С.Батсүх: Дайснаа дарж дархан цолоо мандуулна гээд л баярлаж явлаа

Д.Бэхбаяр 

Халх голын 1945 оны чөлөөлөх дайнд гар бие оролцож явсан ахмад дайчин С.Батсүхтэй ярилцлаа. Тэрбээр Монгол орон даяар өрнөж байсан ард иргэдийг бичиг үсэгт тайлах соёлын арга хэмжээнд тэргүүн эгнээнд явж, олон аавын хүүхдэд А үсэг заажээ. Мөн төмөр замын холбооны инженерээр ажиллаж, бас өнөөгийн Нийгмийн даатгалын ерөнхий газрын үндэс суурийг тавилцаж, удирдлагаар нь хүртэл ажиллаж байсан юм. 


-Та цэрэгт явахаасаа өмнө улсын хэмжээнд ард иргэдийг бичиг үсэгт тайлах ажилд дайчлагдаж, сумдад ажиллаж байсан байна. Ямар суманд хэрхэн ажиллаж байсан түүхээс ярилцлагаа эхлэх үү?
-18 настай бага ангийн багш Өмнөговь аймгийн Ноён сумын иргэдэд бичиг үсэг заахаар явж байсан нь ажил амьдралын минь анхны гараа байж.1942 онд багшийн нэг жилийн курсыг 600-гаад хүн төгссөн. Зун нь 45 хоногийн дамжаанд сурсан хүмүүс бүх нийтээр шинэ үсэг сургах ажилд ханцуй шамлан орцгоож билээ. Бүх аймгийн сум бүрт хоёр багш хуваарилсан.14-15 настай хүүхдүүд ч сурахаар ирж байсан. Ноён суманд гурван жил багшлаад Манлай сум руу шилжсэн. Машин тэрэг байхгүй, сумдын хооронд тэмээгээр л шогшуулчихна.1945 оны Мичин жил айхавтар хүйтэн, зудтай өвөл болж билээ. Хоёр гэрт суралцах 3-4 дүгээр ангийн хүүхдүүдэд хичээл заана. Нэг гэр дэх сурагчдад математикийн хичээл орвол нөгөө гэрт нь монгол хэл заагаад л  хоёр гэрийн хооронд гүйнэ.Тухайн үеийн нөхцөл байдалд тохируулан бид хичээл номоо зааж, иргэдийг соёлжуулах ажилд хичээн ажиллаж байсан нь нүдэнд тодхон. 
Тэгээд 1945 оны тавдугаар сард Их сургуульд орж, мэргэжлээ дээшлүүлэх санаатай Улаанбаатар хотод гэртээ ирсэн юм. Гэтэл цэрэгт дайчлагдчихсан. Их сургуулийн элсэлт хэрхэн авдгийг судлах санаатай гудамжинд явж байтал комендатын хоёр сэлэмтэй цэрэгтэй тааралдаад шууд л цэрэгт татсан. Тэр үед зарлан бүртгэл байхгүй тул эрчүүдийг тэгж л цэрэгт татахаас өөр арга байхгүй байсан л даа. Одоогийн "Нарантуул" захын цаахна олон жижиг цагаан байшинтай, Цагаанхуаран нэртэй газарт биднийг усанд оруулаад шууд цэргийн ангиуд руу хуваарилсан. Гэрийнхэндээ хэл дуулгах ямар ч боломжгүй. Гар утас, холбоо харилцаа ч байхгүй. Өмссөн тэрлэг, гутлаа боож шидчихээд цэрэг хувцас өмсөөд л явсан. 
 
-Аав, ээж нь их хайсан байх даа.
-Гэрийнхэн намайг ихэд эрж сурсан гэсэн. Хуваарь ёсоор би Нисэхийн дивизэд очтол авга ах маань уг дивизэд алба хааж таараад, аав ээжид хэл дуулгаж, тэдний минь сэтгэлийг амраасан. Сэтгэлийг нь амраах ч юу байхав, ямар ч байсан хаана байгааг мэдэж авсан ч сэтгэл нь бүр их зовж эхэлсэн дээ. Ардын хүүхдэд ном заадаг хүү нь гэнэтхэн дайны талбарт байлдахаар болсныг сонсоод эцэг эхийн сэтгэл тайван байхгүй нь ойлгомжтой. Харин байлдагч миний сэтгэл хачин баясгалантай, зоригтой, эх орноо хамгаална, дайсныг дарна гээд л онгирчихсон явсан санагддаг.
 
