Хөшигийн хөндийн нисэх буудлын ажил 60 хувьтай байна гэв

Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Хөшигийн хөндийд барьж буй шинэ нисэх буудлыг ирэх онд болох АСЕМ-ын уулзалтаас өмнө ашиглалтад оруулна гэж буй. Тус бүтээн байгуулалтын ажил одоогийн байдлаар 60 хувьтай байгаа аж. Өчигдөр “Шийдлийн цаг”-аар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тус төслийн явцтай танилцсан бөгөөд бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөөт хугацаанаас өмнө явааг гүйцэтгэгчид хэлсэн. 
 
Хөшигийн хөндийн нисэх буудлын төсвийн гүйцэтгэгчээр Японы “Мицүбиши-Чиёода” түншлэл, ерөнхий  туслан гүйцэтгэгчээр БНСУ-ын “Самсунг Си энд Ти” компани ажиллаж байна. Мөн барилгын ажлын туслан гүйцэтгэгчээр Монголын 40, Япон, Солонгос, Сингапур, Хятад, Чех улсын дангаараа болон хамтарсан хөрөнгө оруулалттай 20 орчим компанийн 2100 гаруй инженер ажиллаж байгаа аж. Өдөрт 220 гаруй машин техник ажиллуулж байгаа бөгөөд орон нутгийн аж ахуйн нэгжүүд ч төсөлд оролцож байгааг төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Н.Энхбат танилцуулсан. Нийт ажилчдын 85 хувь нь монголчууд байгаа аж. 
 
Уг төслийн үндсэн барилга байгууламжийн хийц, бүтээцийн бетон, төмөр бетон хийц цутгах, метал хийц угсрах ажлууд үндсэндээ дуусч байгаа гэлээ. Онгоц хөөрч, буух зурвас, явгалах замын төмөр бетон хучилтыг хийж байгаа аж. 
 
Ч.Сайханбилэг “Төслийг хэрэгжүүлэхэд Монголын Засгийн газрын зүгээс гүйцэтгэх ажил, хүлээсэн үүрэг бий” гэсэн. Мөн тэрбээр шаардлагатай хөрөнгө оруулалтын ажлуудыг ирэх даваа гаригийн хуралдаанд танилцуулж шийдвэрлүүлэхийг Зам, тээврийн сайд М.Зоригтод даалгав. 
 
 
 

Г.Баатар