Гадаад жуулчид Монголд аялахдаа дунджаар 1774 ам.доллар зарцуулдаг

Монголбанк, Аялал жуулчлалын үндэсны төв хамтран гадаадын жуулчид Монгол Улсад аялахдаа гаргадаг зардлыг судалжээ. Гадаадын жуулчдын Монгол Улсад байх хугацаандаа зарцуулж буй дундаж зардал нь тухайн жуулчин аяллаа хэрхэн зохион байгуулсан болон аль улсын тур оператор компаниар үйлчлүүлснээс хамаарч ялгаатай байдаг аж. 
 
Судалгаанд хамрагдсан жуулчдын 51 хувь нь өөрөө аяллаа зохион байгуулсан бол 49 хувь нь жуулчлалын компанид ханджээ. Мөн жуулчлалын компанид хандсан жуулчдын 51 хувь нь Монголын компанийг сонгон үйлчлүүлсэн байна.
 
Ингээд судалгаагаар жуулчид дунджаар хоёр долоо хоногийг Монгол Улсад өнгөрүүлэхдээ хувийн аялагчид 1526 ам.доллар, компаниар үйлчлүүлсэн аялагчид 2383 ам.долларыг тус тус зарцуулдаг нь тогтоогджээ. 
 
 
Жуулчид Монгол Улсад аялах хугацаандаа төлбөр тооцооны 74 хувийг бэлнээр, 26 хувийг төлбөрийн карт ашиглан хийдэг аж. Судалгаанд Монгол Улсад аялсан 1233 жуулчныг санамсаргүй түүврийн аргаар хамруулсан  байна.
 
Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас гаргадаг Монгол Улсын хилээр нэвтэрсэн гадаадын жуулчдыг улс орон, бүс нутгаар нь ангилан үзэхэд БНСУ-ын жуулчид 22 хувь, БНХАУ 17 хувь, ОХУ 17 хувь, АНУ болон Канадын жуулчид зургаан хувийг буюу дийлэнхийг бүрдүүлдэг байна.