Нүүрсийг хуурай аргаар баяжуулах үйлдвэр барина

Нүүрсийг хуурай аргаар баяжуулах технологи бүхий туршилтын үйлдвэрийг манай оронд барих санамж бичгийг Уул уурхайн яам болон Японы эдийн засаг, үйлдвэр харилцааны яам хамтран байгууллаа. Энэхүү туршилтын үйлдвэрийн технологи нь жилд 300 мянган тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай бөгөөд 10-35 мм ширхэглэлтэй нүүрсийг “Fluidized bed separator” /FBS/ төхөөрөмжөөр, 0.5-10 мм ширхэглэлтэй нүүрсийг “Air table” /AT/ төхөөрөмжөөр баяжуулах юм. 
 
Энэ  үеэр Уул уурхайн сайд Р.Жигжид хэлэхдээ “Хуурай аргаар баяжуулах хүчин чадал бүхий туршилтын үйлдвэрийн технологи нь манай орны нүүрсний салбарын цаашдын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Ялангуяа усны нөөц хомс говийн бүсэд олон улсын жишигт нийцсэн, байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн хувьд чухал ач холбогдолтой нүүрс баяжуулах шинэ технологийг эзэмших боломжтой болох юм” гэлээ. Туршилтын үйлдвэрийн төслийг хэрэгжүүлэх нийт зардал 11 сая ам.доллар байх урьдчилсан тооцоо гарсан бөгөөд 2018 оны эхний улиралд ашиглалтад оруулах юм. 
 
Дашрамд дурьдахад уг төслийг хэрэгжүүлэх хүрээнд 2013 онд “Эрдэнэс таван толгой” ХК болон Японы “Нагата Инженеринг” ХХК нар харилцан санамж бичиг байгуулсан. Ийнхүү санамж бичгийн дагуу талууд судалгаа, шинжилгээ, туршилтын ажлууд хийсэн бөгөөд тэдгээрийн үр дүнд үндэслэн туршилтын үйлдвэр байгуулах боломжтой гэж дүгнэсэн аж.   
 
Г.Хулан