Хэвлэл мэдээллийн зөвлөлийн ёс зүйн хороод хуралдлаа

Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөлийн дэргэдэх Сонин, сэтгүүл, сайтын болон Радио телевизийн ёс зүйн хороод өнгөрсөн сарын 23-нд хуралджээ. Тэд зөвлөлийн нэг жилийн ойн босгон дээр ийнхүү хуралдаж иргэдээс ирүүлсэн гомдлыг хэлэлцэн холбогдох шийдвэрийг гаргасан байна. 
 
Хэвлэл мэдээллийн зөвлөлд “Улаанбаатар Буян” ХХК-аас “Мongolcomments.mn” сайтын 2015 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр нийтэлсэн “Улаанбаатар Буян компани бурхан болоочидтой зүй бусаар харьцаж байна” мэдээнд тус компанийн үйл ажиллагааны талаар илт буруу, ташаа мэдээлэл нийтлэгдсэн гэх үндэслэлээр гомдол ирүүлжээ.  
 
Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс тайлбар өгөх хүсэлт гаргасан ч редакцийн зүгээс татгалзсан байна. Энэ гомдлыг Ёс зүйн хороо журмынхаа дагуу шинжлэн хэлэлцээд “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ын тав дахь заалт “Мэдээллийг мушгин гуйвуулах, бусдыг гүтгэх, доромжлох, мэргэжлийн давуу байдлаа урвуулан мэдээллийг хувийн зорилгод ашиглахгүй. Мөн мэдээлэх, эс мэдээлэхийн тулд аливаа хэлбэрийн авлига авахаас татгалзана“ гэснийг зөрчсөн гэж үзсэн юм. Улмаар“Гомдол барагдуулах журам”-ын 6.2.4 дэх заалтын дагуу “Мongolcomments.mn” сайтын нэрийг дурьдаж зөрчлийг мэдээлэх, зөвлөмж хүргүүлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.
 
Мөн “ЛГБТ” ТББ-аас нэгэн мэдээллийн сайтад өнгөрсөн оны наймдугаар сарын 27-нд нийтэлсэн “Бэлгийн цөөнхийн төлөөлөл мэдээлэл хийлээ” хэмээх мэдээнд “ЛГТБ хүмүүсийг гутаан доромжилсон үг хэллэг болох “гомо”, лесби” хэмээн үгээр нэрлэсэн талаар гомдол гаргажээ. Тодруулбал, тэд дээрх үг хэллэг нь эдгээр хүний талаархи нийгэмд мэдээлэлгүй үеэс уламжлагдан ирсэн ба одоог хүртэл оршсоор буй сөрөг, хэвшмэл ойлголтуудыг шууд утгаар улам батжуулж, дэврээж, өөгшүүлж байгаа явдал болсон гэдэг нь ялангуяа уг мэдээний дор бичсэн хүмүүсийн сэтгэгдлээс харагдаж байна” гэсэн байна. 
 
Харин тухайн сайтын редакци хэвлэлийн бага хурлын үеэр эх сурвалжийн мэдээлсэн зүйлийн утгыг гуйвуулаагүй, ёс зүйн зарчмыг зөрчөөгүй гэж үзжээ. Түүнчлэн уншигчийн сэтгэгдэлд зөвхөн Монгол Улсын хууль тогтоомж ноцтой зөрчсөн гэж үзсэн тохиолдолд редакцийн зөвлөлийн хурлын шийдвэрээр эсхүл хувь хүмүүсийг гутаан доромжилсон шинжтэй байвал сэтгэгдэлд дурдагдсан хүмүүсийн хүсэлтээр уг сэтгэгдлийг арилгадаг тул тэдгээр сэтгэгдлийн талаар манай редакцитай хамтран ажиллахад нээлттэй гэсэн тайлбарыг ирүүлсэн байна. 
 
