Р.Жигжид: Уул уурхайн салбар экспортын орлогын 78.8 хувийг дангаараа бүрдүүлэв

Уул уурхайн яамнаас жил бүр зохион байгуулдаг “Эрдэс баялаг-2025” хэлэлцүүлэг өнөөдөр болж салбарын бодлого, хууль эрх зүй шинэчлэл, холбогдох хуульд орсон нэмэлт, өөрчлөлт, тусгай зөвшөөрөл эзэмшигчид, орон нутгийн хамтын ажиллагаа, тулгамдсан бусад асуудлаар санал солилцов. 

Гуравдахь удаагийн тус хэлэлцүүлгийг Засгийн газар, орон нутаг, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн ажлын уялдааг сайжруулах зорилгоор "Орон нутгийн цогц хөгжил-түншлэл" сэдвийн хүрээнд боллоо. 

Олон улсын зах зээлд эрдэс түүхий эдийн үнэ уналттай байсан хэдий ч 2015 онд 250 гаруй уурхай, уулын үйлдвэр идэвхитэй үйл ажиллагаа явуулжээ. Улмаар дотоодын нийт бүтээгдэхүүний 16.1 хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 67.2 хувь, экспортын орлогын 78.8 хувийг уул уурхайн салбар дангаараа бүрдүүлсэн байна.

Мөн Оюутолгойн ордын далд уурхайн санхүүжилт, Эрдэнэт үйлдвэрийн өргөтгөл зэрэг эдийн засагт томоохон байр суурь эзлэх төслүүдийг амжилттай хэрэгжүүлснээр улс орны хөгжилд томоохон ахиц, дэвшил авчирсныг Уул уурхайн сайд Р.Жигжид хурлын нээлтийн үгэндээ онцолсон. 
 
Гэвч салбарын хэмжээнд тулгамдсан зарим асуудал байсаар байгаа юм. Тухайлбал, зам, тээвэр, эрчим хүч, усан хангамж зэрэг дэд бүтцийг бүрдүүлэх замаар өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинг ахиулах, мэргэжилтэй боловсон хүчин, хүний нөөцийн хангамжийг сайжруулах. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох эрх зүйн орчныг боловсронгуй болгох, төрөөс тогтоосон талбайд ашигт малтмал эрэх, хайх үйл ажиллагааг эрчимжүүлэх зэрэг асуудлыг нэн даруй шийдвэрлэх шаардлагатайг Р.Жигжид дуулгав. 
 
Хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэнэ.