Санхүүгийн салбарынхан чуулна

“Санхүүгийн зах зээлийн хөгжил” үндэсний форум энэ сарын 15-нд Төрийн ордонд болох гэж байна. Тус форумыг Санхүүгийн зохицуулах хорооноос “Санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд зохион байгуулж байгаа юм.

Чуулганы үеэр санхүүгийн бүх салбарыг хамарч, салбар хоорондын уялдаа холбоог хөгжүүлэх, шударга өрсөлдөөнийг дэмжих зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ. Энэ талаар Санхүүгийн зохицуулах хорооны Зах зээлийн хөгжлийн газрын дарга А.Батпүрэвээс тодруулахад  “Энэхүү форумын гол онцлог нь санхүүгийн салбарт  тулгамдаж буй суудлууд, мөн хөгжлийн боломжууд, цаашид хөгжүүлэх зорилго зорилтуудыг шийдвэрлэж сайтар ярилцаж, үүнийхээ үндсэн дээр бодлого боловсруулахад оршиж байгаа юм” хэмээн онцлов.

Чуулганы үеэр  Монгол Улсын урт хугацааны хөгжил ба Санхүүгийн зах зээлийн хөгжлийн стратеги, Хөрөнгө оруулалтын шинэ орчин-Санхүүгийн зах зээл, Санхүүгийн үйлчилгээний хүртээмж–Ядуурлыг бууруулах арга зам, Банк, даатгалын салбар– Хөрөнгийн зах зээл дэх бизнесийн шинэ модель, Компанийн засаглал, аудит, тайлагнал, Хууль ба Санхүүгийн зах зээлийн хөгжил гэсэн ерөнхий сэдвүүдийн хүрээнд нэгдсэн болон салбар хуралдаанууд болох аж. 

Санхүүгийн зохицуулах хорооноос Монголбанк, Сангийн яам хамтран “Санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”-ийг боловсруулсан ба санхүүгийн салбар хоорондын уялдаа холбоог нягт, цогцоор бэхжүүлэх онцлогтой гэнэ. Үүнд банкны салбар болон даатгалын, үнэт цаасны зах зээл, бичил санхүүгийн зах зээл гэх мэт салбарууд багтаж байгаа юм.
 
Чуулганы үед гадна, дотнын 500 гаруй төлөөлөгч оролцох бөгөөд Сангийн сайд Б.Болор, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл болон Төвбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал нар илтгэл тавих юм. Дашрамд дурьдахад, уг чуулганд зориулж http://frc.mn/forum/ вэб сайтыг шинээр хийсэн байна. Хуралд оролцохыг сонирхсон хүн уг сайт руу орж цахим бүртгэлд хамрагдах боломжтой аж.
 
 
 
Г.Хулан