-Дайснаа дарж, ардын баатар болно гээд л үү?
-Эх орны тусгаар тогтнолын төлөө дайнд оролцох тушаал хүлээж авна гэдэг бол эр хүний бахархдаг зүйл юм билээ. Дайсныг дарж, дархан цолоо мандуулна гээд л их баярлаж явлаа. Эр хүн эх орныхоо төлөө цэргийн алба хаах, дайнд мордох бол сайхан шүү дээ.
 
-Та Нисэх хүчний дивизид алба хаасан гэсэн. Агаараас дайралт хийж, дайсантай тулалддаг байсан гэж ойлгож болох уу?
-Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээж авсан орон 1921 оныг хүртэл байгаагүй. 1945 оны эхээр дэлхийн II дайнд оролцож байсан улсууд Яалтад хуралдаад “Дэлхийн II дайнд 40 гаруй орон оролцлоо. Германы фашистуудын ялагдлаар төгсөх нь ойлгомжтой” гээд улс орнуудын статусын тухай ярилцаж. Энд Зөвлөлтийн удирдлага БНМАУ-ын тусгаар тогтнолыг зөвшөөрөх асуудлыг оруулахад манай улсыг Алс Дорнодод Японы эсрэг дайнд оролцуул тэгвэл бид тусгаар улс хэмээн зөвшөөрнө гэсэн байдаг. Удалгүй ЗХУ-ын удирдлага Сталины тушаал гарч, Монголын морин цэргийн дөрвөн дивиз, их бууны, хуягт танк болон холбооны хороо, нисэх дивиз, сайн дурын морьт отрядын ангиудыг 1945 оны Халх голын дайнд оруулсан юм. 
Тэр үед би Нисэх дивизэд цэргийн алба хааж байсан тул хамрагдсан. Манай дивиз Шувуун фабрикт байрладаг, дайрагч, сөнөөгч, бөмбөгдөгч гэсэн гурван төрлийн онгоцтой. Сөнөөгч нь онгоцыг агаарт сөнөөх, дайрагч нь газрын цэргийн хүчийг агаараас бөмбөгдөж, бууддаг. Би дайрагч онгоцны буудагч учраас нисгэгчийн яг ард сууна. 150 сумтай пулёмот бол миний гол зэвсэг. Нисэх хүчин шатахуун их хэрэглэнэ, тусгай буух газар олно, зэвсэг агуулах урьдчилан бэлтгэнэ, зэвсгээ зөөнө. Онгоц нисэж байхдаа хурдан ч хөөрч буухдаа удаан, цаг авдаг дивиз. Тэгвэл морин цэргийнхэн морио эмээллээ, шинелээ өмслөө, буугаа үүрлээ, мориндоо мордоод л давхчихна. Цаг авахгүй, хурдан. Дайн байлдааны нөхцөлд хурдан шаламгай хөдөлгөөн чухал. Нисэхийнхэн дайнд тоотой ордог нь ийм учиртай. Гэхдээ дайн бол дайн шүү дээ.
 
-Та дайны талбарт хир их айж байсан бол?
-Дайрагч онгоцондоо суугаад хөөрөх үед л их айж буйгаа мэдэрсэн. Дайснаа дарна гэсэн нөгөө 20 настай залуугийн онгироо бардам сэтгэл тэр үед ул мөргүй алга болно. Газарт байхдаа ч буугаа үүрч, шинелээ өмсөөд дайснуудыг хиар цохино гээд л онгирно шүү дээ.
 
