Хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авна

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн банкны бүх төрлийн хадгаламжийн хүүгийн орлогоос тус хуулийн 23.1 заасны дагуу 10 хувийн албан татвар авахаар болж байна. 

Иргэдийн арилжааны банкин дахь  хадгаламжийн хүүгийн орлого нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 13.1.4-д зааснаар татвар ноогдох хөрөнгийн орлогод хамаардаг.
 
Уг хуульд 2012 оны аравдугаар сарын 25-нд нэмэлт өөрчлөлт оруулж мөнгөн хадгаламжийн нийт хэмжээ нь 100 сая төгрөгөөс дээш нэг жил ба түүнээс бага хугацаатай болон хугацаагүй хадгаламжийн хүүгийн орлогоос бусад Монгол Улсын иргэний хадгаламжийн хүүгийн орлогыг татвараас энэ оныг дуустал хугацаанд чөлөөлж байсан юм.
 
Харин Монголын Хөрөнгийн биржээр арилжаалагдаж байгаа Засгийн газрын үнэт цаас нь энэ хуулийн 16.1.5 заалтын дагуу дээрх татвараас бүрэн чөлөөлөгдсөн байдаг аж.