Өнгөө өөрчлөх хотын худалдан авалт

Өдрөөс өдөрт өнгө засч “шилэн” болж буй Улаанбаатар хот өнгөрсөн онд эдийн засгийн хувьд хямраагүй аж. Хотын захиргааныхан 2015 оны орлогын төлөвлөгөөг 12.5 хувиар давуулан биелүүлсэн нь үүнийг нотолж байгаа юм. Гэсэн ч тэд өнөөдөр хувийн хэвшлийнхэнд өртэй сууна. 

Нийслэлийн энэ оны худалдан авалт эхлэхээс өмнө энэ жил хийх худалдан авалтаа хувийн хэвшлийнхэнд зарлалаа. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Худалдааны танхимтай хамтран “Улаанбаатар худалдан авалт-2016” бизнес чуулганыг өчигдөр зохион байгуулсан юм. Тэд бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдад энэ онд хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөр, тендерүүдээ танилцуулж, эдгээрт хувийн хэвшлийнхэн хэрхэн оролцох талаар нар шингэтэл ярилцав. 
 
Төрд түгжигдсэн хотын данс
 
Чуулганы нээлтийн үеэр нийслэл түншлэгчдийнхээ эрх ашгийг үргэлж хамгаална гэдгийг  хотын дарга дуулгав. Учир нь хотын худалдан авалтад төр болон хувийн хэвшил эн тэнцүү эрхтэй байх ёстой. Гэвч өнөөдөр төр хувийн хэвшлийнхнээр ажил хийлгэснийхээ дараа хөрөнгийн асуудлаа шийдвэрлэхгүй уддаг та бий. Үүнээс шалтгаалан хувийн хэвшлийнхэн хохирол хүлээдэг байдал газар авчээ. 
 
Тухайлбал, хотод ажил хийж өгсөн аж ахуйн нэгжүүдийн он дамжин хийсэн, төлбөрийг нь хотоос авах ёстой 90 орчим тэрбум төгрөгийн ажил байгаа аж. Үүнээс хүлээлгэн өгсөн нь 27 тэрбум төгрөгийнх. Гэвч Нийслэлийн орлого болох 149 тэрбум төгрөг Төрийн нэгдсэн сан руу орчихсон тул улсын ажил хийсэн компаниуд өнөөдөр мөнгөө хүлээн сууна. Уг нь Нийслэлд дээрх төлбөрийг төлөх бололцоо бий нь дээрх орлогоос харагдаж байгаа юм. Тэд Сангийн яамнаас хотын орлогыг авахыг шаардаж буйг Э.Бат-Үүл чуулганы индэр дээрээс хэлсэн. Мөн тэрбээр өнгөрсөн онд бүтээн байгуулалтын хийсэн компаниудын 90 орчим тэрбум төгрөгийн өрийг бүрэн барагдуулна гэдгээ амласан. 
 
Нийслэлийн хувьд ийм байдал огт гаргаж болохгүйг үүрэг болгосон тул бизнесийнхэн айх хэрэггүйг хотын дарга хэлсэн. Хотын худалдан авалт хийх гэрээг хотын Худалдааны танхимын дэргэдэх Арбитрт бүртгэж байгаа бөгөөд хэрэв гомдол гарвал аж ахуйн нэгжүүд тус арбитрт хандах боломжтой болжээ. Түүнчлэн тэд олон улсын арбитрт ч гомдол гаргаж, асуудлаа шийдүүлэх эрх бий. Харин нийслэлийн худалдан авалттай холбоотой хүнд суртал, санхүүжилтийн шилжүүлэлтээс шалтгаалан аж ахуйн нэгжүүд алдагдал хүлээвэл тэр хариуцлагыг хот хүлээх аж. 
 
Хөгжилд хөтлөх "ногоон" санаачилга 
 
Хотын хөгжил, эдийн засгийн идэвхжилтэд хувийн хэвшлийн санаачилга, хөрөнгө оруулалт чухал. Тэр дундаа, "ногоон" болохыг зорьж, хөгжлийг эрэлхийлж яваа Улаанбаатар хотод хувийн хэвшлийнхний "ногоон" санаачилга бүхий төсөл чухал байгаа аж. Үүнийг тэд дэмжинэ гэдгээ чуулганы үеэр дуулгасан. Тодруулбал, хувийн хэвшлийнхний санал болгож буй төсөлд орчин үеийн, дэвшилтэт байхаас гадна байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний бага зарцуулалттай "ногоон" технологи байх зарчмыг тавьж байгаа аж. 
 
