100 мянган төгрөг тутмын 10 нь луйвар

Монгол Улсын төлбөрийн картын эрсдэл, түүний удирдлага, хамтын ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, онол практик солилцох зорилготой “Төлбөрийн картын эрсдэлийн Олон улсын зөвлөгөөн – 2015” өнөөдөр болж байна. Зөвлөгөөнийг Монголын Банкны холбоо, Монголбанк, арилжааны банкууд, ЮнионПэй интернэйшнл байгууллага хамтран зохион байгуулж буй аж. 
 
Орчин цагийн төлбөр тооцооны салшгүй хэсэг нь төлбөрийн карт болоод байна. Дэлхий дахинаа нийт гүйлгээний 75 хувь нь бэлэн бусаар хийгдэж байна. 2014 онд бэлэн бусаар хийгдсэн нийт гүйлгээний дүн 28.9 их наяд ам.доллар хүрчээ. Гэхдээ үүний 19 хувь нь луйврын гүйлгээ аж. Дэлхий даяар жил бүр дөрвөн хүн тутмын нэг нь луйвар, залиланд өртөж байна. Тэдний 63 хувь нь төлбөрийн карт маш бага хэрэглэдэг. 50 хувь нь хамгийн багадаа нэг удаа эрсдэл бүхий үйлдэл гаргасан гэсэн тоог зөвлөгөөний үеэр дурдаж байв. 
 
Олон улсын хэмжээнд авч үзвэл дэлхийн нийт бэлэн бус гүйлгээний 24 хувийг АНУ-д хийдэг бөгөөд нийт луйврын гүйлгээний 48 хувь нь тус улсад хийгддэг ажээ. Дэлхийн хэмжээнд өнгөрсөн онд хийгдсэн нийт гүйлгээний 100 ам.доллар тутмын 5.7 цент нь луйврын гүйлгээ аж. Харин Монголын хувьд авч үзвэл 100 мянган төгрөг тутмын 10 төгрөгийг луйврын гүйлгээ эзэлдэг байна /2014 он/. Энэ тоо 2013 онд ердөө 2.6 төгрөг байжээ. Үүнээс гадна, монголчуудын хамгийн их худалдаа хийдэг өмнөд хөршид луйврын гүйлгээ нийт гүйлгээний 42 хувийг эзэлдэг нь иргэдийн залиланд өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. БНХАУ-ын өмнө АНЭУ 47 хувьтайгаар бичигдэж луйврын гүйлгээгээр дэлхийг тэргүүлдэг ажээ. Түүнчлэн хойд хөршид ч мөн ялгаагүй нийт гүйлгээний 23 хувийг нь луйвар эзэлж байна. 
 
Өнөөдрийн зөвлөгөөнөөр Монгол Улсад тулгарч буй төлбөрийн картын эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудал, олон улсын туршлага, хамтын ажиллагааны уялдаа холбоог сайжруулах талаар хэлэлцэн тодорхой санал, шийдлийг эрэлхийлэх, гарсан зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүлж хамтран ажиллах аж. 
 
Төлбөр  тооцоонд бэлэн бус гүйлгээ ашиглах нь далд эдийн засгийг ил болгох, төсвийн орлогыг бүрдүүлэх, мөнгөний эргэлтийг нэмэгдүүлэх сайн  талтай. Гэтэл Монгол Улсад нийт гүйлгээний 87 хувь нь бэлнээр хийгдэж байна. Тэгэхдээ жил ирэх тусам төлбөрийн карт хэрэглэгчдийн тоо өсч, гүйлгээний дүн нэмэгдэж байгааг дурдах хэрэгтэй. Өнөөдөр улсын хэмжээнд 15 мянган карт уншигч машин, 1285 АТМ, ПОБ буюу банкны салбар нэгжүүдэд байршуулсан гүйлгээний машины тоо 1827 болжээ. 
 
Зөвлөгөөнд оролцогчдын хувьд энэ асуудлаар өнөөдөр нэн тэргүүнд шаардлагатай зүйл нь эрх зүйн зохицуулалт гэдэгт санал нэгтэй байна. БНСУ зэрэг кредит картны хуулийг тусгайлан батлаж картын хэрэглээг өндөр байлгахын зэрэгцээ, луйврын гүйлгээг доогуур түвшинд барьж буй жишээг хурлын үеэр хөндөж байв. Хоёрдугаарт, банкууд өөрсдөө хэрэглэгчээ хамгаалах, системээ сайжруулах шаардлагатай байгааг Төвбанкны мэргэжилтнүүд хэлэв. Луйвар хийсний дараа биш, хийхээс нь өмнө илрүүлэх систем нэвтрүүлэх хэрэгтэй гэсэн. 
 
Тус зөвлөгөөнд холбогдох төрийн болон олон улсын байгууллага, арилжааны банкуудын 120 гаруй төлөөлөл оролцож байна. 
 
 
 
 
Ц.Элбэгсайхан