Хөрөнгө оруулагчид ийн ярьж байна

"Discover Mongolia 2015" чуулга уулзалт энэ сарын 3-4-нд Улаанбаатар хотноо болсон билээ. Тус чуулган нь 13 дахь жилдээ болсон бөгөөд уул уурхайн салбарынхан, хувийн хэвшил, төрийн болон иргэний нийгмийн манлайлагчдыг нэг дор цуглуулдаг юм.
 
Бид уулзалтын үеэр хөрөнгө оруулагчдын төлөөллөөс уг чуулганы талаар болон хөрөнгө оруулалтын ирээдүйн талаарх сэтгэгдэлийг нь сонссон юм. 
 
 

-Ранжит Сундхер /"Canrim Development" ХКК-ийн захирал/:
 
-Чуулганаас та ямар үр дүн гарна гэж бодож байна вэ?
 
-Ямар ч гэсэн сөрөг чиг хандлагатай хүмүүс цаашид ч сөрөг чиг хандлагатай хэвээрээ үлдэнэ. Хэвлэл мэдээллийнхэн, улстөрчид болон гаднын хөрөнгө оруулагчдын зарим нь үргэлж бүх зүйлийг сөрөг байлгах дуртай байдаг. Би үүний эсрэг зогсдог бөгөөд олон эерэг хөгжлийн чиг хандлага гарч байна. Эерэг зүйлс болж байгаа ч түүнд тийм ч их анхаарал хандуулдаггүй. Тэгэхээр үр дүнг нь хүмүүс хэзээд хоёр талд байсаар л байх болно гэж хэлье. Ерөнхийдөө, би энэ чуулганд сэтгэл хангалуун байна.
 
-Та уул уурхайн салбараас өөр хөрөнгө оруулалт татах бололцоотой салбарыг харж байна уу?
 
-Дэд бүтцийн салбар. Тодруулбал,  зам, гүүр, хонгил, явган хүний шинэ зам зэрэг хүмүүст хэрэгтэй салбар байна. Энэ  нь хүмүүс хүүхдээ сургуульд нь түргэн, саадгүй хүргэдэг болох, ресторан явж хоолонд орох боломжийг олгох тийм дэд бүтэц. 
Ийм дэд бүтцийн төсөлд оруулсан хөрөнгө оруулалт уул уурхайн салбартай өрсөлдөхүйц байж чадна гэж үү?
-Энэ бол огт өөр бизнес. Би уул уурхайн салбартай өрсөлдөхүйц байж чадна гэж бодохгүй байна. Гэвч эрсдэл талаас нь үзвэл өрсөлдөхүйц байж чадна.
 
-Жим Двайер /Монголын Бизнесийн зөвлөлийн гүйцэтгэх захирал/: 
 
-Tа энэ чуулганаас юуг түлхүү онцолж хүлээн авч байна вэ?
 
-Оюу Толгойн далд уурхайн талаар ярилаа. Магадгүй энэ далд уурхайн талаарх анхны илтгэл биз ээ.  Үүнд, ирэх 50 жилд юу болох хийгээд далд уурхайгаас баялгийг гаргаж авах ач холбогдолын талаар ярилаа. Хоёрдугаарт, “Эрдэнэс Монгол” компанийн захирал Монголд үйл ажиллагаа явуулж буй гадаадын хайгуулын компаниудад үүссэн хүндрэлийн талаар ярив. Ер нь таван жилийн турш ямар ч хайгуулын ажил явагдаагүй бөгөөд хайгуулын лицензийг олгоогүй. Тэрээр нэгэн хүний хэлсэн зүйлийг иш татсан юм. “Газар доор байгаа зүйлсийг олох хэрэгтэй, хайгуул хийх эрхгүй бол олох боломжгүй” гэж. Гэхдээ энэ бүгд одоо өөрчлөгдсөн, энэ нь мэдээж хэрэг сайн зүйл. 
 
-Хөрөнгө оруулагчын итгэл болон хууль эрх зүйн орчныг сайжруулах талаар их ярьж байна. Итгэлийг яаж эргүүлж олж авах талаар та бодлоосоо хуваалцана уу?
 
-Бид мега төслөө хөдөлгөж чадсан нь маш сайн хэрэг. Цаашид Тавантолгой ч юмуу, эсвэл хоёрдугаарт яригддаг мега төслүүдийг хөдөлгөх хэрэгтэй. Бид нэг мега төслөөс гадна олон төслүүдийг хөдөлгөх хэрэгтэй байна.
 
-Маса Игата /“Frontier Securities” ХХК-ийн үүсгэн байцуулагч ба гүйцэтгэх захирал/:

-Та уул уурхайн салбараас өөр хөрөнгө оруулалт татах бололцоотой салбарыг харж байна уу?
 
-Оюутолгой болон Тавантолгойгоос гадна хөрөнгө оруулах боломжтой эрчим хүчний төслүүд байна. Үүнд дулааны тавдугаар цахилгаан станц, Багануур болон Тавантолгойн эрчим хүчний төсөл зэрэг орно. Үнэхээр том боломж байна. Гэвч гол асуудал нь эдгээр нь үргэлж боломж байсаар ирсэн бөгөөд бодит ажил болж хэрэгжсэнгүй. Оюутолгойн далд уурхайн санхүүжилтэд нэг ч ам.доллар зарцуулагдаагүй л байна. Тиймээс бид Оюутолгойн төслийн санхүүжилтийн гарын үсэг түргэн  зурагдахыг хүлээж байна. Хэрэв ингэвэл өөрчлөлт харагдаж эхлэх ёстой. Үүний дараа хөрөнгө оруулагчид орж ирж томоохон төслүүд хөдөлж эхлэж магадгүй.
 
Мэдээж хэрэг Засгийн газар эдийн засгаа илүү төрөлжүүлэхийг оролдож бүх салбарт нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхийг зорьж байгаа. Тэр ч байтугай уул уурхайн салбарт хайлуулах үйлдвэр барих гэж оролдож байна. Энэ бүгд бололцоотой зүйлс. Тийм ч учраас бид чуулганы үеэр уул уурхайн бус салбарын боломжийн талаар ярьж байна шүү дээ.

Та бидэнд арванхоёрдугаар сард Япон улсад болох “Invest Mongolia Tokyo” чуулганы талаар бага зэрэг ярьж өгөөч?
 
-Энэхүү арга хэмжээ арванхоёрдугаар сарын 9-нд Токио хотноо болно. Өмнө жил ойролцоогоор 280 гаруй хүн оролцсон бол энэ удаа 300-350 болж өсөх хандлагатай байна. Уг чуулган нь Японд болдог Монгол Улстай холбоотой хамгийн том чуулган бөгөөд гуравдагч хөрш болох АНУ, Европ болон Азийн улсуудын анхаарлыг ихээр татдаг. Энэ нь яах аргагүй Японы хөрөнгө оруулагчдыг Монголд авчрах том арга хэмжээ.
 
 
О.Түвшин