-Тэгвэл баяртай мөч?
-Дайн дуусах. 1945 оны арваннэгдүгээр сарын 26-нд Монгол орныг тусгаар тогтносон тусгаар улс болохыг зөвшөөрч байгаа эсэх тухай бүх нийтийн санал асуулга болсон. Би  тусгаар тогтносон Монгол орны иргэн мөн гэж гарын үсэг зурах шиг сайхан зүйл байхгүй. Сэтгэл уужирч, нэг л бардам болно.
1945 онд дайн дууссан. Дараа жил нь би Зөвлөлт рүү Москвагийн агаарын цэргийн холбооны сургуульд гурван жил сурахаар явсан юм. Нөгөө Их сургуульд орох асуудал ингээд өнгөрч билээ. 1952 онд цэргээс халагдсан. Үндсэн хуульд “Онцгой тохиолдолд дайны үед төр иргэний эрхийг хязгаарлана. Хязгаарласан эрхээ нөхөн сэргээнэ” гэж бичсэн байдаг. Дайны үед нүүх суух, үг хэлэх, шүүмжлэх зэргийг хязгаарлана. Бүх л зүйл дайны байдалтай байна. Дайны үед сайн дурын морьт отрядынхан гэж 17-18 настай цэргийн насанд хүрээгүй залуус хоёр морьтой дайнд дайчлагдаж, энгийн хувцсыг нь хил дээр цэргийнхээр солиод л Өвөр Монголын хил рүү оруулна. Залуус хамгийн сайн, шилдэг морьдоо унаад  ирнэ. Эх орныхоо төлөө бүх л зүйлээ зориулах ёстой гэсэн сэтгэл монгол эр хүн бүрийн зүрхэнд хүчтэй байсан даа. Үүгээрээ бид бахархдаг.
 
-Өнөөдрийн өндөрлөгөөс харахад танд юу бодогддог вэ?. Манай хөрш орнууд дэлхийн II чөлөөлөх дайны ойг маш сүртэй тэмдэглэдэг.
-Ойг тэмдэглэх нь залуу үеийг эх оронч үзэлтэй, нэгдмэл болгоход маш их тустай. Мөн олон улсын харилцаанд гарч буй зарим нэг асуудлыг номхотгоход зориулж ойг өндөр хэмжээнд тэмдэглэж байна гэж би ойлгодог. Тухайлбал, 1945 оны тавдугаар сарын 9-нд Германы цэргүүд Берлинд Зөвлөлтөд бууж өгсөн учраас эх орны дайны төгсгөл гэж оросутэмдэглэдэг. Дэлхийн II дайны төгсгөл бол биш, Дундад Азийн дайн дуусах болоогүй байсан шүү дээ. Манай улсын тэмдэглээд буй наймдугаар сарын 9 бол дэлхийн хоёрдугаар дайны төгсгөл юм. Бидний үед цэргийн албыг гурван жил хаана. Одоо бол нэг жил. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улс төвийг сахих үзэл баримтлах ч эх орноо хамгаалах зэвсэгт хүчинтэй байх тухай бичсэн байна лээ. Цэрэг, эх оронч үзлийн тухай байнга ярьж байх нь маш их ач холбогдолтой.
 
С.Батсүх Их ялалын 70 жилийн ойн баяраар В.И.Путины тушаалаар хүндэтгэлийн медалиар шагнуулав. 2015 оны гуравдугаар сар
С.Батсүх Их ялалтын 70 жилийн ойн хүрээнд В.В.Путины зарлигаар хүндэтгэлийн медалиар энгэрээ мялаалаа. 2015 оны гуравдугаар сар
 
 
-Эх орон гэж таныхаар ямар ойлголтыг хэлэх бол?
-Төрсөн эх орон нутаг ус минь. УИХ-ын гишүүн Р. Амаржаргал нэгэн ярилцлагадаа “Мөнгөнд эх орон гэж байдаггүй” гэж Напеолоны хэлсэн үгийг иш татсан байсан. Мөнгөтэй хүмүүс эх оронч биш байдаг тул мөнгөтэй хүмүүсийг төрд бүү ойртуул. Манай төрд ихэнхдээ мөнгө хөрөнгөтэй хүмүүс байна гэсэн утгаар жишээлсэн байна лээ. Миний хувьд санал нэг байна. Эх орныг мөнгө төгрөгөөр бус үзэл бодлоор хэмждэг зүйл гэж би ойлгодог. 
 
