Тогтвортой байгаа ч туйлдаж магадгүй

Санхүүгийн хувьд бөхийлгүй байр сууриа хадгалж буй тулгуур салбар нь арилжааны банкууд. Өнөөдөр Монголын эдийн засаг хүндрэлтэй, бэлэн мөнгөний эргэлт бага байгаа ч банкууд өөрийн хөрөнгөөр эрсдэлийн өмнө цалгардахааргүй байгааг Монголын Банкны холбооны ерөнхийлөгч О.Орхон хэлэв. Энэхүү байдлыг хэрхэн хадгалж  тогтвортой байж цаашид ямар арга хэмжээ авах вэ? Яг л энэ асуултын хариултыг дөрвөн том банкны захирал Төвбанкны төлөөллийн хамт сууж байгаад олон нийтийн өмнө гарцаа хэлэлцсэн. Зөвхөн энэ талаар ч гэлтгүй эдийн засгийн нөхцөл байдал, томоохон төслүүдийн явц,  хөрөнгө оруулалттай холбоотой асуудлыг хэлэлцдэг "Хөрөнгө оруулалтын чуулга уулзалт 2015" өнгөрсөн сард амжилттай зохион байгуулагдсан. 
 
“Фронтиер” компаниас ес дэх жилдээ зохион байгуулж буй тус чуулганд гадаад, дотоодын 500 орчим төлөөлөгч оролцсон. Эрчим хүчний сайд асан Д.Зоригт “Монгол олон улсын анхаарлаас гараагүй байна. Эдийн засаг уруудаж байна гээд бид цааргалсан дүр төрх үзүүлж буй. Гадныхан биднийг сонирхож хамтран ажиллах боломжийг эрэлхийлсээр байгааг харлаа” гэсэн юм. Хуралдааны хэсэг бүрээс хөрөнгө оруулагчид төдийгүй монголчууд тодорхой ойлголттой болж нэгдсэн мэдээлэл авч байсныг энд дурьдах хэрэгтэй. Үүнээс онцолж санхүүгийн салбарын үйл явц, эрсдэлийн өмнө баримтлах бодлогоо хэлэлцсэн нь хамгийн авууштай байлаа. 
 
Төсөв,  мөнгө,  хөрөнгө оруулалт,  иргэдийн амьжиргааны түвшин энэ бүгд өөрөө нийгмийн нэг илэрхийлэл болж банкны салбараар хэмжигдэх нөхцөл бүрдэх нь бий. Энгийн жишээ авахад амьжиргааны түвшнээс доогуур амьдралтай иргэд орон сууцтай болж чадахгүй өдийг хүрлээ. Энэ байдлыг халхлахаар ипотекийн зээлийн 10 хувийг иргэд төлж үлдсэн 20 хувийг төрөөс батлан даах асуудлыг хөндсөн. Энэ талаар Монголын Банкуудын холбооны ерөнхийлөгч О.Орхон “30 хувийн урьдчилгаа төлөх чадваргүй хүмүүст энэ бас нэг боломж. Гэхдээ үлдсэн 90 хувийг цалингийн орлогоосоо төлөх нөхцөл үүсч байгаа юм. Түүнчлэн эргэн төлөлтийн хугацааг 20-30 жил болгосон. Сар бүр төлөх мөнгө нь буурч байгаа мэт боловч үргэлжлүүлэн 10 жил зээлээ хүүтэй нь төлнө гэсэн үг. Энэ нь нэг талаас хямралын үед иргэдийг орон сууцтай болгох талаас нь авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ боловч эдийн засгийн утгаараа иргэд болон банкуудад зээлийн дарамт нэмэгдэж байна” гэсэн юм. 
 
Банкуудад гэсэн учир нь эдийн засгийн нөхцөл сайнгүй үед чанаргүй зээлийн хэмжээ ихсэх хандлага байгаатай холбоотой. Энэ оны эхний улирлын байдлаар нийт 72.4 мянган зээлдэгчид 3.1 их наяд төгрөгийн зээл олгожээ. Харин өнгөрсөн зургаадугаар сарын байдлаар хугацаа хэтэрсэн ипотекийн зээл 1.8 хувь,  чанаргүй зээл 0.5 хувь байгаа талаар банкны салбарын судалгаанаас харж болно. Үүнтэй холбоотой нэмж эрсдэлтэй зээл гаргахгүй байх талаар арга хэмжээ авч буй аж. Санхүүгийн зарим салбарын хувьд зээлээ зогсоосон гэх мэдээллийг ч өгч байлаа. Эдийн засгийн сайнгүй байдал гэнэт үүссэн асуудал биш. Харин 2012 оноос эхэлсэн эрсдэлээ тооцоолох боломж олгож буй хямрал гэж эдийн засагчид үзэж байна. Түүнчлэн эдийн засгийн сайнгүй үе болох 2009 онд чанаргүй зээлийн хэмжээ 17 хувьд хүрч байсан. Үүгээр ч зогсохгүй зарим банк хаалгаа барьсантай харьцуулахад одоогийн нөхцөл байдлаа муутгаж  аюулын харанга дэлдэхээс илүү ямар арга хэмжээ авч эрсдэлээ тооцоолох хэрэгтэй вэ гэдэгт анхаарч ажиллах хэрэгтэй гэж үзсэн. Энэ гаргалгааг тайлбарлахдаа өөрийн хөрөнгөө баталгаажуулж муу зээлийн эсрэг сан байгуулах үйл ажиллагааг хэрэгжүүлж буй гэнэ. Түүнчлэн топ дөрвөн банкны өөрийн хөрөнгийн хэмжээ 16-17 хувь байгаа нь сайн үзүүлэлт гэдгийг Банкуудын холбооны ерөнхийлөгч О.Орхон дурьдсан. 
 