Нийслэл энэ онд 427 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. Үүнээс хотын төсвөөр 203.5 тэрбум, Хөгжлийн банкнаас нийслэлд хэрэгжүүлэх төслүүдэд 120 тэрбум төгрөг, орон нутаг болон болон улсын төсвөөр 103.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх аж. Эдгээр бүтээн байгуулалтын ажлаа хувийн хэвшилтэй хамтран хийж, бизнес эрхлэгчдээ дэмжиж ажиллахаа Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа онцолсон. Мөн дээрх хөрөнгө оруулалтыг нийгэм, зам, дэд бүтэц, байгаль орчин гэх салбарт чиглүүлэх юм байна. 
 
Нийслэлийн зүгээс санал болгож буй бүтээн байгуулалтын ажлууд: 
  • Хот байгуулалтын салбар-59.3 тэрбум төгрөг 
  • Авто  замын салбар-55.1 тэрбум төгрөг 
  • Нийгмийн салбар-31.5 тэрбум төгрөг. Үүнээс боловсролын салбарт 53 цэцэрлэг, 26 сургууль, 42 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилга барьж, 10 цэцэрлэг, 12 сургуулийн их засварын ажлыг 24.8 тэрбум төгрөгөөр хийнэ. Харин эрүүл мэндийн салбарт 2.1 тэрбум төгрөгөөр Баянзүр, Баянгол дүүрэгт 100 ортой эрүүл мэндийн төв, Чингэлтэй, Баянгол дүүрэгт 200 ортой хүүхдийн эмнэлэг, Чингэлтэй дүүрэгт Түргэн тусламжийн төвийн салбар пункт, Баянзүрх дүүрэгт 100 ортой амаржих газар барьж, түргэн туламжийн 10 автомашин худалдаж авахаар төлөвлөжээ. 
  • Инженерийн дэд бүтэц-12.9 тэрбум 
  • Нийтийн тээврийн салбар-11.3 тэрбум
  • Хот  тохижилтын салбарт-7.5 тэрбум 
  • Төр захиргааны салбар-6.1 тэрбум 
  • Бусад 19.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх нь. 
Ер нь цаашид хотын захиргааныхан төсвөөс мөнгө гаргаж, байшин барилга барих бус хувийн хэвшлээ дэмжиж ажиллахыг зорьж байгаа аж. Тодруулбал, хувийн хэвшлийнхэн өөрсдийн хөрөнгө оруулалтаар хотын дэд төвүүдийг барьчихвал тухайн барилга, байгууламжийг Нийслэл зуун жилээр түрээслэх боломжтойг хотын захирагч хэлсэн. Товчхондоо энэ онд хотын худалдан авалт илүү тунгалаг болж, "ногоон"  санаачилгаар өнгө сэлбэх нь. 
 
Мөн хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэг, ногоон байгууламж барих зэргийг Нийслэл бүхий л талаар дэмжих аж. Өөрөөр хэлбэл, тухайн барьсан сургуулийг хэн нэгэн хувь хүний нэрэмжит болгох, газар олголтыг шийдэх зэргээр хамтран ажиллах боломжтой гэж үзжээ. 
 
Улаанбаатар хотын худалдааны танхим байгуулагдснаас хойш аж ахуйн нэгжүүд нийслэлтэй хамтран ажиллахад харьцангуй хялбар, хүнд суртал багатай болсныг бизнес эрхлэгчид дуулгасан. Гэхдээ дунд шатанд гардаг хүндрэл их хэвээр байгааг тэд дахин сануулав. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат “Нийслэлийн зүгээс дунд шатанд гардаг хүндрэлийг арилгах талаар бүхий л хүчээ дайчлан ажиллаж байна. Тухайлбал, өнгөрсөн хугацаанд газар олгоход гардаг байсан хүндрэлүүдийг бүрэн шийдэж, цахим газар олголтыг эхлүүлсэн. Мөн “Дүнжингарав” худалдааны төвд “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийг байгуулсан. Тус төвийн нээлтийн өдөр л гэхэд нэг иргэн найман нэрийн барааны дэлгүүрийн зөвшөөрөл авч, 1000 төгрөгийн үйлчилгээний хураамж төлөөд л асуудлаа бүрэн шийдүүлсэн. Үйлчилгээ авсан иргэд “Үнэхээр ингээд л болчихож байгаа юм уу” гээд итгэж ядах байдалтай байсан. Цаашид ийм үйлчилгээг нэвтрүүлэх нь Нийслэлийн зорилт болно” гэв. 
 
Чуулганд өнгөрсөн жил 800 орчим хүн оролцож байсан бол энэ удаад даруй 200 гаруй хүнээр өргөжсөнийг энд тэмдэглэе. 
 

Г.Орхон