Дэлхийн технологи дэргэд ирлээ

"Mongolia Mining" 2016 олон улсын уул уурхайн үзэсгэлэн энэ жил дөрөвдүгээр сарын 6-8-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болох гэж байна. Тус үзэсгэлэн нь зургаа дахь жилдээ болж байгаа бөгөөд оролцогч улс орнууд, уул уурхайн салбарын хувьд урьд урьдынхаас өргөн цар хүрээтэйгээр болох аж. 
 
Энэ удаагийн үзэсгэлэн уул уурхайн болон газрын тосны техник технологи гэсэн үндсэн хэсгээс бүрдэх аж. Үзэсгэлэнд дээрх салбаруудын дэлхийд тэргүүлэх технологийг гурван өдрийн турш дэлгэн харуулахаас гадна, эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого, холбогдох хуулиуд, Монгол Улсад хэрэгжих мега төслүүд сэдвээр хуралдаан болж, тоног төхөөрөмжийн үзүүлэх тоглолтууд зохион байгуулах юм байна.
 
Одоогийн байдлаар нийт үзэсгэлэнгийн талбайн 60 хувь борлуулагдсан, үзэсгэлэнгийн бэлтгэл ажил амжилттай явагдаж байгаа аж. Тус үзэсгэлэн нь салбарын техник технологийн хамгийн чухал арга хэмжээний хувьд Уул уурхайн яам, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Ашигт малтмалын газар дэмжин ажиллаж байгаа бөгөөд уламжлал ёсоор "Майнэкс Монгол" ХХК, "Эрдэнэс Монгол" ХХК, "Экспо Монгол" ХХК, Олон улсын үзэсгэлэнгийн товчоотой хамтран зохион байгуулах юм.