Эдийн засгийн өсөлтөө дагаад банкны салбарын өсөлт ч зогсож байгаа талаар Монголбанкны Мөнгөний бодлого, судалгааны газрын захирал Д.Болдбаатар “Оны төгсгөлд муу зээлийн хэмжээ 10 хувьд хүрэх боловуу гэсэн тооцоолол байна. Гэхдээ манай банкуудын өөрийн хөрөнгө хангалттай байна. Энэ онд ерөнхийдөө амь зогоосон, аргацаасан байдалтай өнгөрөх байх. Ирэх жилд ч олигтой өсөлт ажиглагдахгүй болов уу” гэлээ. Мөн тэрбээр “Төсвийн орлого тасарч байгаа нь орлогын буруу зарцуулалттай холбоотой. Өмнөх жилүүдэд төсвийн орлого нэмэгдэхийн хэрээр бид орлогоо хуримтлуулах биш зардлаа нэмж ирсэн. Орлого тасалдахаар зардлаа танахаас өөр гарцгүй болсон.  Бидэнд том сургамж болж байна” хэмээн онцолсон. Тус хурлыг зохион байгуулагч “Фронтиер” компанийн захирал Маса Игата “Өр дээр өр нэмэх нь онцгүй хэдий ч хөрөнгө оруулагчдад бодит байдлаа танилцуулж тусламж авахаас өөр арга үгүй. Мэдээж мөнгөний эх үүсвэргүй бол Монголын томоохон банкууд одоохондоо тогтвортой байгаа ч туйлдах нөхцөл бүрдэх эрсдэл бий.  Тиймээс хүссэн,  хүсээгүй өрийн  удирдлагыг аль болох уян хатнаар зохицуулах хэрэгтэй болж буй” гэлээ. 
 
Норихико Като /ХААН банкны гүйцэтгэх захирал/: 
 
Арилжааны банкуудын хувьд хугацаа хэтэрсэн зээл их байна. Тэр тусмаа барилгын салбар,  найман хувийн зээлтэй холбоотой хугацаа хэтрэлт голлож байна. Эдийн засгийн уналтын үе жил гаран үргэлжиллээ. Хугацаа хэтэрсэн зээл, банкуудын хөрөнгийн өсөлтийн хурд үүнээс ч илүү хурдтай муудах хандлага байх байсан. Харьцангуй сайн арга хэмжээ авч буй тулдаа үзүүлэлтүүд өдий зэрэгтэй байна. Энэ жилийн хувьд банкуудын хувьд өсөлт байхгүй нэгэн жигд хэмжээнд явж буй. Мөн Монголбанкны зүгээс ам.доллараар зээл олгохгүй байхыг зөвлөсөн нь миний бодлоор цаг үеэ олсон сайн бодлого гэж харж байна.
 
Л.Оюун-Эрдэнэ /Голомт банкны гүйцэтгэх захирал/:
 
Эрсдэлүүд их байгаа ч бид ямар боломжууд байна вэ гэдгийг эрж, хайх хэрэгтэй. Банкны салбар дахь нийт зээл нь ДНБ-тэй хэрхэн харьцаж буй талаас нь авч үзвэл манай улсын хувьд 50 хувийг эзэлж байна. Хөгжингүй эдийн засагтай ихэнх оронд энэ үзүүлэлт дунджаар 150 хувьтай тэнцдэг. Тэгэхээр бид одоо байгаа энэхүү харьцааг авч үзэх боломж байна. Монголын банкууд цаашид өсч хөгжиж,  зээл олгох боломж бий гэж харж байна. Хугацаа хэтэрсэн зээл, одоо тулгамдаж буй асуудлын хувьд зарим нэг салбарт жишээлбэл, уул уурхай, барилга, үйлдвэрлэл, худалдааны салбар ажиглагдаж буй зүйлс бий. 
Эдгээр салбар нь гадаад валютаас хараат байгаа учраас зээлийн хүндрэлтэй байна гэсэн үг. Тиймээс цаашид ямар боломж бий вэ гэдгийг сайн бодож үзэх ёстой. Мөн бусад салбарт зээл олгох. Хөдөө аж ахуй,   жижиг дунд бизнесүүд,  импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг дэмжих бодлого баримталж болох юм. 
 
