Оюу толгойн хоёр дахь шатны санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурлаа

Оюу толгойн гүний уурхайн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурах ёслол өнөөдөр "Шангри-Ла" зочид буудлын хурлын танхимд боллоо. Нийт 4.4 тэрбум ам.долларын санхүүжилтийг дэлхийн 20 гаруй банк, санхүүгийн байгууллагаас авч байгаа юм.
 
Ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Уул уурхайн сайд Р.Жигжид, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Ганболд болон “Оюу Толгой” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх, “Оюу Толгой” ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Эндрью Вүдлэй, Рио Тинтогийн Зэс-нүүрс хариуцсан Гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак нар оролцлоо.
 
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ёслолын үеэр хэлсэн үгэндээ энэ өдрийг бид удаан хүлээснээ онцлоод “Өнөөдрөөс эхлээд Оюу толгой ямар нэгэн улс төр, Засгийн газрын асуудал биш цэвэр бизнесийн төсөл болж байна. Одоо Монголын хувийн хэвшлийнхэн хөрөнгөө оруулах, өөрсдийнхөө түншийг олж авах, зээл авах үүд хаалга нь нээгдэж байна. Монголчууд бизнестээ буцан ирлээ” гэсэн юм.
 
Харин “Рио Тинто” группын Зэс-нүүрс хариуцсан Гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак хэлэхдээ "Төслийн хувьд Оюутолгой уурхайг дэлхийн чансааны ач холбогдолтой болгох гэрээнд гарын үсэг зурж байна. Энэ санхүүжилтээр Монгол Улсад асар их эерэг нөлөөллийг бий болгох бүтээн байгуулалтын ажил хийнэ" хэмээн онцолжээ. Мөн тэрээр Монгол Улсын Засгийн газар энэ ажилд түүчээлэн оролцож буйд болон хөрөнгө оруулж буй банкуудад талархлаа илэрхийлээд "Ийнхүү итгэл үзүүлэн санхүүжилт өгч буй нь энэ төслийн чансааг харуулж байна" хэмээсэн юм. 
 
Харин Оюу Толгой ХХК-ийн Монголын талын хувь эзэмшигч “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан “Оюу толгой бол Монголын компани, Монгол бизнес, Монгол Улсын эдийн засгийн өрсөлдөх чадварын суурь юм. Өнөөдөр төслийн санхүүжилтийг авснаараа санхүүжилтийн өртгийг багасгаж байна. Ийнхүү зардлаа багасгаснаар ирээдүйд олох ашгаа нэмэгдүүлж, ашигтай ажиллах нөхцлийг бүрдүүлж өглөө” гэлээ. Тэрээр үгийнхээ төгсгөлд Оюу толгой төсөл Монголын эдийн засагт эерэг дохио өгч байгааг дурьдаад “Монгол компаниуд ойрын гурван жилд олох орлогоо тооцоолох боломжтой болж байна” гэжээ.
 
Оюутолгойн гүний уурхай ажиллаж эхэлснээр ордын нийт баялгийн 80 хувийг олборлох боломжтой болох юм. Төслийн эхний шатны хөрөнгө оруулалт 2011 онд хийгдэж ил уурхайн олборлолтыг 2013 онд эхлүүлснээс хойш 1.5 сая тонн зэсийн баяжмал үйлдвэрлээд байна.