Уул уурхайн компаниуд орон нутагт үр өгөөжөө өгнө

 “Эрдэс баялаг 2025” хэлэлцүүлгийн хүрээнд Уул уурхайн яам болон Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг зэрэг нэр бүхий байгууллагууд хамтран “Орон нутгийн цогц хөгжил- түншлэл” сэдэвт уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа. Энэхүү хэлэлцүүлгээр өнгөрөгч оны уул уурхайн салбарын бодлого, хууль эрх зүйн өөрчлөлтийн талаар танилцуулж, салбарын өнөөгийн байдал, орон нутгийн хамтын ажиллагаанд тулгамдаж буй асуудлын талаар ярилцсан юм. 

Орон нутгийн цогц хөгжил- түншлэл” төслийн хүрээнд тусгай зөвшөөрөлтэй компаниуд орон нутагтайгаа хэрхэн хамтран ажиллах талаар Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Увс аймгуудын төр, төрийн бус байгууллага, жижиг, дунд үйлдвэрийн төлөөлөл ирж санал солилцлоо. 
 
Хурлын үеэр Сэлэнгэ аймгийн иргэний нийгмийн байгууллагуудын холбооны дарга Ж.Саранцэцэг хэлэхдээ “Манай аймгийн хувьд жижиг дунд бизнес эрхлэгчид болон иргэний нийгмийн байгууллагууд нэгдсэн зохион байгуулалтад ороогүй байсан. Энэ төсөл хэрэгжсэнээр бид зохион байгуулалтад орж, уул уурхайтайгаа олон нийт нь хэрхэн дэмжиж, хамтарч ажиллаж болох талаар ярилцлаа. Мөн орон нутгийн хөгжлийн сан маань уул уурхайгаас олсон ашгаараа сум орон нутгаа хэрхэн хөгжүүлж, иргэдийн оролцоотойгоор шийдэх талаар голчлон хэлэлцсэнд баяртай байна” гэлээ. 
 
Манай орны хувьд эдийн засгийн гол тулгуур нь уул уурхайн салбар байдаг. Гэтэл аймгуудад уул уурхайн үйл ажиллагаа явуулахыг орон нутгийн иргэд төдийлөн дэмждэггүй, эсэргүүцэх хандлагатай гэнэ. Учир нь уул уурхайн компаниуд тухайн нутагт олборлолт явуулж, үйл ажиллагаа эрхэлдэг атал эргээд бодитойгоор орон нутагт хүрдэггүй аж. Тиймээс эрх зүйн хүрээнд зохицуулалт хийж, уул уурхайн салбараас орон нутагт ирэх ашгийг нэмэгдүүлэх орчныг бий болгосон талаар энэ үеэр дурдлаа. Тухайлбал, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох хуулийн гол зохицуулалт нь уул уурхайн салбараас улсын төсөвт шилжүүлдэг мөнгөний 20 хувийг тухайн аймагт, 10 хувийг суманд үлдээдэг байхаар зохицуулжээ. Ингэснээр Засгийн газар, орон нутаг, тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагуудтай хамтран зөвшилцсөний хүрээнд уул уурхайн салбарыг хөгжүүлж, харилцан ашигтай хувь хүртэх нөхцөл бүрдэх аж.