Монголд орж ирсэн шалтгаан бол хямрал

1990 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн ОХУ-ын “Zalan Energy” компанийн Ерөнхий захирал Р.Чингистэй ярилцлаа. Тус компани нь барилга, цахилгаан хангамжийн бараа, бүтээгдэхүүний борлуулалт хийдэг бөгөөд хойд хөршийн зах зээл дээр сүүлийн 15 жил амжилттай яваа юм. Тэдний хувьд хилийн чанад дахь анхны зах зээл нь Монгол.

-Таныг Монголын зах зээлд орж ирэхэд юу хөтөлсөн бэ?

-Монгол руу орж ирсэн шалтгаан нь хямрал. Хямрал шинэ боломжийг нээдэг. ОХУ-д маш том хямрал болж байна. Хэдий Монголын эдийн засаг хүндрэлтэй байгаа ч энэ нь бидний хувьд шинэ боломж. Хямрал боллоо гээд хойш суух биш илүү шинэ хязгаарт хүрч, шинэ боломжийг нээх гэж Монгол руу орж ирсэн. ОХУ-ын Ерөнхийлөгч Монголд ирэхдээ хамтын ажиллагаагаа илүү өргөжүүлж, бэхжүүлж буйгаа хэлсэн. Манай төв компани Буриадад бий. Ахан дүүс болсон улсдаа үйл ажиллагаа явуулахаар шийдэж дөнгөж энэ онд Улаанбаатар хотод салбар компаниа байгуулаад байна. Монголын эдийн засаг бага үзүүлэлттэй байсан ч огцом өссөн. Нэг талаас энэ нь Монголд орж ирэх бас нэг шалтгаан болсон гэж болно.

-Шинэ хөрөнгө оруулагчийн хувьд Монголын зах зээлд орж ирэхэд хүндрэлтэй зүйл юу байв. Одоогоор саад тотгор болж байгаа зүйл байна уу?

-Монгол бизнес эрхлэхэд маш нээлттэй, нөхөрсөг орон. Гэтэл Орос улсад бизнесийн хамтрагч, харилцагчид ингэж нээлттэй байдаггүй. Ганц уулзахаар “Чи хэн юм бэ. Миний хувийн юманд битгийн халд” ухааны юм ярьдаг. Бид өнөөдөр Монголд хямралаас өөр ямар ч хүнд зүйл олж харахгүй байна. Бүх зүйл боломжийн нээлттэй байна. Эдийн засаг өсч, буурч циклээр явдаг учир Монголын одоогийн эдийн засгийн байдал аль ч оронд байдаг л зүйл. Ирэх жилээс эдийн засаг сайжирна гэж найдаж байна. Ийм нөхцөлд бидэнд худалдан авагч харьцангуй олон байгаа. Тийм учраас нэг ширхэг гэрлийн чийдэн худалдаж авч байгаа хүн ч гэсэн бидний хувьд маш чухал.

-Таны хувьд Монголын хөрөнгө оруулалтын орчныг аль өнцгөөс нь харж байна вэ?

-Ямар ч асуудал гаргахгүйгээр бүх зүйлийг хуулийн дагуу хийх хэрэгтэй. Монголын хөрөнгө оруулалтын орчинд ямар нэгэн асуудал олж харахгүй байна. Зорилгодоо хүрэхийн тулд бүх зүйлийг хуулийн дагуу хийх хэрэгтэй. Оросоос хөрөнгө оруулалт татахад бүх зүйл нээлттэй. Учир нь, тэнд чинээлэг бизнесмэн олон бий. Тиймээс тэднийг Монгол руу татах зүйл хийвэл хөрөнгө оруулалт нэмэгдэнэ. Хөрөнгө оруулагчид зах зээлээ сайн судалж байж орж ирвэл ямар нэгэн асуудал ãàðäàãã¿é. Гол нь ОХУ-д хямрал нүүрлэж, рублийн ханш унасан. Ингэснээр Оросын бараа, бүтээгдэхүүний үнэ буурч байна. Тиймээс оросын чанартай барааг хямд үнээр худалдан авах боломж монголчуудад байна.

-Оросын хөрөнгө оруулалтын орчинд манайхаас өөр ялгаатай зүйл байна уу?

-Хоёр улсын эдийн засгийн бүтэд ерөнхийдөө адилхан. Монгол газрын баялагаа борлууж байхад Орос ч ялгаагүй нефтээ худалдаалдаг. Манай улсад газрын тосны үнэ унаснаар хямрал эхэлсэн. Монголд мөн адил иймэрхүү бүтцээр хямрал болсон. Энэ хямралаас бага алдагдалтай гарахын тулд үндэснийхээ бүтээгдэхүүнээ урд, хойд хөрш орнууд руу худалдаалах нь зөв. Бид “Эрдэнэт Лед” гэх монгол компанитай хамтарч ажиллахаар ярилцаж байна. Энэ компанитай хамтарч ажилласнаар Монголын бүтээгдэхүүнийг Монголд гэлтгүй Оросын зах зээлд борлуулна. Хэрэв уг компанийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг бид борлуулж, монголчууд дотоодын бүтээгдэхүүнээ авснаар энэ компанийн эрэлт ихэснэ. Ажилчдын тоо нь нэмэгдэж, илүү олон хүн ажлын байртай болно. Мөн улсад татвар төлснөөр улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх юм.

-Хөрөнгө оруулалтын орчноо сайжруулахын тулд Засгийн газар юу хийх хэрэгтэй гэж та бодож байна вэ?

-Монголын Засгийн газар гадаад иргэд болон хөрөнгө оруулагчдад Монголд бизнесээ хэрхэн эхлүүлэх боломжтой талаар зөвлөмж, тусламжийг сайн өгөх хэрэгтэй. Би өмнө нь Москвагийн Санхүүгийн томоохон компанид ажиллаж байгаад Монголд томилогдож ирсэн. Анх Улаанбаатарт зөвхөн гар цүнхтэйгээ орж ирсэн. Багахан хүндрэлтэй замыг туулсан л даа. Цахим хуóдаснаас мэдээлэл хайсан боловч хангалттай мэдээлэл байхгүй байсан. Улан-Үдэд олон компани Монголын зах зээлд орж ирэхийг хүсч байгаа. Тиймээс тэдэнд мэдээлэл өгөх хэрэгтэй. Гэвч тэдэнд Монголд бизнес эрхлэхэд хангалттай мөнгө байхгүй. Гэтэл Монголын олон бизнес эрхлэгч аль хэдийн Улан-Үдэд бизнесээ эрхлээд эхэлсэн, хэдэн жил амьдарч байгаа хүмүүс ч бий. Энд ирээд харснаар нэг гунигтай зүйл гэвэл Монгол Улс жирийн жуулчинд өртөг ихтэй орон болсон. Санаа зовоож байгаа зүйл нь Монголоос Орос руу жуулчид их явна. Оросоос Монгол руу ховор байна. Өртөг ихтэй гээд. Тиймээс энэ тал дээр анхаарах хэрэгтэй болов уу.

 

 


Г.Орхон