Рашаан хот өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлнэ

Энэ сарын 19-22-нд БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Хянган аймгийн Рашаант хотод Монгол, БНХАУ-ын аялал жуулчлалын хамтын ажиллагааны уулзалт, Цасны баярын арга хэмжээ боллоо. Тус арга хэмжээнд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар, Монголын гэрэл зурагчдын холбоо, Монголын зураачдын холбоо, тур оператор компаниуд болон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид оролцоод иржээ.  

Рашаант хот нь манай улсын Дорнод аймагтай хил залгаа оршдог, хоёр улсын Сүмбэр-Рашаант хилийн боомтоос 45 км зайтай оршдог байна. 75 төрлийн халуун, хүйтэн рашаанаараа улсдаа алдартай энэ хот аялал жуулчлалын 31 компанитай бөгөөд зуны улиралд дотоодын 2.4 сая жуулчин эрүүл мэндийн аяллаар хүлээн авдаг байна.

Байгалийн үзэсгэлэн бүрдсэн Хянганы нураанд байрлах тус бүс нутаг аялал жуулчлалыг улирлын хамаарлаас гаргаж өвлийн аялал жуулчлал хөгжүүлэх зорилгоор Өвлийн цас, мөсний баярыг жил бүрийн арванхоёрдугаар сард хийдэг болсон аж. 2015 оны Цасны баяр, халуун рашааны аялалд оролцохоор БНХАУ-ын бүх мужийн аялал жуулчлалын маркетинг хариуцсан ажилтнууд, хөрш орны төлөөлөгчид ирсэн байв.

Улаанбаатар-Рашаан чиглэлд анх удаа өвлийн шууд нислэг үйлдэгдсэнээрээ энэ удаагийн аялал онцлог байлаа. Өвөл, зуны шууд нислэгээр дамжуулж Рашаан хотод ирсэн жуулчдыг Улаанбаатар хотоор аялуулах томоохон боломж байгааг талууд онцолж байсан юм. Монгол Улсаас Хянган мужийн Хайлаар хотод Консулын газар ажиллаж байгаа билээ.