Б.Байлыхүү: Төрд аж ахуйн нэгж байгуулах цөөхөн тохиолдол бий

Төрийн өмчийн хорооны зөвлөх, Компанийн сайн засаглалын төвийн Удирдах зөвлөлийн гишүүн Б.Байлыхүүтэй ярилцлаа.
 
-Хувийн хэвшил төрийг төлөөлөөд ирэхээр төрөөр бизнес хийх нь гэж олон хүн хардах байх. Хардах нь ч зөв болов уу?
 
-Үүнээс сэргийлэхийн тулд төрийн төлөөллийг томилох үе шатыг дээрээс биш, доороосоо хийдэг болгож байгаа. Компанийн ТУЗ-ийн гишүүдийг Нэр дэвшүүлэх хорооноос нэр дэвшүүлж томилно. Дээд албан тушаалтан зөвхөн санал ирүүлэх эрхтэй. Санал ирүүлэх процедурыг нь бас тодорхой, нэр дэвших хүн нь хэн байж болох вэ гэдгийг бас зааж өгсөн. Үүнийг ёсоор нь мөрдөх юм бол одоо ярьдагчлан шахааны хүн орох асуудал харьцангуй бага болох ёстой.
 
Мөн удирдлагын авч байгаа цалин урамшуулал, бусад санхүүгийн мэдээллийг ил тод, нээлттэй болгосноор нийтийн хяналтад оруулж, нийгмээрээ бурууг жигших болно. Үүнийг өнгөрсөн туршлага, олон улсын нийтлэг жишиг харуулж байна. Компанийн засаглал үүсч хөгжөөд 400 гаруй жил болжээ. Энэ хугацаанд юу сайн, юу муу үр дагаварт хүргэдэг вэ гэдэг нь олон улсын туршлагаар тодорхой болсон. Тиймээс тэр сайн туршлагыг авах нь зүйтэй.
 
-Хуулийн төслийн гол агуулга, үндэслэл нь юу вэ?
 
-Гол өөрчлөлт нь төрийн өмчийн алийг нь Засгийн газар, алийг нь орон  нутаг захиран зарцуулах вэ гэдгийг зааглаж өгсөн. Орон нутгийн өмчийг булаагаад авчхаж байгаа юм шиг харагдаж магадгүй. Гэхдээ тийм биш. Одоогийн хуулинд байгаа эрх бүгд хэвээрээ. Эзэн нь төр боловч эзэмших эрх нь орон нутагт үлдэнэ. Гагцхүү төрийн өмч эзэмшигч нь улсын нэгдсэн бодлоготой уялдаагүй, ямар нэгэн хууль бус шийдвэр гаргахад УИХ-аас хариуцлага тооцож шийдвэрийг хүчингүй болгох эрх нээгдэж байгаа. Одоо байгаа хуулиар орон нутаг өөрийн өмчийг яаж захиран зарцуулах нь дурын асуудал байгаа юм.
 
Хоёрдугаарт, төрийн байгууллагууд өөрийнхөө аж ахуйн үйл ажиллагааг өөрөө хийгээд байна. Төрийн байгууллага болгон өөрийн санхүүтэй, өөртөө аж ахуйтай. Үндсэн ажлаасаа гадна сандал ширээ засах, байшин барилга будах бүх ажлыг хийж байна. Үүнийг зааглаж, зохицуулж өгсөн. Төр татварын мөнгөөр шинэ байшин барьж байна. Олон жил ингэж явсны үр дүнд төрийн байгууллага болгон өөрийн байртай болжээ. Зарим нь ашиглагдахгүй талбайгаа түрээслүүлж байна. Уг нь төр хувийн өмчийн байшин барилгыг түрээслэж ашиглах нь зүйд нийцнэ. Үүнийг зохицуулж өгсөн. Сайд, дарга нар бодлого боловсруулах үндсэн ажлаа л хийхээс биш, байшин сандал ширээтэй байна уу, будах уу, үгүй юу гэдгийг анхаарах шаардлагагүй болж байгаа.
 
-Сүүлийн үед орон нутгийн удирдлагуудыг эрх мэдлийг нэмэгдүүлье, дотооддоо асуудлаа шийддэг болгоё гэсэн санал гарах болсон. Гэтэл хууль батлагдсанаар эсрэгээрээ эрх мэдлийг нь хумиж байгаа юм шиг санагдах юм?
 
