“МИК Холдинг” компанийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ

Монголын ипотекийн корпораци нэгдлийн толгой компаний болох “МИК Холдинг” компани нь компанийн хэлбэрээ өөрчлөн нээлттэй хувьцаат компани болсноо зарласан. Харин өчигдөр тус компанийн олон нийтэд санал болгосон энгийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээлээ. 
 
Монголын Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын энэ оны 385 тоот тушаалаар “Мик Холдинг” ХХК-ийг бүртгэлийн нэгдүгээр ангилалд бүртгэсэн нь Монголын хөрөнгийн биржийн бүртгэлийн тус ангиллын шалгуурт тэнцсэн анхны хувьцаат компани болсон талаар биржээс мэдээллээ. 
 
Долоон жилийн өмнө буюу 2008 оны дөрөвдүгээр сард Монголбанк болон арилжааны 10 банк хамтран МИК-ийг үүсгэн байгуулж байсан нь өдгөө 1.8 их наяд төгрөгийн хөрөнгийн үнэлгээ, 213.7 сая төгрөгийн бизнесийн үнэлгээ бүхийн компани болон өргөжиж. Цаашид тэд улсдаа хамгийн том IPO хийж, 37.3 тэрбум төгрөгийг хөрөнгийн зах зээлээс босгохоор төлөвлөөд буй аж.
 
Ингэхдээ “ТиДиБи капитал ҮЦК” ХХК андеррайтераар сонгож, хувьцаагаа нэмж гаргахаар шийдсэн байна. 3.106.398 ширхэг хувьцааг олон нийтэд санал болгох бөгөөд нэгж хувьцааг 12 мянган төгрөгөөр арилжаалахаар болсон байна. 
 
 
Г.Түшээ