Хөрөнгө оруулагч үндэстний төлөө

Хэвлэх үйлдвэрийн байрын хувьчлал Монгол Улсын хувьчлалын түүхэнд олон шинэ туршлага нэвтрүүллээ. Дуудлага худалдаа нээлттэй, ил тод болж, олон нийтийн анхааралд орж ирснээрээ ихээхэн онцлог байв. Үүнээс илүү чухал зүйл нь иргэд тус бүр нэг сая төгрөг цуглуулан хөрөнгийн сан бүрдүүлж дуудлага худалдаанд хамтран оролцох оролдлого хийсэн явдал. 

Ард санхүүгийн нэгдлээс санаачлага гаргаж зориглон хийсэн нь өөрийнх нь тооцоолж байгаагүй үр дүнд хүрсэн тухай тус компанийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг ярьж байна. Хэдийгээр өрсөлдөөнд оролцож хараахан амжаагүй ч энэ үйл явдал дуудлага худалдаанд зөвхөн хөрөнгө чинээтэй хүмүүс оролцдог юм биш, бага мөнгөтэй ч нэгдэн нийлбэл ялалт байгуулж хувьцаа эзэмших боломж бий гэдгийг нотлон харуулж чадсан юм. 

Дараагаар нь ирэх онд хувьчлагдах Хөрөнгийн биржийн хувьчлалд яг ингэж бэлтгэлтэй оролцох санал гараад байна. Хөрөнгийн биржээ өөрсдөө ажиллуулж, өөрсдөө тоглолт хийдэг болох, цаашлаад улс үндэстнээрээ хөрөнгө оруулагчид болох тухай яриа ид өрнөж байна. 

Цаг хугацаа давчуу бэлтгэл ажил их байснаас хугацаандаа амжиж чадаагүйдээ болон Ард санхүүгийн нэгдлийн хамт олон уучлал хүсч байна. Иргэдийн цугласан мөнгө дуудлага худалдаанд ялалт байгуулах боломж байсан уу гэсэн сэтгүүлчийн асуултад “үгүй” хэмээн хариулсан юм. Түүнчлэн "дуудлага худалдаа ил тод нээлттэй болсноороо нийт ард түмэнд хэрэгтэй үр дагаварт хүрч улсын төсөвт 24 тэрбум төгрөг орохоор болж байна" хэмээсэн юм. 
 
Одоогоор иргэдийн мөнгийг буцаан олгох ажил үргэлжилж байгаа юм. Сайтар тулгаж, нягтлах шаардлага байгаа учир ажил бага зэрэг удааширч байгаа аж. Ч.Ганхуяг нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа 4000 хүн санаачлагад нэгдэж мөнгөө шилжүүлсэн гэжээ. Тэрээр тус хамт олонд итгэж мөнгө шилжүүлсэн иргэдийг урамшуулах нь зүйтэй гэж үзэж тус бүр 20 ширхэг хувьцаа бэлэглэж байгаагаа өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж мэдэгдлээ. 
 
Тэрээр мөн обьектийг худалдан авч байгаа мөнгө цэвэр эсэхийг нягтлах хэрэгтэйг мөн сануулсан юм. 
 
 
Ц.Буян