-Нэгдсэн бүртгэлтэй болж, хяналт хариуцлагын механизм бий болгож байгаагаас биш Засаг дарга нарын эрх мэдлийг хасч байгаа хэрэг биш. Эзэмшигчийн захиран зарцуулах эрх, үүргийг тодорхой тусгасан байгаа. Холбооны улсад бол холбооны өмч гэж байдаг. Манай улс холбооны улс биш учраас төрийн өмч нэгдмэл байх нь зөв. Хүмүүс ч орон нутгийн өмчийг төрийн өмчийн нэг хэсэг гэж ойлгодог. Гэтэл одоогийн хуулиар тийм биш. Орон нутагт гаргасан шийдвэр Монгол Улсын төрийн бодлоготой нийцэхгүй, харшиж байхад түүнийг хүчингүй болгох эрх УИХ-д байхгүй байна.
 
-Төр өмчийн харилцаанд хэрхэн оролцох ёстой юм. Төрийн өмч, хувийн өмч хэрхэн орших нь зөв бэ?
 
-Хувийн өмч, төрийн өмч яг адил түвшинд байх ёстой. Хуулиар хамгаалагдсан, нэг нь нөгөөгөөсөө дээр, доор гэсэн ойлголт байхгүй. Анх 1991 онд Улсын бага хурлын шийдвэрээр ингэж зохицуулж өгсний дагуу одоог хүртэл баримталж байгаа. Тиймээс төр өмчийг хэлбэрээс нь хамаарахгүй хамгаалах үүрэгтэй. Хувийн өмч бий болохыг бодлогоор дэмжиж түүнд халдахыг хуулиар хамгаалж байх ёстой.
 
-Төрийн өмчит компани байгуулахад тодорхой шаардлага тавьж өгсөн. Тэгэхдээ бүр хязгаарлагдмал хариуцлагатай эсвэл хувьцаат компани байх ёстой гэж зааж өгчээ. Үүний ач холбогдол юу вэ?
 
-Чөлөөтэй байснаараа хэтэрхий олон аж ахуйн нэгж байгуулж байна. Гэтэл төрд аж ахуйн нэгж байгуулах цөөхөн хэдэн тохиолдол байгаа юм. Ер нь бол төр аж ахуйн ажилд оролцох ёсгүй юм. Зөвхөн хувийнхны хийж чадахгүй байгаа орон зайг нөхөж ажиллах ёстой. Хоёр хүн хоорондох харилцаагаа зохицуулж чадахгүй үедээ төрөөс тусламж авдаг. Үүний төлөө тэд татвар төлдөг. Тэр төлсөн татвараар  нь төр зохицуулалт хийх үүрэгтэй. Түүнээс биш, татвар төлөгчдийн мөнгөөр “талхны цех” байгуулж хувийн хэвшилтэй өрсөлдөөд байж болохгүй. Гарцаагүй нийгэмд дутагдаж байгаа нөхцөлд л зөвшөөрнө.
 
-Төрийн өмчийн хувьчлал бүрэн дуусаагүй байна. Энэ асуудлыг хуулийн төсөлд хэрхэн хөндсөн бол?
 
-Ямар нэгэн өөрчлөлт гарахгүй. Хэрэгцээ шаардлага нь байх юм бол хувьчилна ч, худалдаж ч авна. Дэлхийн аль ч оронд төрийн өмч бий. 2008 онд АНУ-ын Засгийн газар олон банкийг худалдан авч, төрийн өмч болгосон. Дэлхийн хамгийн том даатгалын компанийн 70-80 хувийг АНУ-ын засгийн газар шууд эзэмшиж байна. Хэрэв тэр даатгалын компани дампуурах юм бол маш олон иргэн хохирох учраас Засгийн газарт тэр хувьцааг худалдаж авах шаардлага, нөхцөл бий болсон гэсэн үг. Төрийн өмчийг бий болох үедээ бий болгож, хувьчлах үед нь хувьчилж байх ёстой. Энэ бол нийгмийн харилцаа. Зарим хүн төр өмчгүй болох ёстой гэж ярьдаг. Тийм биш. Монгол Улс одоо энэ чиглэл рүү орох гэж байна.