М.Болд /ХАС банкны гүйцэтгэх захирал/:
 
Бүх салбарт сайнгүй зүйл болоод байгаа юм биш. Банкны салбарт ажиглагдаж буй эерэг зүйлийн тухай хэлэх хэрэгтэй. Монголын арилжааны банкууд хоёр жилийн хугацаанд сайн бэлтгэсний дагуу “Тогтвортой санхүүжилтийн гэрээ”-нд гарын үсэг зурсан. Ингэснээр тогтвортой санхүүжилтийн зарчмуудыг зээл олгохдоо хэрэгжүүлдэг болсон. Банкууд хамтарч энэ гэрээг байгуулсан нь харьцангуй шинэлэг санаачлага байсан юм.  
 
Олон улсад ч арилжааны банкууд энэхүү санаачлагыг гаргаж чаддаггүй. Тогтвортой санхүүжилт гэдэг нь байгаль орчин,   нийгэмд үзүүлэх нөлөөллөөр нь тухайн төслийг үнэлээд зээл олгох эсэхээ шийддэг процесс. Энэ жилээс эхлээд зээл хүсэгч компаниудад байгаль орчин болон нийгэмд ямар нөлөө үзүүлэх вэ гэдэг талаас нь шалгуур тавьдаг болсон. Уул уурхайн компаниудын хувьд дээрх шалгуурт нэлээн их зардлыг төсөвлөх хэрэгтэй байдаг. Нийгэмд үзүүлэх нөлөөллийн хувьд хамгийн наад зах нь ажилчдынхаа нийгмийн даатгалыг төлөх мөнгө төсөвтөө оруулсан эсэхийг шалгах юм. 
 
Грэмэ Кноуд /Мүүдис агентлагийн хөрөнгө оруулалт хариуцсан захирал/:
 
Монголын хувьд хөгжиж буй бусад оронтой харьцуулахад Засгийн газрын үзүүлэлт “В2” зэрэглэлтэй байгаа. Азийн хөгжиж буй бусад оронтой харьцуулахад харьцангуй тогтвортой байна. Тулгамдаж буй эрсдэлүүдийн хувьд хугацаа хэтэрсэн зээлийн үзүүлэлтийг илүү тодорхой болгох хэрэгтэй. Энэ нь чансаа тодорхойлох банкуудад итгэх итгэлийг хэмжих хэмжүүр юм. Одоогийн нөхцөл байдлаас харахад хугацаа хэтэрсэн зээлийг нэмэгдүүлэхгүй байх тал дээр голлон анхаарах хэрэгтэй. Монгол Улс хямралын доод түвшинд хүрсэн эсэхийг олон үзүүлэлтээр хэмжинэ. Үүний нэг бол хугацаа хэтэрсэн зээлийн үзүүлэлт. 
Түүнчлэн зах зээл хумигдаж буй эсэх гол нөлөө үзүүлнэ. Миний бодлоор Монголын банкны салбарт эерэг үзүүлэлтүүд гарах боломж бий гэж харж байна. Гол нь тогтвортой өсөлтийн хангах. Түүнчлэн бодит байдал дээр ямар боломжууд байгааг олж харснаар нөхцөл байдал сайнаар эргэх боломж байна.
 
Д.Болдбаатар /Монголбанкны Мөнгөний бодлого, судалгааны газрын захирал/:
 
Монголын санхүүгийн салбар томрох хэрэгтэй гэдэгтэй санал нэг байна. Хамгийн чухал инновацийн чанартай хэлэх зүйл бол хөдлөх хөрөнгийг барьцаа болгон ашиглах боломж бүхий шинэ хууль гарсан. Ингэснээр банкууд төдийгүй бизнес эрхлэгчдэд багагүй боломж нээгдсэн. Нөгөө талаас бизнесээ өргөжүүлэх боломж нээгдэж буй. Түүнчлэн арилжааны банкуудын хувьд хөрөнгө мөнгөний дутагдал байхгүй байгаа нь сайн үзүүлэлт. 
 
Энэ нь одоо тулгамдаж буй асуудлаа шийдвэрлэх боломж байна  гэж харж байна. Монголбанкны хувьд цаашид илүү бүтээлч байдлаар шинэ өөрчлөлтүүдийг хийх, санхүүгийн салбарыг төрөлжүүлэх зэрэг ажлыг үргэлжлүүлнэ. Мөн хугацаа хэтэрсэн зээлийг нэмэгдүүлэхгүй байх тал дээр гол анхаарлаа хандуулна. Эцэст нь хэлэхэд арилжааны банкуудын байр суурь бэхжиж байна. Өөрийн хөрөнгийн хэмжээ сайжирч байна. Бидний тавьсан шаардлагаас ч илүү үзүүлэлт ажиглагдаж байна.
 
 

А.Бүрэнжаргал