Аялал жуулчлалын салбарын шилдгүүд тодорно

Монголын Аялал Жуулчлалын Холбооноос санаачлан салбарын шилдгүүдийг тодруулах “Golden Compass Mongolian Tourism Awards 2015” үйл ажиллагааг БОНХАЖЯ, Нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран анх удаагаа зохион байгуулах гэж байна.
 
Манай улсын аялал жуулчлалын салбарынхан энэхүү арга хэмжээг талархан хүлээж авч, шалгаруулалтын эхний шатанд нийт 66 материал ирүүлжээ. Энэ сарын 18-нд “Шилдэг фестиваль”, “Гадагшаа аялуулдаг шилдэг компани”, “Шилдэг нийгмийн хариуцлагатай байгууллага”, “Шилдэг орон нутгийн аялал жуулчлалын ТББ”, “Шилдэг хоноглох байр” зэрэг есөн төрөлд тус бүр шилдгүүд тодрох аж. 
 
Уг шагналын үйл ажиллагааны зорилго нь: 
  • Монголын аялал жуулчлалын салбарт өөрийн чиглэлээр манлайлан ажиллаж байгаа байгууллага, хувь хүмүүсийг шалгаруулан урамшуулж шагнах, олон нийтэд таниулах.
  • Салбарынхаа хамт олонд урам зориг өгөх, тухайн чиглэлд бий болсон шилдэг санаачилга, ололт амжилт, бүтээн босголт, хөрөнгө оруулалтыг салбарын хэмжээнд түгээн дэлгэрүүлэх, сайн туршлагыг хуваалцах.
  • Аялал жуулчлалын салбарт үйлчилгээний мэргэшсэн зөв стандарт тогтоох.
  • Монголын аялал жуулчлалын салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, Дэлхийн стандартад хүргэх, олон улсын зах зээлд гаргах.
  • Монгол Улсын хэмжээнд аялал жуулчлалын салбарын нэр хүндийг өсгөх, олон нийтийг аялал жуулчлалын салбарын талаар үнэн зөв, бодит мэдээллээр хангах.
  • Шалгарсан шилдгүүдийн нэр хүндийг салбарт болон олон нийтийн дунд өргөнөөр сурталчлах юм. 
Шалгаруулалтын шүүгчдийн бүрэлдэхүүнийг аялал жуулчлалын салбарын оролцогч талуудаас жигдхэн оролцуулж, хараат бус байхаар шийджээ. Шүүгчид олон улсын тогтвортой аялал жуулчлалын хөгжлийн "Trave Life" байгууллагаас гаргасан тогтвортой аялал шалгуур үзүүлэлтийн Монголд зориулсан загвараас санаа авсан шалгуурууд, хамтран ажиллагч байгууллагуудын тодорхойлолт. Мөн нийгмийн хариуцлага буюу тухайн орон нутагт оруулж байгаа нэмэр, байгаль орчны хамгаалалтын болон соёлын өвийн хамгаалалтын ажил, салбарт эерэг нөлөө болохуйц шинэлэг, шилдэг туршлагыг анхаарахаас гадна дэлхийн аялагчдын хамгийн том онлайн плaтформ болох "Trip Advisor" дахь сэтгэгдлүүдийг тусгаж ажиллах юм байна.