Шинэ оны хувьчлалын эхлэл сайн тавигдлаа

Монголын хөрөнгийн биржийн түүхэнд ихээхэн чухал өдөр тохиолоо. Өнөөдөр “Монгол шуудан” ТӨХК хувьчлагдан, хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалга амжилттай явагдлаа. Арилжааг Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг албан ёсоор эхлүүлж цан цохисон юм. 

УИХ болон Засгийн газрын холбогдох тогтоолын дагуу “Монгол шуудан” ТӨХК-ийн нийт хувьцааны тоог 99,586,363 ширхэг байхаар тогтоож нийт хувьцааны 34 хувийг олон нийтэд нээлттэй санал болгон арилжиж, хувьчлалыг амжилттай явууллаа. 

Олон нийтэд нэгж бүр нь 185 төгрөгийн үнэтэй бөгөөд нийт 6.3 тэрбум төгрөгийн 33,859,363 ширхэг хувьцааг санал болгосон боловч үндсэндээ хоёр дахин их буюу 12.6 тэрбум төгрөгийн захиалга ирсэн байна. “Энэ нь олон нийт төрийн өмчийн компанийн хувьчлалд оролцож, хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулах сонирхол их байгааг болон тэгэх ч боломжтойг нотлон харуулсан үйл явдал боллоо” хэмээн Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэх М.Болор хэлсэн юм. 

Анхдагч арилжааны захиалгаас харахад хоёрдогч зах зээлийн арилжаанд тус компанийн хувьцаа нэлээд үнэ хүрч өсөх магадлалтай байна. Хөрөнгө оруулагчдаас 68,134,427 ширхэг хувьцааны захиалга бүртгэгдсэн нь эрэлт хэр өндөр буйг харуулж байна. Түүнчлэн товлосон хугацаанд амжиж захиалга өгч чадаагүй иргэд нэлээд бийг андеррайтерын үйлчилгээ үзүүлсэн “Гаүли” үнэт цаасны компанийн шинжээч Э.Мөнх-Эрдэнэ хэлж байлаа. Тэдгээр иргэдэд тус компанийн хувьцааг хоёрдогч зах зээлээс худалдан авахыг санал болгож байгаа гэлээ. 

Ийнхүү хувьцаа “Монгол шуудан” ХК-ийн IPO амжилттай хийгдсэнээр тус компанийн нийт хувьцааны таван хувийг жижиг хувьцаа эзэмшигч, 19 хувийг томоохон хувьцаа эзэмшигчид хуваан эзэмшиж байгаа аж. Одоогоор “Ард” Санхүүгийн нэгдэл хувьчлалд оролцож нийт 17,309,974 ширхэг хувьцаа буюу 17.38 хувийг авснаа мэдэгдээд байна. 

 “Монгол шуудан” ХК нь энэ онд хувьчлах найман компанийн анхных нь юм. Одоо эрчим хүчний тав, уул уурхайн хоёр компанийг хувьчлах аж. Дараагийн хувьчлал ирэх хавар болно гэдгийг Санхүүгийн зохицуулах хорооны дарга З.Нарантуяа дуулгасан. Энэ их ажлыг түүчээлж тус компанийн хувьчлал амжилттай болсон нь дараа дараагийн төрийн өмчийн хувьчлалууд ч мөн амжилттай болно гэсэн итгэл төрүүлж байгааг тэрээр хэлсэн. 

Эдгээр төрийн өмчит компаниудыг нэмэлт хувьцааг гаргах байдлаар тодорхой хэсгийг хувьчлах бөгөөд босгосон хөрөнгө улсын төсөв рүү орох бус тухайн компанийн үйл ажиллагааг тэлэх, сайжруулахад чиглэсэн хөрөнгө оруулалт болох ажээ. Үүнийг “Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн зохион байгуулах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын 70 дугаар тогтоол, “Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн зохион байгуулах төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн жагсаалт батлах тухай” 330 дугаар тогтоолоор баталгаажуулжээ.

 
 

Ц.Элбэгсайхан