр, “Өмнөх жилүүдэд бодлогын чанартай асуудлуудыг түлхүү хөндөж ярилцдаг байсан бол, энэ удаад нөхцөл байдал ямар байгаа, ямар ололт олж, сорилттой тулгарсан туршлагаа хуваалцсан явдал” хэмээн энэ жилийн “Дисковер Монголиа”-гийн онцлогийг тодорхойллоо.
 
 
 
Ц.Элбэгсайхан