-Дайнд оролцсон хүмүүсийн тоо жил ирэх тусам цөөрсөөр байгаа тухай ОХУ-ын Ерөнхийлөгч Путин их л гунигтай хэлснийг телевизүүд гаргасан. Манай улсад бас л цөөрсөөр байгаа байх даа.
-2010 онд 1500 ахмад дайчид байсан бол өнөө жилийн мэдээллээр 300 гаруй хүн л үлдсэн тоо байна. Эдгээрийн ихэнх нь сайн дурын албан хаагчид буюу хилийн цэргийнхэн байгаа юм. Жинхэнэ Ардын цэргийнхнээс бол маш цөөн хүн амьд байгаа.
 
-Ахмад дайчдад үзүүлэх төрийн хайр, халамж ямар байдаг вэ?
-2008 онд Ерөнхийлөгч Н.Энхбаяр зарим өндөр настны нийгмийн хангамжийг сайжруулах, дайнд оролцсон ахмадуудад нэг өрөө байр олгох зарлиг гаргасан. Энэхүү зарлигийн дагуу дайнд оролцсон ахмад дайчид бүгд нэг өрөө байр авсан. Мөн сарын 200 мянган төгрөгийн тэтгэмж олгодог. Зарим нэг байр өгөөгүй хүндээ өнгөрсөн жил 35 сая төгрөг өгсөн байна лээ. Энэ нь төр иргэнийхээ хохирсон эрхийг нөхөн буй арга хэмжээ юм. Төр Үндсэн хуульд заасан заалтаа биелүүлж байгаа.
 
-Таныг Нийгмийн даатгалын ерөнхий газрын үндэс болсон байгууллагын анхны дарга байсан гэж сонссон?
-Би уг нь төмөр замны инженер хүн. 1962 оноос төмөр замын ачаа тээвэр багасч ирсэн. Тухайн үед транзит тээврийн л ачаа байхаас дотоодод ачаа байгаагүй юм аа. Тэгээд МҮЭ-ийнТөв зөвлөлд Хөдөлмөр хамгааллын хэлтсийн даргаар очсон. Дараа нь Төв зөвлөлийн дэргэд Улсын нийгмийн даатгал, рашаан сувиллын газар гэж байгуулагдсан. Төрийн функц олон нийтийн байгууллагад шилжиж буй хэлбэр юм. Энэ байгууллагын даргаар 1966 онд томилогдож, нийтдээ долоон жил ажилласан. Одоогоор бол Нийгмийн даатгалын ерөнхий газар юм л даа. Тэр үед 18 аймагт хэлтэс газартай, улсын чанартай долоон сувилал, зургаан амралтын газар, 11 пионерийн зуслан гээд 10 гаруй мянган ажилтантай том байгууллага байлаа. Тухайн үеийн нийгмийн бодлого Оросын хуулийг л ягштал хуулсан төвөөс төлөвлөсөн хууль хэрэгждэг  байсан. 
Үүний дараа Намын төв хороонд хэдэн жил ажилласан. 1981 онд Намын 18-р Их Хурал хуралдаж, Намын төв хорооны бүтэц бүрэлдэхүүн хэт их томорсон талаар шүүмжилсэн. Засаг нь 40-50 хүнтэй байхад нам нь 400 гаруй албан хаагчтай байсан. Нам төвлөрсөн бүтцийн сул тал энэ. Тэгээнд орон тоогоор 60 орчим хүн халсны нэг нь би. Учир нь би улс төрийн ямар ч сургууль төгсөөгүй тул халагдахад хүрч билээ. Ингээд Төмөр замдаа эргэж ирээд удирдах газарт ажиллаж байгаад тэтгэвэртээ суусан даа. 
 
-Төмөр замын инженерийн хувьд өнөөдрийн төмөр замын бодлогыг хэрхэн харж байна вэ?
-Одоогийн хот дундуур явж буй төмөр замыг ерөнхийдөө дайны зориулалттай барьсан зам шүү дээ. Хоёр хөршийн зөрөлдөөнөөс оросууд Монгол орныг хамгаалах, зэвсгээ зөөхийн тулд энэ замыг барьж байгуулсан.Тийм учраас нийслэл хотын яг дундуур зам гарахаар барьчихсан. Хараа голын сав газрыг түшиж барьсан зам. Төмөр замыг эгц шулуун барьж, хүнд ачааг хурдтайгаар зөөвөрлөх ёстой. Манай төмөр зам бол тийм ч хурдтай явах зам биш. Зарим газраа гуу жалга дагуулаад барьчихсан, муруйж явах газар олонтой зам. Аюулгүй байдал талаасаа нийслэлийн голоор явахад ямар байх уу. Одоо харин төмөр замыг Богдхаан уулын урдуур тавихаар ярьж байна. Гэхдээ манайд нүүрс хэрэглэдэг цахилгаан станцууд хотынхоо баруун урд бий. Уурхайнууд нь хотын зүүн талдаа. Тэгэхээр энэ зам хэзээ ч зогсохгүй зам. Нүүрсээ зөөж цахилгаан станцуудад хүргэхийн тулд одооний төмөр замыг ашиглаж л таарна. Эсвэл станцуудаа нүүлгэх хэрэгтэй болно. Ямар бодлого явдгийг би сайн ойлгохгүй байна.
 