Сонин, сэтгүүл, сайтын ёс зүйн уг гомдлыг авч, хэлэлцээд “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ын 1.1 дэх заалтын “Мэдээлэл нь үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулж, санамсаргүй алдаа гаргахаас зайлсхийнэ“ гэснийг зөрчсөн гэж үзэж, тухайн сайтын нэрийг дурьдахгүйгээр зөрчлийг мэдээлэх, зөвлөмж хүргүүлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ. 
 
Дээрхи гомдлоос гадна нэр бүхий долоон хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэгэн зэрэг нийтлэгдсэн ижил утга агуулга бүхий нэгэн мэдээлэл нь эх сурвалжаа нягталж, шалгаагүй, мушгин гуйвуулсан, нэр хүндэд нь санаатайгаар халдсан, доромжилсон, гүтгэсэн шинж чанартай байна гэж үзсэн Дорноговь аймгийн иргэн Г.Г гомдол ирүүлснийг Ёс зүйн хороо энэ асуудлаар тодруулга тайлбар авсны дараа дахин хэлэлцэхээр шийдвэрлэв.
 
Радио телевизийн ёс зүйн хорооны хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ
 
Харин Радио телевизийн ёс зүйн хорооны хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Нэгэн телевизийн өнгөрсөн арванхоёдугаар сарын 04-ны өдрийн 21.00 цагийн мэдээний хөтөлбөрөөр “Хотын төвд байршуулсан сурталчилгааны самбарын тухай” мэдээлсэн нь олон нийтэд ташаа ойлголт төрүүлэхүйц ёс зүйн зөрчилтэй хэлбэрээр цацагдсан гэж нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Гудамж” төслийн ажилтан Ч.Д болон Д.Э нараас Хэвлэл Мэдээллийн Зөвлөлд гомдол ирүүлсэн байна.
 
Радио телевизийн ёс зүйн хороо уг гомдлыг шинжлэн хэлэлцээд дээрхи мэдээ “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ын 1.2 дох заалтын “Эх сурвалжийн баталгаатай эсэхийг нягталж, тодорхой дурьдахыг эрмэлзэнэ“, 1.3 дахь заалтын “Бүтээлийн гарчиг, зураг, дүрс, дуу, график, ишлэл зэрэг нь агуулгыг буруугаар ойлгуулах, хэт хялбарчлах, мэдээллийг нөхцөл байдлаас салгаж мушгин гуйвуулах ёсгүйг үргэлж санаж, ийм зөрчил гаргахгүйн төлөө ажиллана” гэснийг тус тус зөрчсөн гэж үзэв. Улмаар тухайн телевизийн нэрийг дурьдахгүйгээр зөрчлийг олон нийтэд мэдээлэх, редакцид нь зөвлөмж хүргүүлэх  арга хэмжээ авахаар боллоо.
 
Мөн нэгэн телевизийн 2015 оны арванхоёрдугаар сарын 09-ны өдрийн мэдээллийн хөтөлбөрөөр нэвтрүүлсэн мэдээлэл нь ташаа хэмээн үзэж, Дорноговь аймгийн иргэн Г.Г гомдол ирүүлснийг шинжлэн хэлэлцээд 1.1 дэх заалтын “Мэдээлэл нь үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулж, санамсаргүй алдаа гаргахаас зайлсхийнэ“, 1.6 дахь заалтын “Баталгаагүй мэдээлэл, таамаглал, ам дамжсан яриаг таамаг хэмээн тодорхой дурьдана” гэсэн ёс зүйн зарчмыг тус тус зөрчсөн гэж үзлээ. Ёс зүйн хороо уг телевизийн нэрийг дурьдахгүйгээр зөрчлийг олон нийтэд мэдээлэх, редакцид нь зөвлөмж хүргүүлэх  арга хэмжээ авахаар шийдвэрлэв. 
 
Дээрхи хоёр телевизийн редакцийн зүгээс алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч, улмаар гомдол гаргагчдаас уучлалт гуйж байгаа тухай тайлбартаа ирүүлсэн байсан нь сайн жишиг гэдгийг ёс зүйн хороо сайшаан тэмдэглэж, шийдвэр гаргахдаа харгалзан үзжээ.