Монголын эдийн засгийн өнөөгийн байдал, ойрын ирээдүй

Бизнес эрхлэгчдийн хувьд хэрэглэгчдийн дийлэнх нь урт хугацааны эдэлгээтэй бараа худалдан авах төлөвлөгөөгүй байгааг анхаарах хэрэгтэй. Энэ нь өнгөрсөн улирлын Хэрэглэгчийн итгэлийн индексийн судалгаагаар тодорхой болжээ. Судалгаанд хамрагдсан иргэдийн талаас илүү хувь нь урт хугацааны эдэлгээтэй бараа бүтээгдэхүүн худалдан авах төлөвлөгөө ойрын хугацаанд буюу хагас жилдээ байхгүй гэж хариулжээ. “National research and consulting center” компани Монгол япон төвийн дэмжлэгтэйгээр “Хэрэглэгчийн итгэлийн индекс” (ХИИ)-ийг улирал, жилийн давтамжтайгаар тооцон гаргаж байна.
 
ХИИ нь хэрэглэгчид, өрхүүд эдийн засгийн нөхцөл байдал болон өөрсдийн санхүүгийн байдлыг хэрхэн үнэлж дүгнэж байгааг харуулдаг тоон үзүүлэлт юм. АНУ, Япон, Англи, Австрали, Хятад зэрэг оронд энэхүү индексийг хөрөнгө оруулагчид шийдвэр гаргалтдаа их ашигладаг байна. Монголд ч тус индексийн дүн мэдээнд анализ хийн 2011, 2012 оны өсөлтийн үед хөрөнгө оруулалтаа татсан нь зөв алхам болсныг зарим хөрөнгө оруулагч эргэн мэдээлж байсан хэмээн “National research and consulting center”-ийн захирал Б.Алтанцэцэг ярьсан юм.
 
ХИИ-ийн тухай “Монголын эдийн засгийн өнөөгийн байдал, ойрын ирэдүйн хандлага” сэдэвт илтгэлийг өчигдөр Б.Алтанцэцэг танилцуулсан юм. ХИИ нь 0-200 онооны хооронд үнэлдэг бөгөөд 100-гаас их үед өөдрөг, баа үед гутранги гэж үздэг байна. Өнгөрсөн улиралд ХИИ 70 орчим гарчээ. Өмнөх оны гуравдугаарт улиралд энэ тоо 83.8 байсан аж. Өөрөөр хэлбэл хэрэглэгчдийн итгэл улам гутранги болсоор байгаа буюу эдийн засаг сэргэнэ гэсэн итгэл буурсаар байна.
 
Монгол Улсын ХИИ 2012 оны гуравдугаар улирлаас хойш гутранги утгыг заах болж, улам буурсаар байгаа аж. Харин өнгөрсөн улиралд нэг өөрчлөлт ажиглагдсан нь Улаанбаатар хотын ХИИ бага зэрэг сэргэх хандлага ажиглагдаж байгаа юм. Хүн амын тал  хувь нь амьдардаг нийслэл хотод итгэл сэргэж байгаа нь сайны дохио гэж сонсогчдын зарим нь тайлбарлаж байлаа. 
 
Судалгааг олон нийтийн төлөөллийг хамгийн сайн хамруулж чаддаг санамсаргүй түүврийн аргаар 1000 орчим иргэнийс авдаг. Харин АНУ-д ойролцоогоор 300, БНХАУ-д 100 хүнээс сар тутам авдаг байна.
 
Илтгэлийн дараа Б.Алтанцэцэг багшаас цөөн зүйлийг тодруулсан юм
 
-ХИИ-ийг тооцож гаргахын ач холбогдол нь юуд байна. Ямар хэрэглээ байгаа бол?
-Эдийн засаг дахь хамгийн том худалдан авагчдын бүлэг болох хэрэглэгч, өрхүүд өнөөдөр эдийн засгийн байдлыг хэрхэн үнэлж байна, ойрын ирээдүйд хэрхэн өөрчлөгдөнө гэж хүлээж байгааг илтгэдэг мэдээлэл гаргадаг нь гол ач холбогдол нь.  Энэ индексийг тооцож гаргаснаараа шийдвэр гаргагчид, бизнес эрхлэгчид ойрын ирээдүйд эдийн засгийн ерөнхий хандлага, бизнесийн орчин яаж өөрчлөгдөх вэ, эрэлт хэр их байх вэ, ашиг орлого олох боломж ямар байна вэ зэргийг тодорхойлж, шийдвэр гаргахад ашиглах боломжтой. Иргэд ч мөн ойрын хугацаанд худалдан авалт хийх нь зөв үү, эсвэл хадгалах уу гэх мэт шийдвэр гаргахад энэ индексийг ашиглаж болно.
 
-Эдийн засгийн нөхцөл байдлыг иргэдээр үнэлүүлээд, ирээдүйн таамгийг мөн өөрсдөөр нь хийлгэж байна. Тэдний таамаг бодит байдалтай хэр нийцдэг вэ?
-Эдийн засгийн ерөнхий хандлагыг харахад хэрэглэгчид үнэхээр зөв таамагладаг юм байна гэж хэлэхээс өөр аргагүй. Эдийн засаг өсөлттэй халсан үед хэрэглэгчдийн итгэл эерэг байж, хөрөх үед нь хүлээлт гутранги болж байгаа нь тоо, графикаас харагдаж байна.
 
-Аргалчлал нь хэр зөв зүйтэй вэ. Сайжруулах ямар боломж байгаа гэж харж байна?
-Адилхан нь индекс үнэлдэг байгууллагуудтай ижил аргачлалтай. Үүнийг стандарт болгож мөрдөх нь зөв байх гэж бодож байгаа. Судалгааны хувьд нэмэлт асуулт оруулж, илүү мэдээлэл цуглуулах боломж байж болох юм гэсэн санал их гарч байна.
 
-Өнгөрсөн хугацаанд цугларсан мэдээлэл, судалгааны тоо баримтыг цаашид үргэлжлүүлэн баяжуулж авч явах санхүүгийн асуудал хэр баталгаатай байгаа вэ?
-Бидний хувьд цаашид тасралтгүй энэ судалгааг хийх зорилго хүсэл тэмүүлэлтэй байгаа. Боловсруулсан мэдээллээ хэрэглэгчдэд томогтмол хүргэж байх зорилго тавиад л ажиллаж байна.
 
 
 
Ц.Элбэгсайхан