-Та улс орны хөгжлийн талаар сэтгэгдлээ хуваалцана уу? Эх орныхоо төлөө дарийн үнэр үнэртэж, дайн байлдааны талбарт халуун цусаа урсган олж авсан та бүхний тэр их үнэ цэнээр олдсон эх орныг хөгжүүлж чадаж байна уу?
-Ардчилсан хөгжлийн тогтолцоонд шилжих нь зайлшгүй. Буруу зам биш. Ардчилсан систем удирдлагаасаа маш их чадвар, мэдлэг, соёл шаарддаг. Удирдлага хэчнээн өргөн мэдлэг, соёлтой байна ард иргэд үлгэрлэн дуурайж явдаг тогтолцоо юм. Харин өнөөдрийн удирдлага энэ талд их дутагдалтай харагддаг. Ганцхан жишээ хэлье. 2012 онд Ардчилсан нам гараад анхныхаа бараг хурлаараа Засгийн газрын баруун хойно барьж буй тусгай зориулалтын цэргийн эмнэлгийг хуулийн байгууллагуудын төвлөрсөн оффис болгох тушаал гаргасан. Энэ бол үнэндээ мэдлэг дутсан ухаангүй шийдвэр. Зураг төсөл нь хэдийнэ гараад хоёр хүн хэвтдэг, дотроо 00-той зэргээр эмнэлгийн зориулалтаар бариад эхэлсэн барилгын зориулалтыг өөрчлөх нь маш буруу. Өнөөг хүртэл энэ барилга ашиглалтад ороогүй л байгаа. Энэ бол төрийн удирдлагуудын мэдлэг дулимаг, эсвэл өөр эрх ашгийн үүднээс гаргасан буруу шийдвэрээс болж эх орны эд хөрөнгө сүйдэж буй хэрэг. Энэ мэт олон жишээ хэлж болно.
Ер нь хувийн хэвшлийнхэн л улсаа хөгжүүлж байна. Мэдлэгтэй, чадвартай нь хувийн хэвшил рүү явж, юм хийж бүтээхийг бодож байна. Хувийн хэвшлээ түших нь зүйтэй. Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, аймаг орон нутгаа дорвитой хөгжүүлэхэд анхаарч ажиллах ёстой байгаа юм. Ярих биш хийх хэрэгтэй. Уг нь эхлээд аймаг орон нутгийг бүсчилэн хөгжүүлнэ гэчихээд одоо болохоор аймаг бүрийг хөгжүүлэх гээд ч байгаа юм шиг. Хөгжлийн тодорхой чиг байхгүй л байгаа юм болов уу.
 
-90 Нас гэдэг сайхан нас. Гэр бүлийн хувьд хэр өнөр өтгөн айл болсон бэ?
-Манайх долоон хүүхэдтэй. Ач, зээ нар нийлээд 65 болсон. Хөгшнийг маань Б.Төмөр гэдэг. Өнөөдрийн өндөрлөгөөс эргээд амьдралаа харахад улс орондоо хэрэгтэй үед нь өөрийгөө зориулж, шаардлагатай газруудад ажиллаж, хоёрхон хүнээс салбарласан 65 хүнийг эх орныхоо иргэн нь болгож, үр хүүхдийнхээ буянаар өнөөдөр сайхан амьдарч байна. 
Эх орны минь хөгжил хурдсаж, үр хүүхэд, ач зээ нарын минь ирээдүй гэрэл гэгээтэй байгаасай хэмээн хүсэж суудаг даа.